А.АМГАЛАН: Бидний эрүүл мэнд, идэж буй хоол хүнс ургамлаас шууд хамааралтай

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2018 оны арванхоёрдугаар сарын хуралдаанаар 2020 оныг ургамлын эрүүл мэндийг хамгаалах олон улсын жил болгон зарлажээ. Хүн амын өсөлт хурдацтай явагдахын хэрээр хоол хүнсний нөөц, хүрэлцээ дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод буй. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын техникийн зөвлөх А.Амгалантай энэ талаар ярилцлаа.

Ургамлын эрүүл мэндийг хамгаалахын ашиг тус юу вэ?

-“Ургамлын эрүүл мэнд-бидний эрүүл мэнд” уриан доор энэ жил ургамлын эрүүл мэндийг хамгаалах олон улсын жилийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Ургамлыг хамгаалахын ач холбогдол, түүний нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүнсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөний талаар олон нийтэд таниулах зорилготой юм. 2013 онд манай байгууллагаас хийсэн судалгаанд хүн хоол хүнсээс өдөрт авах ёстой илчлэгийнхээ 40 хувийг ургамал болон түүний гаралтай бүтээгдэхүүнээс авдаг гэж дурдсан байдаг. Үүнээс гадна дэлхий даяар хэрэглэж буй амьтны гаралтай уургийн нэлээд хувийг үр тариа, тосны ургамлаар тэжээсэн малаас авдаг. Дэлхийд үйлдвэрлэгдэж буй шувууны махны 72, өндөгний 43, гахайн махны 55 хувь нь эрчимжсэн фермийн аж ахуйд тэжээсэн амьтдаас гаралтай. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнс, бидний эрүүл мэнд газар тариалан, ургамлаас шууд хамааралтай гэсэн үг. Мөн амьсгалахад шаардлагатай хүчилтөрөгчийн 98 хувийг ургамал ялгаруулдаг. Ингээд бодохоор хүн ургамалгүй бол амьдарч чадахгүй. Гэтэл уснаас дутахгүй чухал ургамлын эрүүл мэнд өдгөө хангалттай сайн биш байна. Үүнийг хамгаалах нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан чухал асуудал болсон.

-Ургамлын эрүүл мэндийг ямар түвшинд байгаа гэж харж байна?

-Дэлхий нийт жил бүрийн тариалангийн ургацынхаа 40 хувийг ургамлын өвчин, хортон шавжаас болж алддаг гэх тооцоог манай байгууллага гаргасан байдаг. Сүүлд гэхэд цөлийн царцаа Зүүн Африкийн орнуудын газар тариаланг “сүйрүүлсэн”. Нэг ам метр нутаг дэвсгэрт багтах царцаан сүрэг өдөрт 35 000 хүнд хүрэлцэх хэмжээний ургамлыг иддэг. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар Кенид 70 000 га газар царцааны дайралтад өртжээ. Царцаан том сүрэг 60 км урт, 40 км өргөн талбайг хамарсан тэжээлийг сүйтгэдэг. Энэ улсад ганц биш, нэлээд олон сүрэг байгаа гээд бод доо. Уг нь Кени улс өнгөрсөн онд дэлхийн дөрөв дэх том цай экспортлогч орноор шалгарч байсан. Энэ нь дан ганц тус улсын бус, дэлхий нийтийн цайны хэрэглээнд хохирол учрууллаа. Наад зах нь цайны үнэ өссөн шүү дээ. Мөн 2017 онд Африкийн орнууд “Fall armyworm” эрвээхэйгээс болж ургацынхаа 70 хувийг алдсан шүү дээ. Цаашид энэ мэтээр ургацаа алдаад байвал хүнсний хангамж багасан, газар тариалан эрхэлж буй тариаланчдын орлого, амьжиргаа, экосистемд сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Тиймээс бид ургамал хамгаалах арга хэмжээ авч, анхаарал хандуулах шаардлагатай болоод байна.

-Манай орны ургамал эрүүл байж чадаж байгаа болов уу?

