А.НИНЖЧИМБЭ: Автомашины ухаалаг зогсоол түгжрэл бууруулахад тустай

Нийслэлчүүдийн цагийг барж, бухимдуулдаг нэг зүйл нь автомашины зогсоолын хүрэлцээгүй байдал. Хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотод автомашины ухаалаг зогсоол хамгийн оновчтой шийдэл болж буй. Манай улсад анх удаа “Сворд отис” ХХК-ийнхан олон ухаалаг зогсоол барьж ашиглалтад оруулсан билээ. Улаанбаатарыг “ухаалаг” болгоход хувь нэмрээ оруулж буй залуу удирдагч, “Сворд отис” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Нинжчимбэтэй ярилцлаа.

-Танай компани автомашины ухаалаг зогсоол барихаас гадна цахилгаан шат оруулж ирэн, угсарч суурилуулах ажил хийдэг. Ингэхдээ БНХАУ-д тэргүүлэх “Хизи” групптэй хамтран ажилладаг гэсэн. Тус компанитай анх хэрхэн холбогдож байв?

-Миний нагац ах 2003 оноос гадаадаас цахилгаан шат оруулж ирдэг байлаа. Би тэр үед ахынхаа гэрт амьдарч, ажилд нь тусалдаг байсан учир цахилгаан шат хэрхэн угсрах, засахыг сурсан юм.

Улаанбаатар хот цахилгаан эрчим хүчний доголдолтой. Өөрөөр хэлбэл, цахилгаан гэнэт тасрах тохиолдол их гардаг шүү дээ. Энэ үед цахилгаан шатны плат шатчихдаг. Үүний өртөг нь 2500 ам.доллар. Засаж сайжруулахад өртөг ихтэй учраас манай улсын нөхцөлд тохирох цахилгаан шат үйлдвэрлэдэг газрыг судалж үзсэн юм. Ингээд БНХАУ-ын Ханжоу хотод үйл ажиллагаа явуулдаг “Хизи” групптэй холбогдсон. Эл групп нь онгоцны хөдөлгүүр, метро, цахилгаан шатны гурван том үйлдвэртэй. Тус группийн “Сворд” үйлдвэр нь АНУ-ын “Oтис” фирмийн стандартын дагуу баригдсан, бүх төрлийн өргөх механизм буюу цахилгаан шат, ухаалаг зогсоолыг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг. “Сворд” брэндийн цахилгаан шат нь цахилгаан шүүгчтэй учраас плат нь шатахгүй. Тиймээс бид 2013 онд “Хизи” группийн албан ёсны дистрибьюторын эрх авч, олон төсөл амжилттай хэрэгжүүлж байна.

-Хамтран ажиллахдаа тухайн компаниас ямар шаардлага тавьсан бэ?

-Цахилгаан шат суурилуулж байсан туршлагатай байхаас гадна инженер техникийн ажилтнаа сургалтад суулгах шаардлага тавьсан. Манай улс цахилгаан шатны угсралт, техникийн ажиллагааны талаар сургалт явуулдаггүй, гэрчилгээ олгодоггүй, мэргэжилтнүүд гэж бараг байгаагүй. Тиймээс багагүй өртгөөр БНХАУ-д дөрвөн инженерээ сургаж, гэрчилгээтэй болгосон. Тус улсад цахилгаан шатны 500 гаруй үйлдвэр бий. Бид 2013 оноос хойш Монголдоо 400 цахилгаан шат борлуулан, суурилуулж, аюулгүй байдлыг нь ханган, засвар үйлчилгээг нь хариуцаж байна. Өвчтөндөө санаа тавьж буй эмчтэй л адил, оруулж ирсэн цахилгаан шатныхаа аюулгүй байдалд анхаарч, “анагаадаг” юм. Хүний амь, эрүүл мэндтэй холбоотой учраас байнга арчилж, торддог.

-Суурилуулсан цахилгаан шатандаа хэдэн жилийн баталгаа өгдөг бол?

-Үйлдвэрийн баталгаа гурван жил. Гаднын нөлөөгүй гарсан эвдрэл гэмтлийг энэ хугацаанд хариуцна гэсэн үг. Харин бид цахилгааны шатныхаа засвар үйлчилгээг жил гаруй хугацаанд үнэ төлбөргүй хийдэг. Цахилгаан шатаа угсарсны дараа тухайн барилгын компанид хүлээлгэж өгнө. Үүнийг СӨХ нь хариуцдаг юм билээ. Гэтэл СӨХ-ныхон үнэ хямдыг нь бодоод цахилгаан шатныхаа засвар үйлчилгээг манайхаас өөр газарт даатгачихдаг. Мэргэжлийн бус хүмүүст хариуцуулсны улмаас цахилгаан шатны хэвийн ажиллагаа амархан муудах нь бий. Ингээд л буцаад бидэнд ханддаг.

-Танай компани таван жилийн өмнө 40 орноос борлуулалтаараа тэргүүлж байсан юм билээ. Энэ тухай сонирхуулаач.

