“Аюултай жим”

Нийслэлийн зам, талбайн олонх нь явган зорчигчдод ээлгүй. Хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй битгий хэл эрүүл чийрэг иргэд хүртэл гарцаар гарах, дугуй унах, алхахад ч бэрх болсон. Энэ нь явган хүний болон дугуйн зам хангалтгүй, орц, гарцын асуудлыг дорвитой шийдээгүйтэй холбоотойг иргэд шүүмжилдэг. Эрх баригчид хотын “толгойны өвчин” болсон замын түгжрэлийг бууруулахад л анхаарч ирснээс явган зорчигчоо өчүүхэн ч боддоггүйг илтгэх гарц, орц, тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохиотой бид алхам тутамдаа нүүр тулж байна. Жишээ нь, Хотын төвийн явган хүний гарцын гэрлэн дохионууд “ногоорно” гэж үгүй.

Тэр дундаа Монгол Улсын боловсролын их сургуулийн болон Төв шуудан, Цаг уур, орчны шинжилгээний газар, хуучнаар “Ард” кинотеатрын гэрлэн дохионууд өвлийн хүйтэн, зуны аагим халуунд ч явган зорчигчдын тэсвэр тэвчээрийг харин ч нэг шавхана даа. Гэрлэн дохио арайхийн солигдлоо ч эсрэг урсгал, чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй давхцах нь бүр ч хачирхалтай.

Хотын төвийн замууд гэрлэн дохиотой тулдаа бас ч гэж иргэдийг зам хөндлөн аюулгүй гаргачихаж байна. Тэгвэл төвөөс алсрах тусам явган хүний гарцууд гэрлэн дохиогүй болж, тэмдэг, тэмдэглэгээ нь ч бүдгэрнэ. Орон сууцын хороолол, хотхонууд, сургууль, цэцэрлэгийн орчимд, хотын захаар зам, тээврийн осол буурдаггүй нэг шалтгаан нь энэ аж. Үүн дээр нэмээд “улаанаар” ч дүрэмгүй дайрдаг жолооч нар гэрлэн дохиогүй гарцуудад иргэдэд зам тавьж өгөх нь бараг л “үлгэр”.

Замын гарц, уулзвар, тэмдэг, тэмдэглэгээ бүрийг явган зорчигчдод ээлтэй болгосон жишиг олон улсад байдгийг гадаадад амьдардаг монголчууд хэлдэг. Иргэн А АНУ-д ажиллахаар очоод удаагүй байхдаа зам хөндлөн гарахаар гарцын өмнө хэсэг зогсжээ. Гэрлэн дохио “ногоорохыг” нь хүлээгээд л байж. 30 орчим минутын дараа хэн нэгэн ирээд товчлуур дарж, ногоон гэрэл “асаасан” гэж байгаа. Учрыг тодруулахад, хүн цөөнтэй гарцуудад иргэд өөрсдөө хөдөлгөөнийг зохицуулж, зам хөндлөн гардаг аж. Мэдээж энэ нь эрчим хүч хэмнэхээс эхлээд давуу талтайг тэрбээр сонирхуулсан. Харин явган зорчигч олноор нэвтэрдэг гарцуудад анивчдаг гэрлэн дохиотой, иргэдийг тэгтэл нь чилээдэггүй гэсэн.

Харин Монголд өдгөө явган хүний гарц “аюултай жим” болж хувирсныг илтгэх хэдэн баримт өгүүлье. Тээврийн цагдаагийн албаныхан өнөөдрөөс ирэх сарын 25 хүртэл “Гарцаараа гарцгаая” аян өрнүүлэх болжээ. Үүний хүрээнд явган зорчигчдод зам тавьж өгөөгүй жолооч нарыг хянаж, шалгах ажлыг эрчимжүүлэх гэнэ. Учир нь өнгөрсөн онд 2089 явган зорчигч зам, тээврийн осолд өртсөний 1500 орчим нь жолоочийн буруутай үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирсон байна. Үүнээс 140 нь амиа алджээ. Тэгвэл энэ оны эхний таван сарын байдлаар 472 хүн зам, тээврийн осолд өртсөний 50 нь нас барсан харамсалтай мэдээг Тээврийн цагдаагийн албанаас өгсөн. Тэдний хэлснээр осол гаргаж буй жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлэгт заасан, зохицуулдаггүй явган хүний гарцтай, мөн гэрлэн дохиотой хэсгээр нэвтэрч буй болон үйлдлээ дуусгаагүй зорчигчдод зам тавьж өгөөгүй, түрүүлж нэвтрүүлэх зэрэг үүргээ биeлүүлдэггүй байна.

Явган зорчигчид согтуугаар замын хөдөлгөөнд оролцох, гарцгүй газраар нэвтрэх зэргээс болж осолд өртөх тохиолдол цөөнгүй гардаг ч дээрх статистикт өгүүлсэнчлэн гэрлэн дохио, орц, гарцын асуудал, хариуцлагагүй жолоочийн буруутай үйлдлээс голдуу гэмтэж, бэртсэн байна. Зүгээр л зам хөндлөн гарахын тулд жилд 100, 200-гаараа нас барна гэдэг байж боломгүй. 100 хувь биш юм гэхэд тодорхой хэмжээнд шийдэгдчих асуудалд холбогдох албаныхан сэтгэл гаргахгүй л байх шиг.

