АШУҮИС-ийн багш нар эсэргүүцлээ илэрхийлэв

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн захирал Г.Батбаатарыг 2018 оны долдугаар сард үүрэгт ажлаас нь үндэслэлгүй чөлөөлж, оронд нь Ж.Цолмонг томилсон билээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Дээд шүүхээр Г.Батбаатарыг ажилд нь томилох шийдвэр үндэслэлтэй хэмээн үзсэн ч өнөөг хүртэл гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм. Мөн шийдвэрийг оны долдугаар сарын 30-нд Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарсан ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг биелүүлээгүй тул Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, АШУҮИС-ийн “Тогтвортой хөгжил” үйлдвэрчний эвлэлийн хороо болон багш, ажилчдын төлөөлөл өчигдөр жагслаа.

Тус сургуулийн багш Д.Ангараг “Албан бичиг, тушаал, шийдвэр зэрэг сургуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг багш нар мэдэж чадахгүй байна. 2019 оны шилэн дансны мэдээлэл ч байхгүй. Манай салбар уналтад орох нь” гэв. АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын багш Т.Баясгалан “Удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлахгүйгээр Ж.Цолмонг томилсон. Г.Батбаатарыг албан тушаалд нь буцаан томилох шүүхийн шийдвэр гарчихсан атал ажилд нь авахгүй байгаа нь шударга бус явдал” гэлээ. Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны тэргүүн Ц.Мөнхтуяа “Бид холбогдох албан тушаалтанд зургаан удаа шаардлага хүргүүлсэн ч хариу өгсөнгүй. Г.Батбаатарыг үүрэгт ажилдаа эргэн ортол бид тэмцлээ үргэлжлүүлнэ” хэмээн ярилаа.

Бэлтгэсэн: Г.Жаргалмаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)