Аюул, гамшгийн түвшнийг олон улсын жишгээр тогтооё

Газар хүчтэй хөдлөх тухай түгшүүр зарлахад иргэд аюулгүй байдлаа ханган гадаа гарсан нь

Шинэ вирус гай ч их тарьж, сургамж ч үлдээж байх шиг. Аюул өнгөрсний дараа амьдрал ямар байх талаар олон улсад эрдэмтэн, судлаачид янз янзаар ярьж байна. Зарим нь хүн хоорондын болон улс орнуудын харилцаанд нэлээд өөрчлөлт гарна гэж байхад нэг хэсэг нь бүх юм өмнөх шигээ байх болно гэж буй. Дэлхий даяар халдвартай хүнгүй боллоо гэж зарласнаас хойш хоёр сарын дараа гэхэд л бүгдээрээ бүхнийг мартаад, юу ч болоогүй юм шиг амьдрах болно ч гэж байгаа судлаач ч байна. Ойр дотнын хүмүүсээ алдаагүй, өөрөөр хэлбэл зовлон амсаагүй нь амныхаа зоргоор бурж байж болох юм. Аль нь ч бай шинэ вирус улс орон бүрт багагүй хичээл заалаа.

Ариутгал, халдваргүйжүүлэлт, ямар чухал болох, вирус судлаач хэмээх мэргэжил, мэргэжилтний үнэ цэн, эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгэмд гүйцэтгэдэг үүрэг, эзэлдэг байр суурийг өмнө байгаагүйгээр ойлгож байна. Бохир гар өвчин дамжуулдаг, амны хаалт хамгаалдаг гэдгийг хоёр настай хүүхэд ч хэлэх боллоо. Эрс тэс уур амьсгалтай манай оронд намар, өвөл ханиад, томуу элбэг байдаг. Амны хаалт тогтмол зүүж байвал коронавирусээс төдийгүй элдэв үүсгэгчтэй ханиад, томуугаас ч хамгаалж болохыг нөхцөл байдал, цаг үе харуулав. Манай улсад томуугийн дэгдэлт өмнөх жилийнхтэй харьцуулахад 40-50 хувиар буурсан нь үүний нэг жишээ.

Шинэ вирусийн үлдээж буй сургамжуудаас санаа авч, бусад улс орны туршлагыг хэрэгжүүлэн, үндэсний хэмжээнд хэвшүүлбэл зохих бас нэгэн хэм хэмжээ байна. Магадгүй зохих байгууллагууд хэдийн ажил хэрэгтээ нэвтрүүлж эхэлсэн нь олон нийтэд төдийлөн анзаарагдахгүй байж болох юм. Энэ нь гамшиг аль хэр түвшнийх болохыг олон улсын жишгээр буюу түвшин тус бүрийг тогтсон өнгөөр ялгаж тэмдэглэсэн мэдээллээр хүргэж занших хувилбар юм. Гадаад орнуудад цаг агаарын, газар хөдлөлтийн, галт уулын идэвхжлийн болон бусад аюулын түвшнийг дөрөв ангилан авч үздэг бөгөөд тус бүрийг аюул багатайгаас ихтэй чиглэлд ногоон, шар, улбар шар, улаанаар ялган тэмдэглэж, мэдээллийг тухайн өнгөөр нь хэлж хүргэдэг. Иргэд аль түвшний аюулын тухай мэдээлэл авснаас хамаараад эрсдэлийг тооцоолон ажил, амьдралаа зохицуулж сурчээ.

Өнөө, маргааш цаг агаарын улаан түвшний аюул тохиолдох нь гэж зарлавал улирлаас хамаараад хүмүүс хүчтэй шуурга, үргэлжилсэн бороо, маш их цас, том хэмжээний мөндөр, галын онц аюул хэмээн шууд бодож, цаг агаарын нөхцөл байдал онц аюултай байх нь, тийм болохоор эд материалын хохирол амсаж, хүний амь нас үрэгдэж болно гэж ойлгодог юм байна. Ийм тохиолдолд дүрэмд зааснаар хэрвээ хүчтэй, өөрөөр хэлбэл 18 м/с-ээс дээш хурдтай салхилж, улмаар шуурвал, зарим газарт элбэг тохиолддог хар салхи болбол барилга байгууламжаас хол байх, өндөр багана, мод, цахилгаан дамжуулах шугамын дэргэд зогсохгүй байх, нуугдах газар олох зэрэг арга хэмжээ авахаа хэдийн мэдэж байдаг. Хүнээр хэлүүлдэггүй. Мөн нүдээ хамгаалах, ам, хамар луу элс, шороо, тоос орохоос болгоомжлох, цонх, хаалгаа бөх хаах, машинтай яваа бол зогсох, гэхдээ гарахгүй байх гэхчлэн онц аюултай үед өөрийгөө болон гэр бүл, хамт яваа хүмүүсээ хамгаалахын тулд юу хийх тухай мэдэж байдаг бөгөөд хэвшил болчихсон байдаг аж.

