А.Баянмөнх: Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа ил тод байлгаснаар иргэдийн итгэл нэмэгдэнэ

“Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны 2019 оны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Уг судалгааг Азийн сан, Сант марал сан хамтран зохион байгуулжээ. 2019 онд судалгаанд оролцогчдын 93.6 хувь нь “Авлига нь манай улсад хэвийн үзэгдэл болсон” гэдэгтэй санал нийлсэн аж.  Энэ нь өмнөх оноос давсан үзүүлэлт болсон байна. Тус судалгааны талаар Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнхөөс тодрууллаа.

-Энэ судалгааг хэд дэх жилдээ зохион байгуулж байгаа вэ?

-Энэхүү судалгааг Азийн сан болон Сант-Марал сан хамтран 14 дэх жилдээ зохион байгуулж байна. Бид 1500 орчим орон нутгийн болон нийслэлийн иргэнээс авлигын талаарх ойлголт, төсөөллийн судалгааг жил бүр авдаг.

-Судалгаагаар авлигад хандах иргэдийн төсөөлөл ямар байна бэ?

-Нийгэмд авлига нийтлэг үзэгдэл болсон гэсэн хандлага, төсөөлөл иргэдийн дунд маш гүнзгий суусан байна. Учир нь 2016 оныг хүртэл авлига нь нийтлэг хэвшил болсон гэсэн ойлголт байсан. Энэ ойлголт нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Хэдий тийм ч нөгөө талдаа төрийн үйлчилгээний доод албан хаагчдын авлигын асуудал буурсан. 2016 онд төрийн албан хаагчдын 1/4 нь авлигын гэмт хэрэгт холбогдсон. Харин энэ жилийн хувьд энэ нь 3.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Хэдийгээр авлига буурсан гэх үзүүлэлттэй байгаа ч цаашид ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Дээр дурдсан амжилтын нөгөө талд ямар асуудал байна вэ гэхээр дээд болон дунд түвшний албан тушаалтан, улс төрчидтэй холбоотой асуудлууд маргаан дэгдээдэг. Үүний цаана том түвшний авлигын асуудал яригдаад байгаа юм. Иргэд авлигын асуудлыг шийдвэрлэх тал дээр маш их хүлээлттэй байна.

-Иргэд хууль, шүүхийн байгууллагуудтай холбоотой авлигын асуудлаар ямар төсөөлөлтэй байна вэ?

-Иргэд хууль шүүхийн байгууллагуудтай холбогдолтой судалгаа бага өгсөн. Харин өнгөрсөн жил Азийн сангаас хууль шүүхийн салбарын шударга бус байдлын талаар судалгаа хийсэн. Уг судалгааг 1000 орчим хуульчаас авахад авлигын асуудал өндөр байгаа гэсэн хариу гарсан. Мөн нөгөө талаасаа хуульчдад ирж байгаа гадны нөлөөлөл их байна. Хуульчид өөрсдийгөө гадны нөлөөллөөс хамгаалахад чиглэсэн тогтолцоо "сул" байна хэмээн хариулсан.

-Тус судалгаан дээр үндэслээд цаашид ямар гаргалгаа шийдэл санаачлах боломжтой вэ гэдэг нь хамгийн чухал. Энэ судалгаа нь хэр үнэн бодитой вэ?

-Энэ судалгаа бол төсөөллийн судалгаа. Хуулийн байгууллагууд асуудалтай, ажлаа хийдэггүй гэсэн ойлголт иргэдийн дунд их бий. Иргэд ийм төсөөлөлтэй байгаа учраас энэ асуудал дээр анхаарч иргэдийн төсөөлөлд чиглэсэн ажил хийгээсэй гэсэндээ энэ судалгааг хийсэн. Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод байлгаснаар тэдэнд хандах иргэдийн хандлага өөрчлөгдөнө гэдгийг харуулахыг зорьсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)