А.Лукашенко гурван фронтоор тулалдахад хүрчээ

Гурван фронтоор дайтаж байгаа учраас Александр Лукашенко урьд өмнө хэзээ ч үзээгүй хатуу дарамтад буй. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Беларусьт гайхаш төрүүлсэн үйл явдал болсон. Тодруулбал, ЗСБНХУ задарснаас хойших хамгийн томд тооцогдох сөрөг хүчний цуглаан, Беларусийн байдлыг тогтворгүй болгохоор илгээсэн гэх, Оросын хөлсний 33 этгээдийг баривчилсан, коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсныг А.Лукашенко (цар тахлын аюулыг хэдэн сарын турш дарсныхаа дараа) хүлээн зөвшөөрснийг “Guardian” сонинд бичжээ.

Төрийн эрхэнд гараад 25 жил болж байгаа тэрбээр энэ сарын 9-нд болох сонгуульд ялж, улсаа удирдахаа мэдэгдэж байна. Гэвч эдийн засгаар нэгдэх талаар ОХУ-тай, хүний эрхийн талаар өрнөдийнхөнтэй ширүүн маргаж буй үед сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан маш хүнд байдалд А.Лукашенко оржээ. Түүний карьерын хувьд ч хамгийн аюултай мөч тохиов.

“Лукашенко анх удаа гурван фронтоор тулалдаж буй. Ямар алхам хийхээ тэрбээр мэдэхгүй байна. Энэ амралтын өдөр болох сонгуульд ялсан ч эдгээр тэмцэл намжихгүй, дараагийн таван жил үргэлжилсээр байх болно” гэж 1990-ээд онд түүний туслах байсан, улс төр судлаач Александр Федута хэллээ. Өнгөрсөн сарын 24-нд арга мухардсан Беларусийн Ерөнхийлөгч цэргийн анги нэгтгэл, тусгай албаны бригадуудын байдалтай танилцаж, гудамжны тэмцэл гаргуулахгүй байх ёстойг мэдэгджээ. “Аливаа дайн өдгөө гудамжны эсэргүүцлийн жагсаал, цуглаан, Майданаас (Украинд 2014 онд болсон олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа) эхэлж байна. Хэрэв эх орон нэгтнүүд байхгүй бол гадаадаас хүч татдаг. Гадаадын хүч гэдэг нь мэргэжлийн хүчнийхэн, олон улсад байдаг цэргийн хувийн компанийн хүрээнд тусгайлан бэлтгэгдсэн этгээдүүд юм. Тэд аль нэг улсад өдөөн хатгалга хийж, их мөнгө авдаг” гэж тэрбээр анхааруулсан аж. Сүүлийн үед А.Лукашенко аюулгүй байдал хариуцсан албаныхандаа илүү анхаараад зогсохгүй сургуулилалт хийлгэж, үүнийгээ биечлэн ажиглаж буй. Цэргүүд даралттай ус ашиглан жагсагчдыг тараах тусгай ажиллагааны сургуулилалт хийснийг төрийн мэдлийн телевизээр үзүүлсэн байна.

Сонгуулийн үр дүнгийн талаар маргахын өмнө сайн бодоорой гэсэн ойлголтыг сөрөг хүчнийхэн тодорхой өгчээ. Гэвч айлган сүрдүүлэх тактик нь олигтой үр дүнд хүрдэггүй бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд ирц өндөр байдаг жижиг хотуудад ч олон мянган хүнийг хамарсан сөрөг хүчний цуглаанд оролцогчдын тоог цөөрүүлэхгүй.

“Эсэргүүцлийг нь зогсоолгохын тулд беларусьчуудыг айлгах гэж энэ бүхнийг хийж буй. Гэвч энэ бүтэхгүй. Айлган сүрдүүлэхийг хэчнээн оролдовч эсрэг хүчтэй нөлөө үзүүлнэ. Одоо тэрбээр гал нээнэ гэдэгт итгүүлэхийг оролдож байна. Хэрэв буудаалцаан болохгүй бол тэрбээр сул дорой нэгэн болно. Харин буун дуу гарвал энэ нь түүний хувьд улс төрийн мөхөл болно” гэж А.Федута ярьжээ.

Ирэх долоо хоногт сонгуулийн дүнг хүчингүйд тооцохыг шаардсан эсэргүүцлийн ажиллагаа болох нь тодорхой. Нэгдсэн сөрөг хүчнээс нэр дэвшсэн Светлана Тихановская жагсахыг уриалахгүй ч эхэлбэл нэгдэхээ сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр нөхрийнхөө оронд нэр дэвшсэн юм. “You¬tube”-ийн алдартай блогчин Сергей Тихановскийг тус улсын эрх баригчид баривчилжээ. Светлана улс төрийн хоригдлуудыг суллах, чөлөөт, шударга сонгууль дахин зарлах гэсэн энгийн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн аж. Шоронд хоригдож буйн улмаас нэр дэвших боломжгүй болсон, сөрөг хүчний гишүүн Виктор Бабарико баривчлагдахын өмнө ярилцлага өгөхдөө нийгэм даяар сэтгэл дундуур байгаа ч хүмүүс хүчирхийллээс зайлсхийнэ хэмээн найдаж буйгаа хэлжээ. “Хууртсан ард түмэн Чаушескуг хэрхэн хөнөөснийг бид харсан” хэмээн Румыны дарангуйлагч 1989 оны арванхоёрдугаар сарын эцсээр гэнэт амь үрэгдсэнийг сануулан тэрбээр хэлсэн байна.

