“Ачит ихт” компанийн удирдлагад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит ихт” компанийн байранд өнгөрсөн баасан гарагт АТГ-ынхан нэгжлэг хийсэн тухай мэдээлэл өчигдөр зарим цахим мэдээллийн хэрэгслээр цацагдав. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан, Сангийн сайд асан П.Цагааны мэдлийн гэх тус компанийн нэлээд хэдэн хүнийг шалгаж буйг эх сурвалжууд баталсан юм. Ингэхдээ “Хэрэг бүртгэлтийн хэрэг дөнгөж нээсэн учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тус компанийн албан тушаалтнууд болон төрийн албан тушаал хашиж байсан хүмүүсийг эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн” гэлээ. Харин “Ачит ихт” компанийнхнаас энэ талаар тодруулахад “АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой зарим асуудлыг шалгаж, тодруулахын тулд “Ачит ихт” компанийн бичиг баримтыг нягталж, тулгаж үзэх шаардлагатай болсон юм шиг байна лээ. Тиймээс зарим бичиг баримт авч явсан” хэмээв.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)