Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг хуулиар дэмжинэ

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас давуу талтай болсон гэж Засгийн газар үзэж буй юм байна.

Гишүүдийн хувьд ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээл авах хугацаанд хязгаар тавих, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг шийдвэрлэх, мөн ахмадын хиймэл шүд, протез хийх зардлыг төрөөс даадаг хугацааг богиносгох, хөдөө орон нутагт амьдарч байгаа настнуудад нийтийн тээврийн хөнгөлөлт олгох, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрах чадваргүй ахмад настны асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг илүүтэй сонирхож байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, өчигдөрхөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаанаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 650 тэрбумыг арилжааны банкуудад 15 хувийн хүүтэй байршуулах талаар ярилцсан. Бидний хувьд тэтгэврийн зээлийг 1-6 сарын хугацаанд олгох, зургаан сарын дараа үргэлжлүүлэн зээл олгоход хязгаар тавих асуудлыг ярилцаж байгаа. Тэтгэврийн зээлийн 18 хувийн хүүг 15, 12, 9 гээд үе шаттайгаар бууруулахаар чиглэл өгөн ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд тэтгэврийн асуудалд нэгдсэн аян зохион байгуулна. Учир нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авдаг, тогтоосон хэмжээнээс бага тэтгэвэр олгож байгаа нийгмийн даатгалын байцаагчидтай холбоотой хууль бус ажиллагаанд хяналт шалгалт хийх юм. Энэ нэгдсэн аяныг Хууль зүй, дотоод хэргийн яам, хүчний байгууллагатай хамтран хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна. Үүний дараа ижил хугацаанд, адилхан нөхцөл байдалд ажил хийсэн ч тэтгэвэр нь зөрүүтэй байдаг ахмадуудын асуудлыг судлан шийдвэрлэнэ. Түүнчлэн нийт ахмадуудын 67.5 хувь нь хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байдаг нь судалгаагаар тогтоогдсон. 2005 онд батлагдсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль нь нийгмийн халамжид чиглэсэн байлаа. Шинэчилсэн найруулга хийх болсон гол шалтгаан нь ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал байв. Энэ харилцааг зохицуулахаар тусгайд нь есдүгээр зүйл болгон оруулж байгаа. Мөн энэхүү хуулийн төсөлд аймаг, нийслэл харгалзалгүй ахмад настнууд таксинаас бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих заалтыг оруулсан. Харин таван жилд нэг удаа ахмад настнуудыг хиймэл шүд, протез хийх төлбөрийг төрөөс даадаг хугацааг богиносгох шаардлагагүй гэж үзэж байна. Чанартай сайн байгууллагаар хиймэл шүд, протезоо хийлгэвэл асуудал үүсэхгүй гэж бодож байна. Улсын хэмжээнд бие даан амьдрах чадваргүй ахмад настан 7000 байгаа. Гэвч улсын хэмжээнд ахмадын асрамжийн газар 9 байдаг бөгөөд нийт орны тоо нь 243. Энэ асуудалд УИХ-ын гишүүдээсээ дэмжлэг хүсмээр байна. Ирэх онд хэлэлцэгдэх нийгмийн халамжийн тухай хуульд энэ асуудлыг шийдвэрлэх томоохон зохицуулалт шаардлагатай байна гэж хариулж байлаа.

Ингээд Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 83.7 хувь нь дэмжсэн юм. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)