А.АМБАСЭЛМАА: Халдвар дотоодод тархвал 150-300 мянган хүн өвчлөх эрсдэлтэй

ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар 348 хүн хэвтэн эмчлүүлж байсны 154-ийг нь “Ковид-19”-ийн улмаас тусгаарлан хянаж, үзлэг, шинжилгээ хийж байв. Тэднээс 26 нь шинэ вирусийн халдвартай. Үүнээс гадна өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй гурав, халдвартай хүмүүстэй харилцсан долоон хүн бий гэнэ. Бусдыг нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тусгаарлажээ. “Ковид-19”-өөр өвчилсөн хүмүүсийн биеийн байдал, тэдэнд эмнэл зүйн ямар шинж тэмдэг илэрч байгаа зэрэг цаг үеийн асуудлаар тус төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаатай ярилцсанаа хүргэе.

-Манай эмч нар “Ковид-19”-ийн халдвар авсан найман хүнийг эдгээлээ. Энэ бол бахархам амжилт. Уншигчдынхаа өмнөөс ХӨСҮТ-ийнхөнд талархсанаа илэрхийлье. Бусад хүний бие ямархуу байгаа вэ?

-“Ковид-19”-өөр өвчилсөн 34 хүнээс найм нь эдгэрч, дараагийн ажиглалт, хяналтад шилжсэн бол 26 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авагсад 11-65 настай. Дундаж нас нь 25.5 буюу нийт бүртгэгдсэн тохиолдлын 50 гаруй хувийг 19-23 насны оюутан, залуус эзэлж байгаа. Халдварыг бид голдуу шинж тэмдэг илрэхийнх нь өмнөхөн, нууц үеийн сүүл хугацаанд нь оношилсон. ДЭМБ улс орнуудад “Ковид-19”-ийн үед баримтлах гол зарчмыг өвчнийг эрт илрүүлэх, тусгаарлах, эмчлэх хэмээн тодорхойлсон. Манай эмч, мэргэжилтнүүд, бусад салбарынхан ч энэ зарчмын дагуу хүч хавсран ажиллаж байна.

Одоо хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 50-аад хувь нь уушгины хатгалгаатай. Ерөнхийдөө өвчний явц эхэндээ удаан, шинж тэмдэг бүдэг байснаа 3-4 дэх хоногоос халуурч, 6-7 хоногийн дараа уушгины хатгалгаа болж байна. Гэхдээ өвчтөнүүдийн олонх нь нас залуу тул бүгдийнх нь биеийн байдал тогтвортой сайн байгаа. Хүнд өвчтөн байхгүй, хүндэвтэр, дунд зэргийнх голдуу, сүүлд оношлогдсон оюутнуудын заримд нь одоогоор зовуурь илрээгүй байх жишээтэй.

-11-16 насны гурван хүүхэд халдвар авсан талаар мэдээлсэн. Хүүхдийн амьсгалын дээд зам томчуудынхаас арай богино тул вирус “залгисан” тохиолдолд уушги нь амархан өвчилж, хүндрэх нь элбэг гэлцдэг.

-Хүүхдүүдийн бие харьцангуй сайн байгаа. Нэг нь бүрэн эдгэрсэн. 11, 12 настай хоёр хүүхэд хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Зовуурь багатай, шинж тэмдэг балархай байлаа. Эдүгээ бие нь сайжирч, эдгэрч байна.

-Франц иргэний талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Нэлээд олон хоног хэвтэн эмчлүүллээ, бие нь сайжирсан уу?

-Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдол. Сар гаруйн хугацаанд эмнэлэгт хэвтэж байгааг олон нийт янз бүрээр л ярьж байх шиг. Монгол хүний дархлаа сайн болохоор манайхан эдгэрээд, франц иргэн илааршихгүй байгаа гэх хүн ч бий. Тийм биш. Түүний тухайд бусдаас арай хүнд өвдсөн. Цаг алдаж оношлогдсон учраас эмчилгээ оройтож эхэлсэн гэсэн үг. Харин одоо бол бие нь сайжирч, эдгэрч байгаа. Гэхдээ цусанд, хамар, залгиурын арчдас зэрэг таван төрлийн шинжилгээнд нь вирус илрэхгүй болсон үед л эмнэлгээс гаргана.

-Эдгэрсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлан, хянаж байгаа. Дахин шинж тэмдэг илрээгүй биз дээ?

-Бүгдийнх нь бие сайн. Эдгэрсэн хүмүүсийг “Энх саран” сувилалд 14 хоног хяналтад авсан. Энэ хугацаанд хоёр удаа шинжилгээ хийж байгаа. Хамгийн түрүүнд эдгэрсэн хоёр хүн гэртээ харилаа. Гэсэн ч 14 хоног дэглэм барих зөвлөмж өгсөн. Эдгэрсэн хүмүүст одоогоор ямар нэгэн зовуурь илрээгүй, шинжилгээнд нь өөрчлөлт гараагүй.

-“Ковид-19” шинэ өвчин учраас түүнтэй “дайтах” амаргүй нь ойлгомжтой. Манай эмч нарын боловсруулсан эмчилгээний тактик оновчтой байгааг эдгэрсэн хүмүүс гэрчилж байна. Ямар эмчилгээ голчлон хийж байгаа юм бол?

-Хөгжилтэй, ядуу буурай гээд аль ч улсын эрүүл мэндийн байгууллага өмнө нь бүртгэгдээгүй, тэр дундаа халдварт өвчинтэй тэмцэх хэцүү. Алдана, ононо, туршлагагүйтнэ. Манай улсын хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авсан тулдаа хохирол бага амсаж байна. Эмч нарт ч гэсэн бусад улсын эмчилгээний арга барилаас суралцах хугацаа олдсон. Өдгөө өвчтөнүүдэд вирусийн эсрэг эмчилгээг голлон хийж, өвчин нь хүндэрч, хатгалгаа болсон тохиолдолд антибиотиктой хавсруулж байгаа. Мөн өвчний шинж тэмдгийг дарах, дархлаа дэмжих зэрэг эмчилгээ хийдэг.

-Коронавирусийн халдвар авсан хүмүүст илэрч буй шинж тэмдэг улс орон бүрт харилцан адилгүй байна. Манай иргэдэд эмнэл зүйн ямар “дохио” өгсөн бэ?

-Өвчний эхэн үед халуурахгүй. Энгийн ханиад, томууны үед илэрдэг шиг хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, цэртэй ханиах, дотор муухайрах, ходоод, гэдэс хямрах зовуурь түлхүү илэрч байх жишээтэй. Үнэр амт мэдрэхгүй болсон тохиолдол ч гарсан. Тиймээс халдвар тархсан бүс нутгаас ирсэн иргэдийг шууд тусгаарлан, ажиглалтад авч байгаа. Эрсдэл өндөртэйг нь ХӨСҮТ-д тусгайлан хянаж, үзлэг, шинжилгээг шуурхай хийж, өвчилсөн хүмүүсийг яаралтай эмчилж байна. Энэ бүхний үр дүнд эхлээд халдварыг эрт үед нь “барьж авах”, цаашлаад хүн амын дунд халдвар тархаахгүй байх зорилготой.

-Шинэ вирусийн халдвар авсан 33 дахь тохиолдлыг гурван удаагийн шинжилгээгээр илрүүлсэн гэл үү?

-Тийм ээ, сүүлийн үед шинэ вирусийг 2-3 удаагийн давтан шинжилгээгээр түлхүү илрүүлж байна. Гэхдээ үүнийг нууц үеийн хугацаатай холбож ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тухайн хүн халдвар авсан ч биед нь вирус ялгарч эхлээгүй, цусанд “очоогүй” үед нь шинжилгээ хийвэл өвчин илрэхгүй. ДЭМБ өвчний нууц хугацааг 14-21 хоног гэж тодорхойлсон. Халдвартай хүнд энэ хугацаанд шинж тэмдэг илрэхгүй, зовуурьгүй байж болно. Тиймээс л эрсдэлтэй хүмүүст ойр ойрхон, олон удаагийн шинжилгээ хийх шаардлагатай. ОХУ-аас ирсэн 80 орчим оюутны 30 гаруйг нь хатуу хяналтад авсан. Өвчний нууц хугацааг тооцоход тэдний дундаас цаашид халдвар нэг, хоёроор нэмэгдэж бүртгэгдэхийг үгүйсгэхгүй.Иймэрхүү үнэн бодит мэдээллийг бид ард иргэдээсээ нуухгүй.