-“Хизи” групп урсдаг болон цахилгаан шат жилд 50 мянгыг дэлхий даяар зардаг юм билээ. Манай Монгол дахь компани 2015 онд 100 цахилгаан шат зарсан. Энэ нь хүн амынхаа тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт гэж үнэлэн, биднийг шилдэг маркетингтай хамт олноор шалгаруулсан. 2018, 2019 онд шилдэг гадаад хамтрагч боллоо. Он гарснаас хойш бид 40 орчим цахилгаан шат борлуулсан байна. Бизнесээ анх эхлүүлж байснаа бодвол одоо туршлагажиж, Монголдоо томоохонд тооцогдох компаниудтай түншилсэн учраас эдийн засаг хэцүү энэ үед ч үйл ажиллагаага хэвийн явуулж байгаа.

-Танайхаас өөр цахилгаан шат авчран борлуулдаг хэдэн компани байдаг бол. Бусдаас ялгарах гол онцлог юу вэ?

-2013 онд буюу анх үйл ажиллагаагаа эхлүүлж байхад манай улсад цахилгаан шат оруулж ирдэг 21 компани байсан бол одоо 109 болж өргөжсөн. Үүнээс 50 нь олон улсын брэнд бүтээгдэхүүн нийлүүлж байна. Үлдсэн нь засвар үйлчилгээ, угсрах суурилуулах ажил хариуцдаг. Барилгын компаниуд өөрсдөө үнэ хямд цахилгаан шат оруулж ирж буй нь аюулгүй ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Мэргэжлийн бус хүмүүсээр угсруулдаг учраас тэд засвар үйлчилгээг нь хариуцдаггүй. Үүнээс болж осол гарах тохиолдол цөөнгүй. МХЕГ болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өргөгч механизм хариуцсан гуравхан мэргэжилтэн ажилладаг. Хилээр оруулж ирж буй цахилгаан шатны стандартыг хянахаас эхлээд үйл ажиллааг нь магадлах гээд тэдний ачаалал их. “Сворд” цахилгаан шатны үйлдвэр нь Америкийн “Отис” компанитай хамтран ажилладаг гэдгийг дээр дурдсан. Хятад улс дэлхийн цахилгаан шатны 95 орчим хувийг нийлүүлж байна. Бидний хамтран ажилладаг “Сворд” компани цахилгаан шатныхаа үйлдвэрлэлээр улсдаа тавдугаарт ордог.

-Хуучин барилгуудын цахилгаан шатыг солих боломж хэр байна вэ. Техникийн аюулгүй байдал хангаагүйн улмаас цахилгаан шат эвдэрч, ган татлага нь тасарч хүний амь эрсэдсэн тохиолдол бий шүү дээ.

-Бид ихэвчлэн хуучин цахилгаан шат сольж байна. Улсын өмчийн барилга, байгууламжийн асуудалд оролцох гэхээр сонгон шалгаруулалтаас эхлээд шаардлага нь барагддаггүй. Нэг жишээ хэлэхэд, бид “Сонгдо” эмнэлгийн эвдэрсэн цахилгаан шатыг сольсон. Нэг жил болоход гацаж эвдэрсэн тохиолдол гараагүй. Ер нь цахилгаан шатыг бүхэлд нь солихоор зардал өндөр байдаг. Тиймээс олон жил болсон хуучин цахилгаан шатыг бүхэлд нь солихгүйгээр зарим эд ангийг шинэчлэх нь зүйтэй. Тухайлбал, хүний амь, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй ган татлагыг сольж болно. Мөн цахилгаан шатны ажиллах системийг нь шинэчилж болох юм.

-Танай компанид хэчнээн хүн ажилладаг вэ?

-Засвар үйлчилгээ, угсрах ажил хариуцсан 30-40 хүн ажиллаж байна. Сонирхуулахад, манай компанийг хүмүүс цахилгаан шатанд гацсан хүн гаргадаг газар гэж ойлгодог. Энд тэнд гацчихлаа гэсэн дуудлага ирээд байдаг юм. Бид засвар үйлчилгээ, серверийн ажил хийдгээс хүн гаргадаггүй. Тухайн барилга лифтчинтэй байх ёстой. Гэтэл мэргэжлийн бус, харуул хамгаалалтын ажилчин энэ ажлыг гүйцэтгэснээс болж осол, гэмтэл гарах нь бий.

-Та бүхний хийж буй дараагийн гол ажил автомашины ухаалаг зогсоол. Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг бууруулах оновчтой шийдэл нь бага талбайд олон машин байрлуулах боломжтой ухаалаг зогсоол болов уу?

