Ахмадуудаа анхаарлын гадна үлдээсээр байх уу

Төмөр зам дахь “Гурван угсармал” гэдгээр олны танил болсон хуучны таван давхар, тус бүртээ найман орцтой зэргэлдээ гурван байшингийн хэд хэдэн орцны үүдэнд өдөр бүр шахам хүмүүс архиддаг юм. Мөр нийлүүлэн суугаад, шилтэй цэнхэр тойруулан дуу шуу болж, эгээ л аль нэг найзынхаа бааранд дураараа дургиж буй мэт цэнгэж байгаа үзэгддэг. Хорооны цагдаа нь тоохоо байсан бололтой. Тэд “өвгөнтийнхөн” биш. Тэдгээр угсармалуудад амьдардаг оршин суугчид. Зарим нь ач, зээдээ бараа болж байгаа харагддаг. Цэцэрлэгийн, сургуулийн бага ангийн хүүхдүүд рүү хааяа чимээ өгөх аядаж суудаг юм.

Ямар хүмүүс ингэж өдөр бүр шахам найрлаж суудгийг гайхан тодруулахад тэд хөдөлмөрийн хүнд нөхцөлийн гэсэн шалтгаанаар тэтгэвэрт эрт гарсан эрчүүд гэнэ. Тэдэн дунд ганц, хоёр эмэгтэй бас бий. Төмөр замчид, зам ангийнхан, эрчим хүчний салбарынхан аж. Тэд ажилгүй ч сар бүр тэтгэврийн, тэтгэмжийн бага боловч мөнгө авдаг, тэгсэн хэрнээ гэр бүлдээ нэр хүндээр тааруу, улсад хэрэгтэй, эсэх нь тодорхойгүй гээд хэлчихэд хилсдэхгүй. Эрэгтэйчүүдийн хувьд 50 нас гэдэг цэл залуу мэт. Гэтэл энэ насан дээрээ гэр бүл, ажил хөдөлмөрийн орчин, улмаар нийгэмд хэрэггүй болсон мэт ийм хүн манай улсад олон байдгийн хэсэг нь энд буй. Өдөр бүр тэдний хажуугаар өнгөрдөг болохоор “найзуудын” яриа хөөрөөнд бүр дасчихаж. Нэгэн хэвийн уйтгартай юм давтан ярина.

Гэтэл өнгөрсөн зун “манайхны” нүд нь сэргэж, зовхи нь өөдөө болсон мэт санагдав. Ярианых нь сэдэв шинэхэн Хөдөлмөрийн баатар болчихож. Нэг удаа зориуд саатаж сонслоо. Нөхөд хоёр хэсэгт хуваагджээ. Зарим нь энэ гурван байрны нэгэнд оршин суудаг төмөр замын алдартан Н.Ширнэндугар гуайг Хөдөлмөрийн баатар болсныг сайшааж байхад нөгөө хэсэг нь тийм ч дуртай биш байгаа бололтой. Шүдтэй, шүдгүй эрчүүд нэг нэгнээсээ өрсөн чанга чанга ярьж, өөр өөрсдийгөө зөвтгөхийг хичээнэ. Тэр гурван байрны зарим орцны үүдээр ийнхүү хөлчүү эрс хөлхөлдөж байдаг бол байрнуудын дунд байдаг саравчинд ахмад, өндөр настан эрчүүд өдөр бүр тоглож суудаг юм. Тэр өвгөчүүдийн нэг нь Хөдөлмөрийн баатар болсныг өнөө хэдийн зарим нь таашаахгүй байгаа нь илт.