-“Тархвар зүйн асуумж, судалгаа маш нарийн, бас их чухал. Ажиглалт, тусгаарлалт ч тусдаа ойлголт” гэдгийг өмнө нь та хэлж байсан. Ялгааг нь хэлж өгөөч?

-Халдвартай хүн хаагуур явж, хэнтэй уулзсанаа үнэн зөв мэдээлснээр бидний ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй хугацаа хэмнэдэг. Баян-Өлгийн иргэн явсан зам мөрөө нууснаас болж улс даяар түргэн авсныг та бүхэн санаж буй байх. Дахин тийм тохиолдол гаргахгүйн тулд, ялангуяа цаашид эх орондоо ирэх хүмүүс хариуцлагатай байх хэрэгтэй.

Өвчний голомтот бүс нутгаас ирсэн, эрүүл хүмүүсийг ажиглалтад авч, 21 хоног хөл хорьж байгаа. Халдвар авсан байж магадгүй хэмээн болгоомжилж буй учраас л бид ийм арга хэмжээ авдаг. Харин гадаадад эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан, өндөр настан, шинэ вирусийн өвчтэй хүнтэй харилцсан, халдварын өндөр тархалттай бүс нутгаас ирсэн хүмүүсийг эмнэлэгт тусгаарладаг. Энэ үйл ажиллагааг Цэргийн төв эмнэлэгт зохион байгуулж байна. Гэхдээ ажиглалтад байгаа иргэдийг ч PCR шинжилгээнд давтан хамруулж, сөрөг гарсан тохиолдолд л байрнаас гаргах дүрэмтэй. Тусгаарлалтад байгаа иргэдийг ч ялгаагүй, 2-3 удаагийн давтан шинжилгээний хариунаас хамаарч, гэртээ харих, үгүйг нь шийддэг.

-Коронавирусийг эмчлэхэд зориулан одоогоор 2915 ор, амьсгалын 425 аппарат бэлджээ. Нэмж 500 орчим аппарат авахаар төлөвлөснийг ЭМЯ-наас мэдээлсэн. Халдвар хүн амын дунд тархвал хэдэн хувийг хамрах магадлалтайг тооцсон уу?

-Манай улс эрсдэл өндөртэй тул халдвар дэгдэнэ гэж тооцон, бэлэн байдлаа боломжоороо хангаж байна. Халдвар дотоодод тархвал хүн амын 0.5-1 хувь нь өвдөнө гэсэн тооцооллыг эхний ээлжид хийсэн. 0.5 хувь гэж тооцвол 150 000 хүн халдвар авах эрсдэлтэй. Нийт тохиолдлын 80 хувь нь хөнгөн, 15 хувь нь хүнд, үлдсэн таван хувь нь маш хүнд хэлбэрээр өвдөж, нас баралт өндөр болно. Тэгэхээр 500 аппарат өвчин эхлэх хүртэл “тэснэ”, түүнээс цааш хаанаа ч хүрэхгүй. Азид дэгдсэн өвчний эхний давлагааг бид давж гарсан ч хоёр дахь том дэгдэлт эхэлж байна. ОХУ-д вирусийн тархалт эрчийг авлаа. Тиймээс одоо, цаашид ч эмнэлгийн ажилчдын хамгаалах хувцас, хэрэгсэл, амьсгал дэмжих багаж, тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх, орны тоог нэмэх шаардлагатай.

-Яг одоо халдварын голомтод хэчнээн эмч, сувилагч ажиллаж байна вэ?

-Хоёр тасагт эмч, асрагч, сувилагч, ариутгагч, рентген, техникч гээд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)