Аялахад таатай улс, хотуудын жагсаалтаас Монгол “гээгджээ”

Цар тахлын улмаас аялал жуулчлал уналтад орж, энэ салбарт бизнес эрхлэгчид хүндхэн сорилттой нүүр тулсан. Олон улсын хэрэглэгчийн байгууллага өдгөө хамгийн их хохирсон, бас үйлчлүүлэгчдээ “гомдоосон” (аяллын захиалгыг нь цуцалсан) салбараар “утаагүй үйлдвэрлэл”-ийнхнийг нэрлэснийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн П.Хаш-Эрдэнэ мэдээлсэн. Дэлхийн улсууд аялал жуулчлалын салбараа сэргээх, идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг шат дараатай авч байна. Австрали, Шинэ Зеланд улс зөвхөн хоёр орны иргэд харилцан аялах “хамгаалалттай” аялал жуулчлалын хөтөлбөрийг ирэх наймдугаар сараас хэрэгжүүлэх болсон талаар “Улаанбаатар” аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв нүүр номдоо хуваалцаад, “Улс орнууд аялал жуулчлалаа аврахын тулд янз бүрийн арга хэмжээ авч эхэллээ. Бид ч хоцормооргүй байна” гэжээ. Харин Монгол Улс “Ковид-19”-ийг дотооддоо алдаагүй гэх мөртлөө бүхнийг хорьж, царцаагаад буй нь аялал жуулчлалын салбарынхныг бухимдуулсаар байгаа. Зарим аж ахуйн нэгж дотооддоо жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ч иргэд гол, ус бохирдуулсан, хогон овоо үүсгэсэн, түүхэн, дурсгалт газар сүйтгэсэн талаарх таагүй мэдээ байсхийгээд л дуулдах боллоо.

Манай улс коронавирусийн тархалтыг хяналтдаа авсан нь дэлхий нийтийн анхаарал татаж, Их Британийн “The Telegraph” сонин аялахад тохиромжтой 16 орны нэгээр Монголыг нэрлэсэн талаарх мэдээлэл саяхан олон нийтийн сүлжээнд өндөр хандалт авсан. Энэ талаарх мэдээллийн доор “Хилээ нээчихвэл гадаадынхны цуваа тасрахгүй”, “Ингээд монголчууд дэлхийн анхаарлын төвд орлоо” гэсэн сэтгэгдэл хөвөрч байв.

Гэтэл Дэлхийн аялал жуулчлалын байгууллага 2020 оны эхний хагас жилийн тайлан, судалгаанд “Аялахад аюулгүй улс, хот”-ыг нэрлэхдээ Монголыг “гээчихжээ”. Словен, Болгар, Турк, Португал улс, Канадын Онтарио муж, Мексикийн Канкун, Юкатан, Бажа Калифорниа Сур, Испанийн Мадрид, Барселон, Севилл хот энэ жагсаалтад багтсан юм. Манай холбогдох байгууллагууд гадаад сурталчилгаа, цахим маркетингийг хөгжүүлэхэд төдийлөн анхаарахгүй байгаа учир Монгол ДАЖБ-ын анхааралд өртсөнгүй гэж салбарын бизнес эрхлэгчид шүүмжилж байна. Зарим нь “Шийдвэр гаргагчид, холбогдох байгууллагын удирдлага сонгууль “хөөгөөд” эзгүй, завгүй. Харин бизнес эрхлэгчид тэдний сүүдэрт дарагдсаар, дампуурч дууслаа” гэжээ.