Аядуу эхэлсэн их хурал ширүүн үргэлжлэв

АН-д их шинэчлэл, өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт үүсгэсэн VI их хурал өчигдөр эхэллээ. 16 жилийн өмнөх арванхоёрдугаар сарын 6-нд ардчилсан чиг баримжаатай таван нам нэгдэж АН-ыг байгуулсан. Нам байгуулагдсан өдрөө тааруулж товлосон их хурал гишүүдийн баярын мэндтэй, уяраах “Хонхны дуу”-тай, аргадах “Ялалтын туг”-тай аядуухан эхэлсэн юм.

Өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан 109 сум, гурван дүүргийн намын хороонд “Ялалтын туг” гардуулах ёслолоор хурлаа эхлүүлсэн нь танхимыг баяр ёслолын уур амьсгалтай болгосон. Баярын өдрөө их хурлаа товлож, ардчилсан хувьсгалын түүхийг сөхөн “Хонхны дуу”-гаа эгшиглүүлж, ялалт байгуулсан намын хороодыг магтаж, урамшуулсан нь уур амьсгалыг зөөлрүүлэх зохион байгуулагчдын тактик биз.

ҮЗХ-ны хурлаас их хурлыг даргалах үүргийг Д.Баттулгад оноож, тэргүүлэгчээр Д.Зоригт, Л.Болд, С.Одонтуяа, Х.Тэмүүжин нарыг томилсон нь зарим төлөөлөгчийн эсэргүүцэлтэй тулгарснаас өөр асуудал үдээс өмнө гарсангүй. ҮЗХ-ноос бүх асуудлаа хайрцаглаж, хурлын тэргүүлэгчдийг томилон, хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргаж, их хурлыг бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу явуулах гэж буйг эсэргүүцэж, хурлын тэргүүлэгчдээ төлөөлөгчдийн саналаар сонгохыг шаардсан гишүүдэд Д.Баттулга “Их хурлын дарга, тэргүүлэгчдийг ҮЗХ-ны хурлаар баталдаг дүрэмтэй. Дүрмээрээ явъя. Шинэчлэл хийх гэж цугларчихаад дүрмээ зөрчөөд эхэлбэл олигтой үр дүнд хүрэхгүй” гэсэн хариу барьснаар эсэргүүцэл намжив.

Сонгуульд намаа ялагдуулсны хариуцлагаа хүлээн огцрох өргөдлөө өгсөн ч дараагийн даргаа тодортол намаа удирдах үүрэг хүлээсэн З.Энхболд улс төрийн илтгэл тавив. Тэрбээр “УИХ-ын ээлжит сонгуулийн дараа бий болсон улс төрийн шинэ нөхцөл байдалд АН-ын энэ удаагийн их хурал хуралдаж байна. Өнөөдрийн их хурлаар ялагдлын шалтгааныг тодорхойлж, АН цаашид бодлого үйл ажиллагаандаа ямар шинэтгэл хийх вэ гэдгээ хэлэлцэж тодорхойлох гэж байна.

АН Монгол Улсын язгуур эрх ашиг, монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч, хуулийн засаглалыг эрхэмлэсэн, Монгол Улсын улс төрийн тулгуур багана мөн гэдгийг бид энэ их хурлаараа ард түмэндээ дахин нотлон харуулах ёстой. Өнгөрсөн он жилүүдийн оноо, алдаагаа хаалттай хаалганы цаана биш, илэн далангүй нээлттэй ярилцаж, нийт гишүүдийн оролцоог ханган хэлэлцэж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх зүй ёсны шаардлага ч тулгарч байна” гэсэн. З.Энхболд өнгөрсөн дөрвөн жилийн дотоод болон гадаад нөхцөл байдал ямар байсныг дурдаж, ямар нөөцөөр хэрхэн ажилласнаа төлөөлөгчдөд тайлагнаад өнгөрсөн сонгуульд ялагдсан шалтгаанаа тайлбарлав.

Тэрбээр “Энэ сонгуульд манай нам ялж чадаагүйн цаана олон хүчин зүйл, шалтгаан бий. Биднээс шалтгаалсан, үл шалтгаалсан хүчин зүйлүүд ч байсан. АН цаг үргэлж ачааны хүндийг үүрч ирсэн байдаг. Яагаад гэвэл манай нам сонгуульд ялж, засгийн эрх барих болгонд эдийн засгийн хүндрэл бэрхшээл тохиолдож ирсэн. 1997-1998 оны Азийн болон Оросын хямрал биднийг засаг барьж байх цаг үед таарсан бол 2012 оноос хойш дэлхийн зах зээл дээрх эрдэс баялаг, түүхий эдийн үнэ огцом унасан мөчлөгтэй тулгарлаа.