Уг нь нийслэлийн удирдлага дан ганц явган хүний гарц бус, авто замын тэмдэг, тэмдэглэгээг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, сайжруулахыг 2019 оны тавдугаар сард холбогдох албаныханд үүрэгдсэн билээ. Тодруулбал, “Явган хүний гарц бүрийг гэрлэн дохиотой болгох. Замын хэвтээ тэмдэглэгээг цацруулагчтай, шөнийн цагаар гэрэлтдэг байхаар шийдэх. Хаана нь шар, аль хэсэгт нь ногоон, цагаан тэмдэглэгээ хийх вэ гэдэгт олон улсын туршлага судлах. Шаардлага хангаагүй уулзвар, гарцуудыг цөөлж, аюулгүй байдлыг нь хангах” лүндэн буулгасан. Гэтэл тухайн үед шар тэмдэглэгээ давж зогссон жолооч нарыг хэрхэн торгож, цагдахад л анхаарснаас биш, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах тухай ойлголт тэгсхийгээд мартагдав.

Хотын цөөнгүй хэсгүүдэд иргэд зам хөндлөн гарах гэж автобусын 1-2 буудал газар алхсан хэвээр. Тухайлбал, Баянгол дүүргийн IV хороо, Х хорооллоос Улсын гуравдугаар төв эмнэлэг хүртэл явган хүний нэг ч гарц байхгүй. Яарч, тэвдсэн нь гарцгүй газраар гүйж, хашлага, хөвөө давахад хүрдэг. Иргэн Б “БНСУ-д олон жил ажиллаж, амьдарсан. Мэдээж манай улстай эдийн засаг, хүн амын тоогоороо харьцуулшгүй ч эрх баригчдынх нь иргэнээ гэсэн сэтгэл өчүүхэн зүйлд ч харагддаг. 500 метр тутамд шахам явган хүний гарцтай. Гарц бүр гэрлэн дохиотой байдаг нь олон улсын жишиг. Гэрлэн дохионуудын олонхыг нь нарны эрчим хүчээр ажиллуулдаг. Ялангуяа авто замуудын хэвтээ тэмдэглэгээг байнга арчилж, тордоно. Энэ нь явган зорчигч болон замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид харагдахуйц тод өнгөтэй байна. Хурдны болон орон нутгийн замуудад тав, арван км тутамд тусгай дуут дохио дуугаргаж, хурдаа тааруулж явахыг сэрэмжлүүлдэг. Хүн ам шигүү суурьшсан хотуудад явган хүний гарцын хажууд манайхны эмнэлэг, цагдаагийн машинд суурилуулдаг шиг дуут дохиотой. Тэр нь үе үе “дуугарч”, явган хүний гарц байгааг анхааруулдаг. Энэ мэтчилэн явган зорчигчийг хүндэлж, зам тавьж өгөх нь гадаадынхны наад захын соёл. Харин манайд цөөнгүй газруудад явган хүний гарцуудын зураас, тэмдэглэгээ нь харагдахгүй шахам байх. Гарц бүрийг гэрлэн дохиотой болгох төсөв мөнгөгүй байж болно. Гэхдээ замын хэвтээ, босоо тэмдэг, тэмдэглэгээг улирал солигдох бүрт будаж, сайжруулахад тийм их зардал гарахгүй л болов уу” хэмээсэн.

Хотын иргэд бид өглөө гэрээсээ гарангуутаа л хамгийн түрүүнд замын хөдөлгөөнд машинтай, явганаар оролцдог. Тиймдээ ч аятай тухтай замаар, аюулгүй зорчих сон. Харамсалтай нь, дээр өгүүлсэнчлэн гарц бүрийг гэрлэн дохиотой болгох ажил урагшилсангүй. Замын хөдөлгөөний уртаас урт дүрэмтэй ч жолооч нар нь мөрддөггүй. Ямар ч тохиолдолд явган зорчигчид зам тавьж өгөх ёстой ч хэрэгжүүлддэггүй. Явган хүний зам, гарц, орц руу таван км-ээс дотогш машин зогсоож болохгүй ч бүр тэгнээд зогсчихдог нь манайхны гэм биш зан.

Эдгээрээс гадна сургууль орчмын бүсэд зөвхөн хүүхдэд зориулсан гарц, тэмдэг, тэмдэглэгээг ойлгомжтой байрлуулахыг “MNS6444:2014” стандартад заасан байдаг. Гэвч хүүхдүүд сургуулийнхаа эргэн тойронд, ойролцоох замд осолд хамгийн их өртөн, амиа алддаг талаарх судалгаа байна. Саяхан Баянгол дүүргийн IV хорооны нутагт есөн настай хүүхдийг гарцан дээр автомашинаар дайрсан. Түүнчлэн өнгөрсөн оны гуравдугаар сард 13 настай хүүг гарцаар гарч явахад нь мөн л хүнд бэртээсэн. Мөн оны сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны нутаг дэвсгэрт 12 настай хүүхдийг гарцаар гарч явахад нь суудлын автомашины жолооч дайрч, амийг нь хохироосон зэрэг ноцтой осол гарсан юм. Гэх мэтчилэн жилд дунджаар 45-55 орчим хүүхэд зам, тээврийн ослоор нас барж байгаа нь эмгэнэлтэй. Австрали болон АНУ-д явган хүний гарцад ялангуяа сургууль орчмын бүсэд анхааруулах тэмдгээс гадна анивчдаг гэрэл заавал ашигладаг байна. Учир нь гэрлэн дохиотой гарцууд тээврийн хэрэгслийн хурдыг үр дүнтэй зохицуулдаг аж.