Сөрөг хүчний цуглаануудад оролцогчдын тоо урьд байгаагүй цар хүрээг хамарчээ. Өнгөрсөн сарын 19-нд Минскт болсон цуглаанд 10 мянга орчим хүн оролцсон аж. Үүнээс хойш 11 хоногийн дараа болсон цуглаанд 63 мянган хүн оролцсон нь хүний эрхийн төлөө тэмцэгч “Хавар” байгууллагын ажиглагчдын тооцоолсноор ЗСБНХУ задарснааас хойших хамгийн олон хүн оролцсон ажиллагаа болжээ.

“Намайг айхгүй байна гэж та бодож байна уу? Өдөр бүр түгшиж буй. Гэсэн ч би айдсаа даван, зоригоо чангалж босоод цааш явж байна” гэж Светлана Тихановская цугласан олны өмнө хэлэв.

Беларусийн сонгуулийн хэсгүүд хатуу хяналтан доор, улсын телевизийн захиалгаар явуулсан ганц санал асуулгын дүнгээс үзвэл А.Лукашенко 72.3 хувийн санал аван, ялахаар буй. Сөрөг хүчний хэвлэл мэдээллийн сувгуудаар үзүүлсэн өөр санал асуулгын дүнгээс үзвэл сонгууль хоёр үе шаттай болно.

Байдлыг бодитоор илэрхийлэх санал асуулга явуулахгүй болохоор мэдээллийн үлэмж хэсэг цугласан олны төлөөлөгчдийн яриа болон одоо илэрхийлж буй үзэл бодол дээр тулгуурласан байдаг. Сөрөг хүчний удирдагчдын хэлснээр А.Лукашенко коронавирусийн цар тахлын тухай ташаа мэдээлсэн болон улс орноо удирдах чадамжгүй болсны улмаас олон хүний итгэлийг алджээ.

“Энэ нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн. Тэрбээр олон жил хүчтэй удирдагчид тооцогдож байв. Харин улсаа 26 дахь жилдээ удирдаж байгаа, өдгөө 65 настай тэрбээр тэтгэвэрт гарах болсон гэж санагдаж байна” гэж нэр дэвшигч Виктор Бабарикогийн сонгуулийн өмнөх штабын зохицуулагч байсан, одоо Светланаг дэмжигчдийн бүлэгт багт багтдаг Мария Колесникова ярьсан аж.

Уламжлалт холбоотон ОХУ-ын дэмжлэгийг А.Лукашенко удаа дараа авч байсан бол одоо хоёр орны харилцаа мууджээ. Үл ойлголцлын гол шалтгаан нь Оросын санаачилсан, тус хоёр орон цаашид эдийн засгаар нэгдэх төлөвлөгөө юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг эхлээд эдийн засгийн дарамт шахалт үзүүлсэн, дараа нь сонгуулийн сөрөг хүчнийг дэмжсэн хэмээн А.Лукашенко буруушаасан билээ.

Өнгөрсөн долоо хоногт Оросын цэргийн хувийн компанийн хөлсний 33 этгээдийг Беларусьт баривчилж, тэднийг сонгуулийн өмнө улс орных нь байдлыг тогтворгүй болгох зорилготой террорист ажиллагаа үйлдэхээр зэхэж байсан хэмээн буруутгасан нь хоёр орны харилцааны түгшүүртэй байдлыг эрс хурцатгасан юм. Тус улсын БелТА агентлагийн мэдээлснээр баривчлагдсан хүмүүс бүгд орос байсан бөгөөд заримд нь хэд хэдэн паспорт байсан аж. Испанийн “El Mundo” сонинд бичсэнээр, баривчлагдсан хөлснийхний харьяалагддаг “Вагнер” компани нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд ойр хүн гэгдэх Евгений Пригожиных аж. Хувийн эл компани Украин, Сири, Ливи болон бусад улсад Москвагийн эрх ашгийг хамгаалж буй.

Баривчлагдсан иргэдийг нь буцаахыг Москва шаардаж, хилийн хяналтаа чангажээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, А.Лукашенко сонгуулийн дараа л суллана. Үүгээрээ Москва хөндлөнгөөс оролцохын аюулыг олон нийтэд харуулах аж. “Түүнийг сонгогдохыг эсэргүүцэн жагсвал үүнийг ОХУ зохион байгуулсан гэж Лукашенко харуулах учиртай” гэж А.Федута тэмдэглэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)