-Манай улсын бэлчээр, тариалан, ойн талбайд 700 гаруй зүйлийн хөнөөлт шавж тархсан гэсэн судалгаа бий. Эдгээр хөнөөлт шавж үр тарианы ургацыг 2-10, төмс, хүнсний ногоог 13-30, хадлан бэлчээрийнхийг 19-40 хувиар бууруулдаг. Эрс тэс уур амьсгалтай, тариалангийн цөөхөн бүс нутагтай манай улсад ийм хэмжээний хортон шавж сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр. Эрүүл, эсвэл хортон шавжид идэгдсэн гээд хэлчих баттай судалгаа алга. Ямартай ч бид хортон шавжаас хамгаалах хэрэгтэй.

-Монгол орны унаган ургамлыг тусад нь хамгаалах хэрэгтэй юү?

-Байгаль орчин, ургамлаа унаган төрхөөр нь хадгална, хамгаална гэдэг бидний төсөөлж байгаагаас ч илүү чухал ач холбогдолтой. ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс гаргасан “Монгол орны унаган ургамлын тархцын атлас” номд зөвхөн манайд ургадаг, өөр аль ч улсад байхгүй 49 төрлийн 120 зүйлийн ургамал бий гэж дурдсан байдаг. Үүнийг хамгаалахын тулд хамгийн түрүүнд харь ургамлыг аль болох оруулахгүй байх хэрэгтэй. Харь ургамалтай хамт хортон шавж ч манайд нэвтрэх аюултай. Тиймээс л унаган ургамлаа хамгаалах нь чухал гээд байгаа юм. Харь ургамал, хортон шавж нэгэнт ороод ирвэл тухайн газраа давамгайлан нутагшиж, буцаах боломжгүй байдаг. “Fall armyworm” эрвээхэйн талаар дээр дурдсан. Эл эрвээхэйг Африк тивийн Нигери улсад 2016 оны нэгдүгээр сард Америкаас усан онгоцоор тээвэрлэгдсэн гэж таамаглаж байгаа. 2018 оны хоёрдугаар сар гэхэд Африк тивийн 54 орны 44-т нь уг шавж тархсан. Мөн оны долдугаар сард Энэтхэгт илэрсэн. Үүнээс хойш Азийн найман оронд аль хэдийн тарчихсан байна. Энэтхэгт Африкаас хүн тээвэрлэн орж ирсэн гэж таамаглаж байгаа. Тиймээс бид амьтан, ургамлын түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхдээ хорио цээрийн хяналт шалгалтыг хянуур хийх хэрэгтэй. Азид нэгэнт ороод ирчихсэн учир манайд тархахгүй гэх баталгаа алга. Ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхдээ “Ковид-19”-тэй тэмцэж буй шигээ хатуу, чанга шаардлага тавих ёстой.

Нэгэнт ороод ирвэл ургамлын хортон шавжийг олж устгах боломжгүй. Харин коронавирустэй хүний хавьтагчийг олж болно шүү дээ.

-Ургамлын эрүүл мэндийг хамгаалах жилийн хүрээнд манай улс ямар арга хэмжээ авч байгаа бол?

-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын үйл ажиллагаа үндсэн таван чиглэлээс бүрддэг. Хамгийн чухал нь мэдлэл цуглуулах. Энэ нь дээрх зарласан жилтэй мөн л хамааралтай зүйл. Бид мэдээлэл, мэдлэг цуглуулахгүйгээр ургамлыг хамгаалж чадахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт, гишүүн орнууддаа бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлдэг. Цаашид ургамлын эрүүл мэндийг хамгаалахын тулд судалгаа, шинжилгээ тогтмол хийнэ гэсэн үг. Гуравдугаарт, фермийн аж ахуйг дэмжих, хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарал хандуулдаг. Энэ хамгийн чухал нь бөгөөд тариаланчидтай хамтрах юм. Дөрөвдүгээрт, цуглуулсан мэдлэг, боловсруулсан төлөвлөгөөгөө хөрсөн дээр буулгадаг. Хамгийн сүүлд хоол хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч болох аюул, эрсдэлээс сэргийлэх, тэдгээрийг бууруулахад анхаарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, тогтмол хийдэг ажлууд дээрээ тулгуурлан ургамлын эрүүл мэндийг хамгаална гэсэн үг.

