А.НЯМДАВАА: Өөрийгөө дайчлах нь хамгийн зөв арга

Азербайжан улсын Баку хотноо энэ сарын 4-11-нд олон улсын мэдээлэл зүйн 31 дүгээр олимпиад боллоо. Тус олимпиадад манай улсаас дөрвөн хүүхэд оролцсоноос “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Нямдаваа мөнгөн медаль хүртэж, улсдаа анхдагч болов. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Мэдээлэл зүйгээр хичээллэхэд математик суурьтай байх хэрэгтэй юү?

-Тийм. Математик суурьтай бол их дэм болдог. Мэдээлэл зүйгээр багаасаа хичээллээгүй байсан ч математикт сайн бол хурдан сурна. Ахихдаа ч амархан.

-Хэзээнээс мэдээлэл зүйгээр дагнан хичээллэсэн юм бэ. Математикийн хичээлдээ сайн уу?

-Есдүгээр ангид байхдаа сургуульд мэдээлэл зүйн олимпиадын бэлтгэл эхэлсэн гэж сонсоод, сонирхож, сууж үзсэн юм. Олимпиадын бодлогууд хичээлээс өөр байдаг учраас огт суурьгүй бол хэцүү байсан. Би эртнээс энэ чиглэлийн мэргэжил эзэмшинэ гэж бодсон учраас бага ч гэсэн сонирхож, бодлогуудыг нь бодох гэж оролддог байсан нь нэмэр болсон. Гэхдээ тухайн бодлогыг хэрхэн бодохоо мэддэггүй байсан юм билээ. Зааж, зөвлөөд эхлэхээр бодож сурч, бүр дуртай болсон. Математикийн олимпиадад нэгдүгээр ангиасаа бэлдэж, оролцсон. Олон улсын математикийн бага дунд ангийн олимпиад бас болдог. Тэндээс бага ангиллаас нь хоёр алтан медаль авсан. Дунд ангиллаас нь хоёр мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ жил олон улсын математикийн олимпиадад оролцох гэсэн ч шалгараагүй. Зургаан хүүхэд оролцох байсан. Би долоод нь орчихсон. Ирэх жил заавал оролцоно гэж бодож байгаа. Мэдээлэл зүйгээрээ ч мөн оролцож, алтан медаль авмаар байна. Гэхдээ тэр зургаан хүүхдийн нэгээр нь шалгарчихсан байсан бол ийм амжилт гаргах, эсэх нь эргэлзээтэй.

-Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад хэчнээн улсын хүүхэд оролцов?

-88 улсын 320 гаруй хүүхэд өрсөлдсөн. Манайхаас дөрвөн сурагч, хоёр багш оролцсон юм. Бусад олимпиадын адил дүүрэг, хотын аварга шалгаруулна. Үүний дараа улсын олимпиадын эхний 10 байрт шалгарсан хүүхдүүдийг бэлдэж, тэднээс дөрөв нь олон улсын олимпиадад оролцох эрхтэй болдог. Би хоёр дахь жилдээ олимпиадад оролцлоо. Өнгөрсөн жил Япон Улс зохион байгуулсан. Анх удаа оролцсон учир сандарч, сүрдсэнээс тэр үү, цагаа буруу хуваарилаад, маш муу байсан гэж боддог. Учир нь гурван бодлогыг таван цагт бодох ёстой байдаг. Хоёр өдөрт зургаан бодлогыг арван цаг бодно гэсэн үг. Бодлогыг буруу ч хамаагүй бодсон ч оноо авдаг юм билээ. Гэтэл би амархан бодлогоо орхиод, хэцүүгээ хийх гэж суусаар байгаад цагаа дуусгачихсан. Харин энэ жил өмнөх алдаагаа давтахгүй гэсэндээ чадахаасаа эхэлсэн. Хамт явсан гурван хүүхэд мөн л дээрх шиг алдаа гаргачих шиг боллоо. Өнгөрсөн жилийнхэд явахдаа би есдүгээр ангиа төгссөн байсан. Энэ нь оролцогчдоос насаар багад тооцогдоно. Тиймээс томчуудаасаа сүрдсэн ч байж магадгүй юм.

-Энэ чиглэлээр хүүхдүүдээ бэлдэж, олимпиадад сойдог сургууль ховор байх, тийм үү?

-Энэ жилийн олон улсын олимпиадад надтай хамт гурван хүүхэд явсан. Хоёр нь “Эрхэт-Эрдэм”, нэг нь нийслэлийн XI сургуулийнх. Мөн нийслэлийн I сургуулийн хэд хэдэн сайн хүүхдийг мэднэ. Өнгөрсөн жил олон улсын олимпиадаас “Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн хүүхэд хүрэл медаль хүртсэн. Тэр ах одоо АНУ-д суралцдаг юм билээ. Программ хангамжийн чиглэлээр сурдаг юм шиг байсан.