-Тийм ээ. Нийслэлд тулгамдаж буй олон асуудлын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл орж байна. Улаанбаатар хотод жолоо барьж буй иргэн өдөрт нэг цаг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Замын хөдөлгөөнд өдөрт таван цаг оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорьсон ажлынхаа дөнгөж гуравны нэгийг л амжуулдаг гэнэ. Мэдээлэл технологи асар хурдацтай хөгжиж буй энэ үед зам дээр цагаа дэмий өнгөрүүлэхийг хэн ч хүсэхгүй. Замын хөдөлгөөнд оролцож буй автомашины тоо цаашид ч нэмэгдсээр, түгжрэл энэ хэвээр байсаар байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ гэсэн тооцоолол ч бий. Тиймээс сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Замын хөдөлгөөний түгжрэлийн 30-50 хувийг зогсоол хайсан жолооч нар үүсгэж байгаа. Ялангуяа төв талбайн хэсгийн замын түгжрэлийн 65 хувийг тэд үүсгэдэг байна. Нийслэл, хувийн хэвшлийнхэн аль аль нь үүнд анхаарах цаг болсон. Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнууд замын хөдөлгөөний түгжрэлийг төгс шийдсэн гарц олоогүй. Гэхдээ тодорхой хэмжээнд бууруулах шийдэл гаргасан. Үүний нэг нь бүрэн автомат буюу ухаалаг зогсоол. Ил зогсоол нь зай, талбай их эзлэхийн зэрэгцээ барилга байгууламж бүрийн өмнө байгуулах боломжгүй. Өндөр барилгуудын урд ердөө 10 орчим машин л зогсох боломжтой талбайтай. “Хизи” группийн хамт олон бидэнд ухаалаг зогсоол барихыг санал болгосон юм. Ухаалаг зогсоол барих нь цахилгаан шат угсрахтай ижил технологитой. Ингээд 2018 онд анх удаа ухаалаг зогсоол оруулж ирсэн. “Орчлон констракшн” ХХК-ийн захиалгаар 52 автомашины багтаамжтай ухаалаг зогсоол барьж, өнгөрсөн онд ашиглалтад орууллаа.

-Ухаалаг зогсоолын аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

-“Миний машин уначихвал хэн хариуцах вэ” гэж асуусан хүн цөөнгүй таарч байлаа. Ухаалаг зогсоол нь технологийн хувьд цахимжсан учраас алдаа гарахад тоормос нь барих системтэй. Манай байгууллага тухайн байгууламжийн ухаалаг зогсоол хариуцсан опператорт сургалт явуулсан. Сонирхуулахад, Ханжоу хотод газар доор барьсан 12 давхар зогсоол бий. Зай талбай хомс нөхцөлд тохирсон ийм автомат зогсоолыг манайд ч нэвтрүүлэх боломжтой. Ухаалаг зогсоол нь зай, талбай хэмнэхээс гадна ногоон байгууламж бүрдүүлэх боломж олгодог. Мөн хотын өнгө үзэмж нэмж, хүссэн загвар, материалаараа бариулах боломжтой. Зогсоолын гадна талыг хөнгөнцагаан, тоосго, шил зэрэг ямар ч материалаар барьж болдог. Бидний хэрэгжүүлсэн эхний төсөл буюу “Орчлон констракшн” ХХК-ийн захиалсан зогсоол нь цамхгийн загвартай, 52 машин багтах боломжтой. Таван машин зогсох талбайд л барьсан шүү дээ. Арван давхар тус зогсоолоос иргэн автомашинаа буулгалаа гэхэд ердөө арван хором л зарцуулах юм. Энэ мэтээр барилгын гадна болон дотор талд ухаалаг зогсоол барьж болно. Мөн гараашийн таазыг нь өндөрлөөд хоёр давхар болгож, ухаалаг зогсоол байгуулах боломжтой. Жишээ нь 40 автомашин зогсох гараашийг 120 автомашин багтахаар болгож болно.

-Ухаалаг зогсоол бариулах санал хэр ирж байна. Энэ онд төлөвлөсөн гол ажлаасаа сонирхуулахгүй юу?

-“Орчлон констракшн” ХХК-ийн ухаалаг зогсоолыг ашиглалтад оруулсан үеэс хүмүүс сонирхож, асууж эхэлсэн л дээ. 3-4 газар ухаалаг зогсоол бариулах талаар ярилцаж байгаа. Энэ онд ухаалаг хоёр зогсоол барихаар төлөвлөсөн. Замын түгжрэл бууруулах, бага талбайд олон машин багтаах боломжтой энэ ажлыг нийслэлээс дэмжээсэй гэж хүсэж байна. Нийслэлээс ухаалаг зогсоолтой холбоотой төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ч шийдвэр нь гараагүй гэсэн. Хэрэв бидэнтэй хамтран газраа чөлөөлж өгвөл Улаанбаатарын төв хэсгийг ухаалаг зогсоолоор хангаж, түгжрэлийг бууруулж чадна. Мөн дэлхийн ихэнх оронд газар доор бүрэн автомат зогсоол барих нь түгээмэл. Ус, дулааны шугамын асуудлаа шийдвэрлэчихвэл газар доор ухаалаг зогсоол барих боломж бидэнд ч бий. Бээжин хот ухаалаг зогсоол барьснаар замын түгжрэлээ шийдэж чадсан. Зөвхөн “Свод” үйлдвэр гэхэд 200 мянган автомашины ухаалаг зогсоол барьжээ. Жилийн дөрвөн улиралтай манай улсад өвөл автомашины дулаан зогсоол зайлшгүй хэрэгтэй. Ухаалаг зогсоол нь дулаанаас гадна хулгайд эд зүйлээ алдахаас сэргийлэх гээд олон давуу талтай.

Бэлтгэсэн: О.Оргилох


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)