Ачаалах, буулгах соёл ачилтын компаниудад алга

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, саад учруулсан тохиолдолд автомашиныг ачих журамтай. 2013 оноос хэрэгжиж эхлээд долоон жилийг үлдсэн ч өдий хүртэл уг журамтай холбоотой хэл, ам татрахгүй байсаар. Автомашиныг хэд хэдэн тохиолдолд ачих буюу журамладаг. Нийтийн эзэмшлийн зам, зорчих хэсгийн болон хориглосон тэмдэг, тэмдэглэгээтэй газарт зогссон, төрийн хамгаалалт, баяр ёслолын арга хэмжээний үеэр хөдөлгөөнд саад учруулсан, зам тээврийн ослын улмаас хөдлөх боломжгүй болсон, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд автомашиныг нь албадан ачдаг. Журам хэрэгжиж эхэлсэн жилээс дээрх зөрчил гаргасан тохиолдолд ачна гэж сануулсаар атал иргэд хайхрамжгүй хандсаар. ТҮЦ-ээр үйлчлүүлэх, зорчигч авахын тулд нэгдүгээр эгнээг хааж бусдад төвөг уддаг жолооч цөөнгүй. 

Харин түр болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн гаднах зогсоолд тавьсан машиныг нь ачиж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр иргэдийг шатаах нь машин ачилтын компаниудын бизнес болжээ. Өнгөрсөн сард иргэн Б.Энхтөр машинаа хураалгах шахжээ. Тодруулбал, ачилтын компанийн ажилчид машиныг нь журамлах гэж байхад нь амжиж гарч ирсэн тул хураалгаагүй аж. Харин хурдан шуурхай ажиллаж чадаагүй ачилтын компанийн ажилчин нэгэндээ “Хайран мөнгө, хурдхан ачихгүй. Одоо дахиж нэг машин өөрөө олоорой” гэж зандарсан гэнэ. “Мөнгө улаан, нүд цагаан” гэгчээр иргэдийн ажил, амьдралыг үл тоон ийм хүн чанаргүй үйлдэл гаргахаа хариуцлага алдсан жолоочийн буруу гэж өөрсдийгөө зөвтгөнө. Нэг жишээ дурдъя. Хан-Уул дүүргийн III хорооны өрхийн эмнэлэгт эхнэр, хүүхдээ хэвтүүлчихээд гарч ирсэн жолоочийн автомашиныг журамлажээ. Араас нь хашхирч, гүйсэн ч зогсолгүй яваад өгсөн гэнэ. Замын хөдөлгөөнд саад учруулаагүй өрхийн эмнэлгийн гадна зогсож байсан машиныг ачих заалт тэдний журамд тусгагдсан бололтой.

Автомашиныг жолоочид нь мэдэгдэлгүй ачдаг байсан бол сүүлийн үед сануулах болсон гэж олон нийтийн дунд тархжээ. Гар утсанд нь зурвас илгээж мэдээлэх ёстой гэх буруу ойлголт иргэдийн дунд түгээд буй. Тодруулбал, 2015 оны А/190 дүгээр тогтоолд иргэнд автомашиныг нь ачихаасаа өмнө сануулна гэж тусгаагүй байсан бол өнгөрсөн оны зургадугаар сарын 7-нд баталсан А/101 дүгээр тогтоолд гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах ба энэ хугацаанд амжиж гарч ирвэл жолоочийг торголгүй өнгөрөөнө гэж тусгажээ. Хэрэв жолооч нь гарч ирэхгүй бол машиныг нь журамлах юм. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дотоод хяналтын мэргэжилтэн Ө.Төрбатаас тодруулахад “Өнгөрсөн зургадугаар сард батлагдсан журам. Харин иргэд одоо болтол мэдэхгүй, гар утсанд нь зурвас ирдэг болсон гэж буруугаар ойлгоод байна. Зарим иргэн гурван удаа чанга яригчаар дуудах нь хангалтгүй гэж үзэж байна. Гэхдээ жолоочийн хариуцлагагүй байдлыг бууруулах зорилготой эл ажлыг хийж байгаа. Тийм байж жолоочийг нь гарч ирэхийг хүлээгээд, утас руу нь залгаад зогсох боломжгүй шүү дээ. Машин ачилтын компанийг буруутгахаасаа өмнө иргэд өөрсдөө хариуцлагатай байх нь чухал. “Би тавхан минут л болсон” гэж өөрийгөө зөвтгөдөг. Таван минутын хугацаанд хөдөлгөөнд саад учруулсан автомашинаас болж зам түгжирнэ, осол гарна, бусад хүн хөрөнгө мөнгө, цаг хугацаагаараа хохирно. Иргэд өөрийгөө л бодолгүй замын хөдөлгөөнд бусдыг хүндлэх ёстой” гэлээ.