-Азербайжан улс таалагдсан уу?

-Бид тус улсын нийслэл Баку хотод бараг 10 хоносон. Олимпиад хоёр өдөр л үргэлжилсэн. Бусад өдөр нь аялуулдаг юм билээ. Барилгуудынх нь архитектурын шийдэл их таалагдсан. Нугаларсан, эсвэл барьж байгаад эргүүлчихсэн ч юм шиг байшин олон юм билээ. Мөн байгалийн нэг сонин тогтцыг үзлээ. Байнга гал гарч байдаг газар. Бороо орсон ч унтардаггүй гэж бидэнд тайлбарласан. Өнгөрсөн жил Японы Цүкүба гэж хотод зохион байгуулсан юм. Тэр нь хуучны барилга ихтэй учраас гоё санагдаагүй. Тиймээс бид нэг өдрийн хөтөлбөрийг таслаад, Токио руу явчихсан. Гоё байсан.

-Энэ чиглэлээр хамгийн сайн нь аль улс вэ?

-Мэдээлэл зүйг сонирхдог хүмүүст зориулсан сайтууд байдаг. Тэнд хүмүүс дуртай бодлогоо бодож, бие биетэйгээ харилцаж, тэмцээн хүртэл зохиодог. Тэндээ оноо цуглуулаад, өөрийнхөө хэмжээг мэдэж болдог. Хамгийн сайн, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сайт нь Оросынх. Тэнд хүмүүс хоёр шатлалд хуваагддаг. Гишүүнээр элссэн хүмүүс өөр, өөрсдийнхөө шатлалд бодлого зохиож, тэмцээн зохион байгуулдаг. Жишээлбэл, би нэгдүгээр шатлал руу орчихсон. Тэгэхээр тухайн шатлалынхаа хүмүүстэй нийлж, бодлого зохионо. Бодлого нь хүлээн зөвшөөрөгдвөл тэмцээн зохиох эрхтэй болно гэсэн үг. Би II шатлалын тэмцээнд орвол оноо нэмэгдэхгүй. Учир нь арай амархан бодлоготой. Энэ сайтад оноогоороо нэгдүгээрт жагсдаг нэг ах бий. Одоо 24, 25 настай байх. Украин хүн. Тэр ах анх зургадугаар ангиасаа олон улсын тэмцээнд орж эхэлсэн. Анх орсон жилдээ мөнгөн медаль аваад, 12 дугаар анги төгстөлөө алтан медалиа алдаагүй гэсэн. Одоо оюутны тэмцээнд ордог, бас л байнга медаль авдаг юм билээ.

-Компьютерын ард олон цагаар суух болдог байх. Аав, ээж нь дургүйцдэг үү?

-Ер нь зав гарах бүртээ л компьютерын ард суучихдаг. Аав, ээж намайг хориглодоггүй. Хорьдог байсан бол медаль авах нь бүү хэл улсаасаа ч шалгарч чадахгүй байсан биз. Бусад хүүхдийн аав, ээж нь тоглолоо гэж загнадаг гэсэн.

-Чи тоглодоггүй юу?

-Хааяа л тоглодог. Миний компьютер гацаад байдаг юм. Тэгсэн ч нэг их хэрэгтэй зүйл биш л дээ. Заримдаа тоо бодоод, учрыг нь олохгүй, залхсан үедээ тоглоно. Бодох тусам учрыг нь олохгүй байх тохиолдог гардаг. Тэр үед нь орхичихоод тоглоом тоглох ч юм уу, өөр зүйл хийгээд суухад чадахгүй байсан бодлогынхоо учрыг олчихдог. Гэнэт л толгойд ороод ирнэ. Багш арга, аргачлалыг зааж өгөх нь амар. Гэсэн ч өөрийгөө дайчлах нь хамгийн зөв арга юм билээ.

-Хэр шартай вэ?

-Би өөрийгөө шартай гэж боддоггүй байсан. Гэтэл энэ жилийн олимпиадад оролцсон есдүгээр ангийн хүүхэд хүрэл медаль хүртчихсэн. Тэгэхээр өнгөрсөн жил миний гаргаснаас илүү амжилт гаргачихлаа гэсэн үг. Удахгүй намайг гүйцэх юм байна даа гэж бодогдож, сандардаг юм билээ. Тэгэхээр 12 дугаар ангийнхан ч бас намайг хараад тэгж бодсон байх. 12 дугаар ангийнхан төгсчихсөн учраас өөр хүчтэй өрсөлдөгч байхгүй гэж боддог байв. Гэсэн ч доод ангийнхан цойлоод гараад ирж магадгүй учраас биеэ улам дайчлах хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)