Өвөө ид насандаа хийж бүтээснээрээ хөдөлмөрийн хамт олноо манлайлж, салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан амжилтаараа Хөдөлмөрийн баатар болсон нь лавтай. Үүнтэй маргах юун. Хөлчүү нөхдийн нэг нь “Та нар битгий атаарх. Харин ч хөзөр, даалуугаа ялгахтай байгаа дээр нь цол олгосон нь яамай гэж бодооч” гэх нь орой руу орсон юм даг. Цөөн үгээр чухам үнэнийг хэлэх ч шиг. Хэд хэдэн алдартан төрийн өндөр цолоор шагнуулаад удалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнтэй харьцуулж тэгж хэлсэн байх. Яг тэр мөчид архинд дуртай эрсийг өмөөрмөөр болж ирэв. “Хайран сайхан эрчүүд. Ухаан бүрэн, эрүүл саруулаараа ингэж хөсөр хаягдах гэж. Тэтгэвэрт гарсан байж болно. Хөдөлмөрийн чадвартай хэвээр юм чинь ажлын байр элбэг байдаг бол үргэлжлүүлээд ажиллахгүй юу. Ажилтай, орлоготой байхад аль ч талаараа сэмбийгээд ирнэ. Энэ төр, засаг олигтой байгаад, ажлаар хангаад өгдөг ч болоосой” гэж бодсон. Энэ хү­ мүүс нүүрээ угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд виз гаргуулчих юм бол тэр Солонгост нь ч ажиллаж чадахаар бие эрүүл харагддаг юм. Хөдөлмөрийн насны ийм хүмүүсийг ийнхүү гудамжинд гаргахын оронд ажиллуулаад зохих хөлсийг нь төлдөг бол иргэнд ч, улсад ч хэрэгтэй сэн. Зөвхөн энүүхэн “Гурван угсармал” хавьд ийм байна уу, гэвэл үгүй юм. Нийслэл, улмаар орон даяар өдөр хоногийг энэ мэтчилэн өнгөрөөж буй нь олон. Аймаг, сумын төвүүд бас өөр өөрийн ийм хүмүүстэй. Энэ бол 55-65 орчим насныхны тухай яриа.

Түүнээс дээш, өөрөөр хэлбэл, 65-аас дээш, 70-75, улмаар үүнээс ч өндөр насныхны амьдрал бас нэг өөр аястай. Хүүхдүүд нь сайтар анхаардаг хөгшид цаанаа өөр. Амралтад амарна, сувилалд явна, эмнэлэгт хэвтэнэ, нутагтаа очно, найз нөхөдтэйгөө шуугьж, дуулна. Харин хүүхдүүд нь ажил хөдөлмөр эрхлэхээр тааруу, ээж, аавдаа нэмэр гэхээс нэрмээс болох янзтай хөгшид зүдрүү байх юм. Амьдралын нөхцөл иймэрхүү байхад тэтгэвэр гайгүй ч дээшээ гардаггүй тухай ахмадууд ярьдаг. Тэтгэвэр гайгүй гэдэг нь сарын хоолны мөнгө хэрийн бөгөөд өнөөх хэдэн дэвсгэрт нь авснаас нь хойш гурваас тав хоногт дуусдаг. Байр, цахилгааны мөнгөө төлсөн бол санаа нь амарсан хөгшид дараагийн сард авах хүртлээ тэтгэвэртэй гэдгээ мартаж амьдрахад хүрнэ. Тэдэнд хөдөө явж агаарын сайханд дураар аялах, гадаадад зугаалах боломж төдийлөн байхгүй. Дээр хэлсэнчлэн хүүхдүүд нь эцэг, эхээ тэтгэж, орон гүрнээр аялуулж, өвчин хуучаас нь салгахгүй л бол ээж, аав барахгүй. Насаараа хөдөлмөрлөж, нийгмийн даатгал төлж, тэтгэврийн хуримтлал бүрдүүлсний хэрэг гардаггүй. Манай улсын тэтгэврийн бодлого, тогтолцоо ийм.