Жолоочид нь мэдэгдэж автомашиныг ачиж эхлээд найман сар болж байгаа ч иргэд үүнийг тэр бүр мэдэхгүй байгаа аж. Түүний хэлсэнчлэн иргэд ухамсартай хандаж, машинаа зөв газар байрлуулах үүрэгтэй. Харин дээр дурдсан жишээтэй адил нөхцөлд иргэдийн автомашиныг ачаад байж болохгүй. Өөр нэгэн жишээ дурдвал, Хүүхдийн зуугийн ХААН банкны гаднаас тээврийн хэрэгслээ ачуулсан иргэн 1800-1200 дугаарт холбогдоод аль журмын хашаанд машин нь байгааг мэдэж чадаагүй аж. Ингээд л бүх ачилтын компани руу залгаж, нэг бүрчлэн хайх шаардлагатай болжээ. Тэртэй тэргүй цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирч буй хүнд ийн ажил удах нь иргэдээ бодсон төрийн шийдвэр биш л байлтай. Автомашин ачих компаниудтай холбоотой чих халууцуулсан асуудал үүгээр дуусахгүй. Автомашин ачих, ачилтын үед гэмтээх зөрчил цөөнгүй тохиолддог. 2018 онд BMML компанийнхан журамласан автомашины эд ангийг тоносон хэрэг гарсан. Хамтран ажиллах гэрээ байгуулсан нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан тухайн үед тус компанийн машин ачиж, журамлах эрхийг нь цуцалсан байдаг.

2015 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд суудлын автомашиныг 60, том оврынхыг 90, мотоциклыг 30 мянган төгрөгөөр торгохоор тусгасан байдаг. Өнөөдрийн байдлаар нийслэлд 15 аж ахуйн нэгжийн 100 ачигч машин өдөрт 100-150 автомашиныг журмын хашаанд хүргэдэг. Бүгд жижиг оврынх гэж үзвэл, өдөрт ес хүртэл сая төгрөг, нэг компани 400 000-600 000 төгрөг олдог гэсэн үг. Энгийн хүмүүсийн бүтэн сарын цалинг тэд нэг өдрийн дотор иргэдээс “шулдаг” гэж болно. Хэрэв өдөрт нь авахгүй журмын хашаанд хонуулбал 5000 төгрөг нэмж төлнө. Тэгсэн атал иргэдийг торгож олсон мөнгөнөөсөө зургаан жилийн турш нийслэлийн төсөвт төвлөрүүлээгүй аж. Журмын хашааны түрээсийн мөнгө, ажилчдын цалин, шатахуун, тос, тээврийн хэрэгслийн ачилтын зардал гэх мэтчилэн урсгал зардлаа хасаад үлдсэн нь тэдэнд ашиг болон үлддэг. Дээрх орлогоос нь 10 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх саналыг өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан боловч өдийг хүртэл ямар ч шийдвэргүй хэвээр. Торгуульд төлсөн иргэдийн мөнгөний тодорхой хувь нь нийслэлд хийх бүтээн байгуулатад зарцуулагдвал хэн хэндээ тустай.

Хөдөлгөөнд саад учруулсан, зөвшөөрөлгүй газарт автомашинаа тавьсан иргэдийг өмгөөлөх гэсэнгүй. Харин торгуулийн мөнгийг тэнцвэртэй хуваарилж чадахгүйгээс үүдэн энэ ажлыг бизнес гэж харж, машин ачихын төлөө улайрч, хүмүүст хүндрэл учруулж байна гэдгийг л санууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)