Эл жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд ХХААХҮЯ ихээхэн анхаарч байна. Тус яам манай байгууллагатай хамтран ургамлын эрүүл мэнд, түүнийг хамгаалахын ач холбогдлыг сурталчлан, таниулах ажил зохион байгуулж байна. Мөн тариаланчдад хөдөө аж ахуйн зохистой дадал болон ургамал хамгааллын цогц арга хэмжээ авч ажиллахыг уриалж, энэ талаар техникийн дэмжлэг үзүүлж буй. Бусад оронд ч иймэрхүү үйл ажиллагаа зохион байгуулж байна.

-НҮБ-аас өмнө нь ургамлын эрүүл мэндийг хамгаалах талаар ямар арга хэмжээ авч байв?

-2016 оныг олон улсын буурцагт ургамлын жил болгон зарлаж байсан. Буурцагт ургамал хүнсний ач холбогдолтойгоос гадна агаар дахь азотыг хөрсөнд хуримтлуулж, үржил шимийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тиймээс түүнийг тариалж, хэрэглээндээ нэвтрүүлэхийг олон улсад уриалсан юм. Би өмнө нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан техникийн зөвлөхөөр Тайландын Бангкок хотод ажиллаж байлаа. Буурцагт ургамлын жилийн хүрээнд Ази, Номхон далайн бүсийн мэргэжилтний хурлыг Монголдоо зохион байгуулж байв. Австрали, Хятад, Энэтхэг гээд нийт 12 орны төлөөлөл оролцсон хурал болсон. Энэ ажлын хүрээнд 2016 онд 3.3 сая тонн байсан буурцагт ургамлыг хоёр жилийн хугацаанд 4.3 сая болгон нэмэгдүүлж чадсан. Тиймээс энэ жил ч мөн адил амжилт гарган ажиллана гэж найдаж байна. Мөн 2008 оныг төмсний, 2013 оныг кийнва буюу будааны, 2015 оныг олон улсын хөрсний жил болгон тэмдэглэн өнгөрүүлсэн.

-Та Азийн бүс нутаг хариуцан ажиллаж байж. Олон улсыг нэгэн зэрэг хариуцаж ажилласан болохоор давуу болон сул талыг нь сайн мэдэх байх. Газар тариалангийн чиглэлээр бусдаасаа илүү хөгжсөн ямар улс байсан бэ?

-Би ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгсөөд, Австралийн Сиднейн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан техникийн зөвлөхөөр 2016 оны хоёрдугаар сараас эхлэн гурван жил таван сар ажиллалаа. НҮБ 130 улсад үйл ажиллагаа явуулдаг, 85 оронд төлөөлөгчийн газартай, таван бүсэд төвтэй. Үүний нэг нь Ази, Номхон далайн бүсийн төв. Энэ бүсэд өнгөрсөн онд Иран нэмэгдээд, Aзийн 26, Номхон далайн 18, нийт 44 орон хамаардаг болсон. Ази, Номхон далайн бүсэд хамаарах орнууд нь улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хувьд ихээхэн ялгаатай. Хятад, Филиппин, Индонез гэх мэт газар тариалан хэдэн мянган жил хөгжсөн улс багтдаг. Дэлхийн ихэнх хүнсийг үйлдвэрлэдэг, түүнийхээ дийлэнхийг өөрсдөө хэрэглэдэг, долоон тэрбум хүн амын 60 хувь нь амьдардаг газар бол Ази, Номхон далайн бүс юм шүү дээ.

Ажлаа хүлээж авснаас хойш хугацаа нь дуусаж байгаа, шинээр эхэлсэн гээд жилд дунджаар 10 гаруй оронд 12-15 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байв. Бангладеш, Непал, Бутан, Хойд Солонгос, Малайз, Пакистан, Филиппин, Индонез, Камбож, Вьетнам, Итали гээд цөөнгүй улсад ажиллажээ. Эдгээр улсаас монголчуудад сурах зүйл их бий. Сурсан зүйлээ эх орондоо хэрэгжүүлэх гээд би Монголдоо ирсэн юм шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)