Ачааны галт тэрэгний ослын шалтгаан энэ долоо хоногт тодорхой болно гэв

Өнгөрсөн баасангаас бямба гаригт шилжих шөнө “Дархан-2” өртөөний 14 дүгээр замд ОХУ-аас БНХАУ руу мод тээвэрлэж явсан галт тэрэг осолдсон. Үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ.

Осол гарсан шалтгааны талаар тэд “Ослын эхний дүгнэлтэд бороо их орсны улмаас газрын хөрс зөөлөрч, нэг вагон замаасаа гарсан гэсэн байгаа. Эцсийн дүгнэлт энэ долоо хоногт багтаж гарах учиртай. Тагнуул болон цагдаагийн байгууллага шинжилгээ хийж, гаднын нөлөөгүй гэдгийг тогтоосон. Учир нь осол гарах үед тухайн галт тэрэг 20 км/цагийн хурдтай явсан. Мөн ачааны даац хэтрүүлээгүй” гэв.

Ослын улмаас эвдэрсэн 40 орчим метр замыг засахад 7.8 сая төгрөг зарцуулсан. Засварын ажил дууссан учир зорчих хөдөлгөөн саадгүй болсон байна. Мөн осолдсон галт тэрэгний тээвэрлэж явсан ачааг очих ёстой газарт нь хугацаанд нь хүргэж өгчээ. Ослын шалтгааныг тодруулахаар ОХУ-ын мэргэжилтнүүд хэргийн газарт ажиллаж буй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)