Улаан түвшний, аадар борооны аюул нүүрлэсэн үед ус руу орж болохгүй. Тэр бүү хэл, усанд гараа дүрэх ч хэрэггүй. Металл эд, хэрэгсэлд хүрэхгүй байх, явган явж буй бол аажуу алхах, нээлттэй бүхээгтэй машинаар зорчихгүй байх, газар хэвтэх, эсвэл бухал өвсөнд нуугдах гэх хэрэггүй. Тусдаа буй өндөр объектод 30-50 метрээс дотогших зайд ойртохгүй байх ёстой. Энэ бол аюул, гамшгийн улаан түвшний үед баримтлах дүрэм.

Үүн лүгээ адил цаг агаарын улбар шар, шар, ногоон түвшний аюултай гэж зарлавал иргэн тухай бүрт ямар арга хэмжээ авах ёстойгоо мөн мэддэг байх нь орчин үеийн иргэдийн өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болсон мэт.

Бас нэгэн жишээ татъя. Галт уул ногоон түвшний аюултай байна гэвэл уул харьцангуй тайван байгааг илтгэнэ. Дотоод дахь өндөр температур, даралтын нөлөөгөөр ялгарч байдаг хий ердийнхөөрөө гарч, байнга сонсогдож байдаг авиа ч хэвийн хэмжээнд мэдрэгдэж байдаг аж. Түвшин шар болбол галт уул идэвхжиж буйг сануулах дохио гэнэ. Газар хэсэгчлэн үл мэдэг хөдөлж байх бөгөөд үнс нурам бага багаар агаарт цацагдаж байдаг аж.

Ангилал буюу түвшин улбар шар болоод ирвэл галт уулын идэвхжил өндөрсөж, улмаар оргилох тийшээ хандсаныг илтгэнэ. Зарим үед аль хэдийн буцалж эхэлсэн байдаг ба хайлмаг бага зэрэг урсаж байх талтай. Улаан буюу аюул ихтэй түвшинд бол үнс нурам их хэмжээгээр гарч, далайн түвшнээс дээш найман км-ийн өндөрт цацагдаж байдаг аж.

Манай улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т “аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлнэ гэсэн нь бий. Мөн уг хуульд энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 11 дүгээр зүйлийг “Бэлэн байдлын зэрэгт болон олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд шилжүүлэх” болгосон. Энэ зүйлд 3.5 хэмээх “Олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийг Засгийн газар тогтооно” гэсэн заалт нэмсэн. Тэгэхээр олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Засгийн газар онцгой эрхтэйгээр шат дараалсан арга хэмжээ авч, үр дүнд хүргэхийн төлөө ажилладаг байх нь улам бүр тодорхой болов. Тиймээс аливаа гамшиг, аюулын түвшнийг энд дурдсанчлан олон улсын жишгээр ангилан тогтоож, ногоон, шар, улбар шар, улаан өнгөд харгалзах тодорхойлолтуудыг олон нийтэд хууль мэт таниулан ойлгуулж, хэрэг гарах үед Засгийн газар нь олон нийттэйгээ олон улсын хэлээр товч, тодорхой ойлголцдог болох нь нэгт амар, хялбар, хоёрт, дэлхийн улс орнуудтай адил дүрэм, хэм хэмжээний хүрээнд аюулгүй байдлаа хангах, хангуулах арга, ухаан, стандарт юм хэмээн харж байна.

Шинэ вирусийн аюул дэлхийг нөмөрсөн энэ цаг үед манай улс олон талаар дэлхий нийттэй алхаа, бүр амьсгал нэгтэй байгаа нь улс орнуудтай түргэн шуурхай харилцаж, асуудал шийдэхэд хэчнээн их тустай буйг бүгд харж байна. Гамшгийн түвшнийг олон улсын жишгээр тогтоон, хэрэглэж, хэвшүүлэх нь мөн энэ хэрийн ач холбогдолтой болохыг ойрын ирээдүй харуулах биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)