"Аякс" "Реал" Мадридын Аваргуудын Лигт дөрөв дэхь удаагаа төрүүлэх гэсэн мөрөөдлийг нутаг дээр нь булшлав


 Тоглолтын эхний голыг “Аяксын” хагас хамгаалагч Хаким Зиеш найм дахь минутад Тадичийн дамжуулалтаар хийжээ. Удалгүй мөн л Тадичийн тусламжтайгаар “Реалын” хаалганд Дэвид Нерес оруулжээ. Хоёр багийн өмнөх тоглолтод Испанийн баг 2:1 харьцаатай хожсон бол энэ удаа 4:1 хожигдон тэмцээнээ дуусгалаа. Гурав дахь голыг тоглолтын хоёрдугаар хагаст Тадич өөрөө оруулсан байна. Мэдээж хөл бөмбөг тайлбарлагчид түүнийг энэ удаагийн шилдэг тоглогч гэж нэгэн дуугаар нэрлэж байна. “Реал”-ын ахлагч Серхио Рамос шар хуудас аван хоёр тоглолт өнжиж байгаа явдал тоглолтын дүнд нөлөөлсөн нь мэдээж. Испанийн баг хариу бөмбөгийг тоглолтын 71 дэх минутад хийжээ. Бөмбөгийн эзнээр Марко Асенсо тодорсон байна. Аваргуудын Лигт хамгийн олон түрүүлсэн “Реал” Мадрид ийнхүү тэмцээнээс хасагдаж байгаа явдал хөлбөмбөг сонирхогчид болон мэргэжилтнүүдийн ярианы гол сэдэв болоод байна. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Испанийн багийн хожигдлыг Серхио Рамосын өнжсөн явдалтай холбон тайлбарлаж байна. Тэдний үзэж буйгаар энэ нь багийнхны сэтгэл санаанд их нөлөөлжээ.Үүнээс гадна хамгаалагчдийн бэртэл гэмтэл нэрмээс болсон нь мэдээж. Сүүлийн найман жилд хагас шигшээ хүртэл тэмцээнээс хасагдаж байгаагүй “Реал” Мадрид тоглолтын арга барилаа өөрчлөх цаг нь ирсэн гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна. Харин “Аякс” энэ жил их найдлага төрүүлж байгаа аж. Багийн зургаан тоглогч 22 болон түүнээс доош насных гэж бодоход яахын аргагүй ирээдүйтэй баг болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)