Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг маргааш хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон нь маргаан дагуулж буй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан сэргээх агуулгатай хуулийн төсөл санаачлан, санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, яаралтай хэлэлцэхийг хүсээд буй бол УИХ ч зүгээр суусангүй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнгөрсөн баасан гарагт Сангийн болон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулахаа мэдэгдсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч энэ талаар ам нээсэн. Тэрбээр “Цэцийн шийдвэр эцсийнх байдаг. УИХ-ын даргын хувьд Цэцийн тогтоолыг үгүйсгэх боломжгүй байна. Тиймээс яаралтай арга хэмжээ авч, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгууллаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд ч холбогдох зохицуулалт бий. Цэцийн шийдвэрт нийцүүлэн холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Төсвийн орлого тасрах зай гаргалгүйгээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Сангийн яамныхантай хамтран ажиллаж байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс аливаа аж ахуйн нэгж зайлсхийх нөхцөл үүсгэхгүй. Хэдийгээр харилцан адилгүй байр суурь хөвөрч байгаа ч АМНАТ-ийг огт төлөхгүй болчихвол 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасрах эрсдэл бий. Гэхдээ энэ нь Цэцийн шийдвэрийг хүлээн авахгүй гэсэн үг биш. Давхардуулан авч байгаа бол засаж, залруулах ёстой. Нөгөө талаас хүн болгон хуулийг тайлбарлаж байна. Ашигт малтмал ашигласан л бол төлбөрөө төлөх ёстой. Гэхдээ дахин боловсруулаад гаргаж байгаа бол эцсийн бүтээгдэхүүнээс л нэгдсэн журмаар татвар авна. Ерөнхийдөө журмаар зохицуулах боломжтой зүйлийг хуульд тусгаснаас болж зөрчил үүссэн гэж манай хууль зүйн ажлын хэсэг дүгнэсэн. Ажлын хэсэг ирэх (энэ) долоо хоногт холбогдох байнгын хороодоор саналаа хэлэлцүүлэх чиглэлтэй байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Юутай ч Үндсэн хуулийн цэцийн 2019 оны IV тогтоолтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг маргааш УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Цэцийн шийдвэртэй холбогдуулан хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлснийг нь үгүйсгэж, хэгжүүрхээд амжсан юм.

Бэлтгэсэн: Б.Уран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)