Аялж, амрангаа “жийдэг, жирийдэг” замтай болох нь

Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь 30 хүртэлх насныхан гэсэн баримт бий. Өөрөөр хэлбэл Монгол бол хүүхэд, залуучуудын орон. Улсын нийслэл Улаанбаатар хотыг ч ийнхүү тодорхойлж болно. Үүнтэй холбогдуулаад бодохоор, барагцаагаар 1.4 сая гаруй оршин суугчтай метрополис хотод маань хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх газар, тэдэнд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ юу юунаас ч чухал. Тэгж байж “хүүхэд, залуучуудын” гэсэн гоё тодотголдоо нийцэх буй за. Өнөөдөр нийслэлийн багачууд, хүүхдүүдийн цөөнгүй хувь нь цэцэрлэгийн хүрэлцээнээс шалтгаалан гэртээ “хоригдож” буйгаас гадна “алба хашдаг”-ууд нь ч тоглож наадах орчингүй болсныг хэн хүнгүй мэднэ. Өсвөр насныхан, залуучуудын хувьд компьютерын ард “хөшөө болох”-оос өөрийг хийхгүй байгаа нь ч тэдэнд зориулсан газар үгүйтэй холбоотой. Ядаж л биеийнхээ чилээг гаргаад гүйчих, эсвэл тааваараа дугуй жийчих зам, талбай алга. Мөн хосууд тааваараа болзож, зугаалах цэцэрлэгт хүрээлэн үгүйлэгдэж л байна. Үе үеийн хотын дарга нар үүнд чиглэсэн ажил хийнэ гэж ярьсаар байгаад л “цэргийн алба”-аа дуусгадаг муу жишиг бий.

Тэгвэл сүүлийн үед нэг сайхан мэдээ чих дэлсэх болсон нь Туул голын эрэг дагуу тодруулбал, Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл дугуйн болон явган хүний зам байгуулах болжээ. Нийт 22 км урт байхаар төлөвлөсөн эл замын ажлыг энэ зунаас эхлэх сурагтай. Хэрэв тэгж чадаад, төсөв мөнгө нь гацчихгүй явбал Улаанбаатарын иргэдэд нэн хэрэгтэй бүтээн байгуулалт болох нь гарцаагүй. Гэрээсээ ажилдаа дугуйгаар явах нь байтугай, орон сууцнуудын хооронд хүүхдүүдийнхээ “хорхойг дарж”, дугуй жийлгэх гэхээр зам, талбай хүрэлцдэггүй зовлонтой шүү дээ. Дээрээс нь энд тэндээс гарч ирэх автомашинуудаас айгаад тэгэх боломжгүй.

Нэг танил маань охиноо гурван настай байхад нь дугуй авч өгч, унуулж сургахыг хүссэн гэдэг. Гэтэл зам, талбай, аюулгүй байдал, энэ тэр гэж хүлээсээр байтал өнөөхийнхөө “шидийг” гаргаж чадалгүй хүүхэд нь өсөж, том болсон талаар ярьсан юм. Иргэдийн дунд ийм нэгэн егөөдөл бий. “Улаанбаатарт унадаг дугуй унана гэдэг чинь үнэндээ л “алаан” байхгүй юу” гэж.

Унадаг дугуйн замгүй шахам, байгаа хэд нь энхэл донхолтой, аюулгүй байдлын шаардлага хангадаггүй тул иргэд тэр бүр зорчдоггүй. Мэдээж амь, эрүүл мэндээрээ дэнчин тавих зоригтой хүн хэчнээн байх билээ дээ. Улаанбаатарыг удирдаж байсан мээрүүдийн үед зуслангийн чиглэлд тавьсан дугуйн замууд арай дөнгүүр боловч богинохон. Үүн дээр машины орц, гарц гээд замуудыг сэтэлчихсэн тул жийдэг “машин”-тай явахад хүндрэлтэй байдгийг олон хүн хэлдэг.

Харин дээр дурдсан Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүрэх “жийдэг” замыг олон улсын чанар, стандартад нийцүүлэн барих юм гэсэн. Ингээд зогсохгүй Налайх хүртэл “сунгах” юм билээ, төлөвлөгөө ёсоор бол. Өөрөөр хэлбэл, хэсэг хугацааны дараа иргэд Улаанбаатараас Налайх хүртэл унадаг дугуйгаар явах боломжтой гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлсэн.

Туул голын эрэг дагуу унадаг дугуйн болон явган хүний зам бүхий амралт, аяллын чиглэл гаргах санаачилгыг 26 аж ахуйн нэгжийнхэн гаргасны дагуу хотын дарга газар дээр нь танилцаад, бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныханд энэ чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн байна. Ажил уг нь эрчимтэй эхэлж байгаад талархууштай. Хотын иргэд нь санаачилж, тэдний “аав” дэмжиж байгаа болохоор удахгүй эл бүтээн байгуулалтын үр шимийг нийслэлчүүд хүртэж эхлэх буй за.

Улаанбаатар, Налайхын хооронд цаг гаруй түгжирч, нойрмоглон “гэлдэрдэг” байдлыг унадаг дугуйн зам ашиглалтад орсноор багагүй өөрчлөх нь мэдээж. Үүнээс гадна эл зам дагуу аялал жуулчлал өрнөж, иргэд гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх аятай боломж бүрдэх юм. Мэдээж амрах сүүдрэвч, хүүхэд, залуучуудад зориулсан спортын талбай, багачуудын тоглоомын газар, хооллож, ундаалах газар гээд худалдаа үйлчилгээний цэгүүд, эко нийтийн бие засах газар, автомашины нэгдсэн зогсоол байна. Нярай болон хөхүүл ээж нарт зориулсан талбайг ч мартахгүй гэдгээ хотын дарга хэлсэн. Хэлж, амласнаа хийж, биелүүлэх нь чухал гэдгийг энэ хотын иргэний хувьд “аав”-даа сануулахад илүүдэхгүй буй за.

Унадаг дугуйн ач тус өчнөөн гэдгийг хүмүүс мэднэ. Ялангуяа улаанбаатарчууд гэр бүлээрээ дугуйн спортоор хичээллэж эхэлбэл эдийн засгийн хэмнэлтээс гадна эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт болно. Тийм л учраас Улаанбаатарт унадаг дугуйн зам нэн шаардлагатай байгааг иргэд, аж ахуйн нэгжүүд ийнхүү ажил хэрэг болгохоор санаачлан зүтгэж байна. Гэр бүл, үр хүүхдэдээ зав цаг гаргаж амждаггүй их хотын иргэд нүргээнт хэмнэлээсээ хааяа ч гэсэн холдох боломжийг Туулын эрэг дагуу, Налайх хүртэл үргэлжлэх унадаг дугуйн зам гэж харж буй.

Хэрэв эл бүтээн байгуулалтыг яс гүйцэтгэчихвэл дараа нь Сэлбэ, Улиастайн гол дагуу яг адилхан байх ёстой гэж “даврах” нь ойлгомжтой. Одоогийн байдлаар эл чиглэл тус бүрт унадаг дугуйн 25 км урт зам барих төлөвлөгөө “цээжинд” байгаа гэсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)