Үүнээс улбаалан Монголын экспортын гол зах зээл болох хоёр хөршийн эдийн засгийн өсөлт саарснаар манай эдийн засагт хүндхэн цохилт ирсэн юм. Сонгуулийн үр дүнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн өөр нэгэн ноцтой үзэгдлийн талаар хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ бол “царцааны нүүдэл” гэх нэр томьёотой, тухайлсан тойрогт сонгогчдыг олноор нь нүүлгэн шилжүүлэх үзэгдэл юм. “Царцааны нүүдэл” Хөвсгөл, Увс, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагт АН-ын нэр дэвшигчдийг унагаахад нөлөөлсөн нь бодит баримтаар нотлогдож буй” гээд “Бид улс төрийн тавцанд гол тоглогчийн нэг хэвээр байгаа” хэмээсэн.

Их хурлын үдээс хойших хуралдаанаар намын даргын илтгэл болон Шинэтгэлийн хөтөлбөрийг хэлэлцэж, санал, шүүмжлэл сонсох хуваарьтай байсан бөгөөд хурал хаалттай горимоор үргэлжилсэн. Энэ үеэр танхимын уур амьсгал нэлээд ширүүсэж, гишүүд намын удирдлагуудаа шүүмжлэлээр булсан бөгөөд Төрийн шагналт Д.Сосорбарам “Би ийм ардчиллыг хүсээгүй. Энэ миний хүссэн нийгэм биш. Намаас гарлаа. Баяртай” хэмээн хаалга савж гарсан гэсэн мэдээлэл байна. 20.00 цагт санал, шүүмжлэл дуусаагүй байв.

Их хурлаас хүлээж буй үр дүн, намын шинэчлэлийн талаар төлөөлөгчдийн саналыг сонслоо.

М.ЧИМЭДДОРЖ (“Нээлттэй АН-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий зохицуулагч):

-Манай хөдөлгөөний залуус намын Үндсэн дүрмийг шинэчлэхэд сайн ажилласан. Олон санаа гаргасан. Харамсалтай нь, ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг их хурлаас өмнөх өдөр Гүйцэтгэх зөвлөл болон ҮЗХ-гоор хэлэлцэж, зарим саналыг нэмж, хассан байна. Намын шинэчлэлийн хамгийн гол асуудал нь АН жирийн гишүүддээ эрхийг нь өгөх үү, булаах уу гэдэг байна.

Сая хурал эхлэхэд л гэхэд их хурлын тэргүүлэгчдийг ҮЗХ-ноос томилон оруулж ирж, гишүүдийнхээ эрхийг булаах асуудал дахин хөндөгдлөө. АН-ын хурлын дэгийн тухай журмаар бол их хурлын төлөөлөгчид тэргүүлэгчдээ өөрсдөө сонгох ёстой. Гэтэл Үндсэн дүрэмд ҮЗХ-нд эрхийг өгсөн заалт байдаг учраас аль ашигтайгаа хэрэглээд явж байна. Их хурлын уур амьсгал харьцангуй эерэг байна. Үндсэн дүрмийн шинэчлэлд орсон гол санаанууд батлагдвал энэ удаагийн их хурал зорилгоо биелүүлнэ.

Ж.БАТЗАНДАН (УИХ-ын гишүүн):

-Энэ хурлыг үр дүнтэй болгохын тулд гишүүд маань хүчин чармайлт гаргаж, асуудалд нухацтай хандана гэдэгт итгэлтэй байгаа. АН олон сайн талтай, бас олон зовлонтой. Бидний гол зовлон нь дэндүү олон фракц. Фракцын зөрчлөөс болоод нам хагарч, бутрах дээрээ тулдаг. Энэ зовлонгоос гарахын тулд фракцуудыг бодлогын зөвлөл болгох ёстой гэж бодож байгаа. Явцуу эрх ашгийн фракцуудыг дүрмээрээ хориглохоор хичээл зүтгэл гаргаж байна. АН хэтэрхий хэвтээ тогтолцоотой.

Үүнийг хагас босоо тогтолцоо болгож өөрчлөх, шилэн нам болох, бүртгэлийн системийг сайжруулах, дотоод сунгаагаа илүү шударга явуулдаг болох, бүх шатны намын дарга нарыг гишүүдээсээ сонгодог болох зэрэг томоохон өөрчлөлтийн саналуудыг их хурлаар хэлэлцэнэ. Олон сонирхлыг нэгтгэх, намын эв нэгдлийг хангах бодлогыг дүрмийн өөрчлөлтөд тусгахаар ажиллаж байна. Энэ батлагдвал том өөрчлөлт болно.

Өнөөдрийг хүртэл АН-ын шат, шатны хурлууд намын даргын асуудлыг л ярьдаг байлаа. Намын дарга хэн болохоос шалтгаалаад шийдвэр гаргах түвшин дэх фракц, бүлэглэлийн хүчний харьцаа өөрчлөгддөг, дотоод зодоон бий болдог байсан. Одоо шат шатны хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэхийг хориглож, нийт гишүүдээс сонгох санал төсөлд явж байгаа.

