Африкийн хар тамхины бүлэглэлийнхэн оюутан, багш нэрээр Монголд суурьшсан байжээ

Хилээр их хэмжээний хар тамхи оруулж, хүлээн авсан Нигерийн иргэдийг өнгөрсөн даваа гарагт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан билээ. Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдын нэг жилд хураан авсан бодисын 60-70 хувьтай нь тэнцэх хэмжээтэй “ice” хэмээх метамфетамины төрлийн мансууруулах бодисыг Монголд суурьшсан хар тамхины мафийн төлөөлөл хүлээн авч байсныг манай хууль сахиулагчид тусгай ажиллагаа явуулсны дүнд илрүүлсэн юм. 

300 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэж буй энэ их хэмжээний бодисыг илрүүлээгүй, залуусын дунд тараасан бол маш их сөрөг үр дагавартай байсан нь гарцаагүй.

Хууль сахиулагчдын олж тогтоосноор Өмнөд Азийн улсуудад хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэж, худалддаг Африкийн гэмт бүлэглэлийн гишүүд манай улсад янз бүрийн халхавч доор суурьшаад байгаа аж. Тэдний төлөөлөл болсон дөрвөн хүн дээрх “мөс”-ийг Тайландаас олон улсын шуудан илгээмж болон өмнөд хөршөөс ирж буй хүмүүсээр дамжуулан хил нэвтрүүлдэг, улмаар залууст зардаг байсан нь тогтоогдсон гэнэ. 

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Азийз, Дон тэргүүтэй дөрвөн хүнийг цагдаагийнхан НПГ-ынхны хяналт дор саатуулан, нэгжлэг хийснийг бид өмнө нь мэдээлсэн. Монголд суурьшсан бүлэглэлийн толгойлогч Азийз нь манайд гурван жил амьдарч буй бөгөөд ингэхдээ хуурамч нэр ашигласан төдийгүй олон бүсгүйтэй дотно харилцаатай болсон байжээ. 

Тэрбээр “Ап лайн” гадаад хэлний сургалтын төвд цагийн багшаар ажиллахаас гадна Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тольт” бүрэн дунд сургуульд багшилж, хууль бус үйлдлээ халхавчилдаг байсан бололтой. 

Түүний хөлсөлдөг байранд өнгөрсөн даваа гаргийн үдэш нэгжлэг хийж, маш их хэмжээний бэлэн мөнгө хураасан гэдгийг прокурорын байгууллагын эх сурвалжууд мэдээллээ. Хар тамхины наймаачин энэ эр ерөнхий боловсролын сургууль л төгссөн, дээд боловсролгүй нэгэн болох нь шалгалтаар тогтоогджээ.

“Тольт” бүрэн дунд сургууль, нийслэлийн Боловсролын газар, БСШУСЯ-ныхан гадаадаас авч буй мэргэжилтэн багш нарыг ямар ч шалгуур, судалгаагүйгээр ажиллуулж байсан нь монгол залуусыг эрсдэлд оруулах хэмжээнд хүрсэн нь энэ. Харин Монголд суурьшсан Африкийн гэмт бүлэглэлийн дөрвөн төлөөлөгчийн нэг нь Монголын үндэсний их сургуульд анагаах ухааны чиглэлээр сурдаг юм байна.

Хууль сахиулагчид “Тольт” бүрэн дунд сургууль, МҮИС-ийнхныг “Гадаадын гэмт бүлэглэлийнхнийг орон байраар хангаж байсан гэж үзэх үндэслэлтэй” хэмээж байна. Юутай ч Азийз, Дон тэргүүтэй хүмүүстэй харилцаатай байж, мансууруулах бодис авдаг, цааш нь борлуулдаг монгол залуусыг олж тогтоон өнгөрсөн даваа, мягмар гарагт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан бөгөөд прокурорын байгууллагынхан дээрх сургуулийнхныг эрүүгийн хариуцлагад татах, эсэхийг шийдвэрлэх гэнэ.

Харин Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын дөрвөн иргэнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүх хэлэлцээд яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (134)