Тэтгэвэр ч үгүй, үр хүүхэд ч байхгүй ахмадууд байдаг. Хүүтэй, охинтой ч тэд нь эцэг, эхээ хайхрах сэтгэл, ухаангүй байх нь бас бий. Түрүү жилийн намар бид Дарь-Эхэд байх “Тереза эхийн” хэмээх ахмадын асрамжийн газарт очиж сурвалжилсан билээ. Харж хандах хүнгүй, хоол ундаар тасарч буй хүмүү­ сийг хүлээж авч, асарч хамгаалах зорилготой энэ газарт тэр үед 50-иас дээш насны 30-аад эмэгтэй байсан. Олонх нь эрүүл, өөдрөг бол хараад нүд халтирахаар нь ч байсан юм. Цус харваад ярьж чадахаа байсан эмэгтэй дээшээ харж хэвтэнэ. Хувцас нь цэвэрхэн, байнга хэвтэрт байдаг гэхэд элдэв эвгүй үнэргүй. Зузаан ноосон оймс давхарлаж өмсүүлжээ. Эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр олон жил ажилласан тэрбээр өргөмөл нэг хүүтэй, ажил гэж явсаар хүүхэд төрүүлээгүй гэнэ. Тус төвд ах, дүү нар нь авчирч өгөөд, эргэж ирээгүй гэж байсан. Эмэгтэй сурвалжлагч ирснийг ойлгоод байгаа бололтой, толгойгоо өргөж аядан, юм хэлэх гэсэн янзтай нүд нь гялалзаад байлаа. Даанч ярьж чадахгүй. Биднийг очих үед хүнд байдалтай эмэгтэй нэг л байж таарав. Зарим үед, ялангуяа өвөл тэднийхийг асаргаа ихээр шаардах хүмүүс олноор зорьж очдог, улмаар байнга оршин суух маягтай болдог гэж байлаа. Үр хүүхэдгүй хүн их ядрахын цагт зориод очиход тосож аваад асарч үйлчилдэг байгууллага байгаад баярлахаас аргагүй юм билээ.

Өдгөө манай улсад ахмад настан асарч, сувилах үйлчилгээ хүрээгээ тэлсээр байна. ХНХЯ-нд бүртгэлтэй улсын, хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай цөөн хэдэн асрамжийн газрын зэрэгцээ бүртгэлгүй, хувийн журмаар үйлчилгээ үзүүлдэг хүмүүс олон болжээ. Байнгын ажилтай, завгүй хүмүүс сувилагч нарыг асрах ажилд урих нь элбэг болсон, тиймээс эмнэлгүүдэд чадварлаг сувилагч ховордсон ч гэх юм билээ. Настнуудаа тусад нь байрлуулж, найдвартай хүнээр асруулж, үйлч­ лүүлэн, шимтэй хоол идүүлж, эм, тарианы сайныг зориулавч аав, ээж нь өөрийн хүүхдүүдээ ороод ирэхийг өдөр бүр, цаг тутам хүлээж хэвтдэг нь лавтай. Чөлөө завгүй бизнес хийж, эс бөгөөс улс төрийн ажилд өдөр, шөнийг умартан зүтгэж явдаг хүү нь, охин нь эцэг, эхийнхээ сэтгэлийн дуудлагыг тэр бүр анзаардаг болов уу. Энэхүү нийтлэл дэх Ахмадуудаа асарч, сувилуулахтай холбоотой санаа тэтгэвэр болон төрөөс ахмадууд руу чиглүүлдэг бодлоготой төдийлөн холбоогүй юм. Энэ нь хувь хүмүүсийн сонголт, боломжийн асуудал.

Харин нийтийн хувьд авч үзэхэд төрийн зүгээс ахмадууд руу чиглүүлдэг бодлогод тэргүүлэх байр суурьтай тэтгэврийн тогтолцоог хойш тавилгүй шинэчлээд, боловсронгуй болгоод өгөөсэй. Тэтгэврийн хуулийн шинэчлэл хийх хэд хэдэн яам, агентлаг, бизнесийнхний төлөөллийг ч оролцуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд тэд судалж, шинжлэх ажил эхлүүлсэн байна. Ажлын хэсгийнхэнд одоогоор “Үүнийг ингэж сайжруулах гэж байна, тийм дэвшил гаргахын төлөө ийм алхам хийнэ” гэх зэргээр олон нийтэд мэдээлэх зүйл алга гэсэн. Цаг хугацаа нь болохоор дуугарах биз ээ.

Тэд гол нь 2015 онд төрөөс гаргасан тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлоготой хуулиудыг уялдуулан зохицуулах ажил хийх аж. Цаасан дээр хуулийн зүйл, заалтуудыг нааш, цааш татаж зохицуулах нэг хэрэг. Гагцхүү тэтгэвэр авдаг эмээ, өвөөгийн амьдралд бодитоор гарах өөрчлөлт, дэвшил л төрийн бодлого хүнд чиглэсэн, эсэхийг харуулна.

Ахмадуудаа юм л бол анхаарлын гадна үлдээлгүй, сэтгэл хангалуун амьдрах нөхцөл бүрдэхүйцээр дорвитой тэтгэж байх сан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)