Би Монголын ардчилал, АН хоёр нэг шулуунд давхцах ёстой гэж боддог. Сүүлийн жилүүдэд АН ардчилсан зарчим, үнэт зүйлээсээ хазайх тохиолдол цөөнгүй байсан. АН-ыг өөрийнх нь үнэт зүйл, зарчим дээр авчирч тавих нь энэ удаагийн их хурлын, дүрмийн шинэчлэлийн зорилго, зорилт байх болно. АН шинэчлэгдсэнээр Монголын ардчилал шинэчлэгдэнэ. Ингэснээр Монголын эрх чөлөө, ирээдүй илүү баталгаатай болно.

Д.САЙНБАЯР (“Нээлттэй АН-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий гишүүн):

-Дүрмийг шинэчлэх ажлын хэсэгт манай хөдөлгөөнийнхөн идэвхтэй оролцсон. Үндсэн дүрмийн төсөл тун боломжийн, харьцангуй гишүүдийн тэгш оролцоог хангасан заалтуудтай. Харамсалтай нь хугацаа богино байсан учраас дүрэм, үзэл баримтлалыг цогцоор нь шийдэх боломж байсангүй. Тиймээс энэ удаагийн их хурлаар намын шинэ дүрмийг батлахаа хойшлуулж, 3-6 сарын хугацаанд орон даяар хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй.

Л.ЭРХЭМБАЯР (Намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч):

-VI их хурлаар АН-ын шинэчлэл эхэлж, улс төрийн намын төлөвшлийн дараагийн үе шат руугаа орж байна. АН-ын шинэтгэлийн асуудал VI их хурлаар дуусахгүй. АН фракцуудад хуваагдсан, дунд шатандаа “хувьчлагдсан” гэж жирийн гишүүд ярьж байгаа. Тиймээс АН-ын бүртгэлийг цахимаар хийдэг, хариуцлагын тогтолцоотой, нээлттэй, ил тод, итгэл даадаг нам болъё гэсэн үндсэн зарчмаа АН-ын шинэтгэлийн хөтөлбөрт тусгаж, батлах гэж байна.

Энэ хөтөлбөр ойрын дунд хугацаанд манай намын баримтлах үндсэн чиг баримжаа болно. Шинэтгэлийн нэг хэсэг нь АН-ын дүрэмд өөрчлөлт оруулснаар эхэлж байгаа юм. Тухайлбал, дүрмийн төсөлд АН-ын даргыг саналын эрхтэй нийт гишүүдээсээ сонгодог болъё. АН-ын дунд шатны (аймаг, нийслэл, дүүргийн) намын дарга нарыг зөвхөн намын хорооны гишүүдээс биш, өргөтгөсөн төлөөллөөр, ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулъя гэж байгаа.

Бидний төлөвлөж буйгаар нэгдүгээр сарын 8 хүртэл нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэл явагдана. Нэгдүгээр сарын 22-нд улс орон даяар 330 сум, есөн дүүрэгт бүх анхан шатны намын үүрүүдийн хурал болно. Үүгээр намын үүрийн дарга нараа сонгоно. Нэгдүгээр сарын 29 орчимд бүх шатны сонгууль болно. (Аймгийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүний, ҮЗХ-ны гишүүний, нийслэл, дүүргийн сонгууль) Хоёрдугаар сарын 20-ны үед орон даяар санал асуулга явуулж намын даргаа сонгоно гэв.

Хүлээлт үүсгээд буй гол асуудал болох Үндсэн дүрмийн шинэчлэлийг өнөөдөр хэлэлцэнэ. Мөн АН-ын Хяналтын ерөнхий хороо (Үндсэн дүрмийн хороо), Дотоод сонгуулийн хороог байгуулснаар их хурлын хэлэлцэх асуудал дуусах юм.

Өнөөдөр хэлэлцэх дүрмийн төсөлд ҮЗХ-ны гишүүдийн тоог 380 болгох, үүн дунд залуусын 76, эмэгтэйчүүдийн мөн тооны квот тогтоох, намын даргыг сунгаагаар тодруулах, ҮЗХ-ны гишүүдийн татварыг жилийн гурван сая болгох зэрэг гишүүдийн санал нэгдэж буй заалтууд бий.

Мөн Сүхбаатар, Дундговь, Говьсүмбэр зэрэг УИХ-д ганц мандаттай аймгуудын ҮЗХ-ны суудлыг нэмэгдүүлэх, дүрэм зөрчсөн бүх шатны намын дарга нарыг Хяналтын ерөнхий хороо огцруулдаг байх, эсэх зэрэг ҮЗХ-ны гишүүдийн санал зөрөлдөж буй заалтууд ч бий. Үүнийг өнөөдөр их хурлын төлөөлөгчдийн саналаар эцэслэнэ.

Түүнчлэн намын даргын сонгуулийн товыг зарлана. АН түүхэндээ хоёр дахь удаагаа, таван нам нийлснээс хойш анх дахь удаагаа намын даргыг бүх гишүүдээсээ сонгох шийдвэр гаргах гэж буй нь энэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)