Африкийн хар тамхины бүлэглэлийнхнийг үнэгүй өмгөөлж, батлан даалтад гаргасан гэв үү

Хилээр их хэмжээний хар тамхи оруулж, хүлээн авсан Нигерийн иргэдийг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган маш их хэмжээний мансууруулах бодистой нь илрүүлэн саатуулсан билээ. Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдын нэг жилд хураан авсан бодисын 60-70 хувьтай нь тэнцэх хэмжээтэй “ice” хэмээх бодисыг Монголд багш, оюутан нэрээр суурьшсан хар тамхины мафийн төлөөлөл хүлээн авч байсныг манай хууль сахиулагчид илрүүлэн шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон юм.

Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрөхөд хэрэгт холбогдсон Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо гэх гурван эр, Изичукву Чиома Фавор гэдэг эмэгтэйд манай өмгөөлөгч нар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, батлан даалтад гаргасан тухай мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагынхнаас лавлахад “Үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ авч байгаа, эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй. Орлогогүй гэх зэргээр үнэгүй үйлчилж байж болзошгүй. Юутай ч хэрэгт холбогдсон нигеричүүдийг батлан даалтад гаргачихсан, гадуур байцааж байгаа” гэлээ. Хэрэв өмгөөлөгч нар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж буй нь үнэн бол арай ч дээ гэмээр санагдсанаа нуух юун. Монголчууддаа үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх нь цөөхөн атлаа харийн хар тамхины мафийн гар хөл бологчдоос ямар ч мөнгө авалгүй өмгөөлж байгааг юу гэж ойлгох вэ.

Багш, оюутан нэрээр манайд ажиллаж, хар тамхи нууцаар оруулж байсан нигеричүүдэд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удааширч болзошгүй болоод буй аж. Учир нь Африкийн хар тамхины мафийн гар хөл болсон “Нигерийн иргэдийн явсан маршрут, мансууруулах бодис оруулж ирсэн чиглэлийг тогтоо” гэх “биелэгдэшгүй даалгавар” прокурорууд нь өгсөн сурагтай. Яагаад ингэж үзэх болов гэхээр манай хууль сахиулагчид аль ч улсад очоод хэрэг шалгаж болохгүй. Эндээс мөрдөгчийн даалгавар бичиж, тэдний явсан байж болзошгүй орнууд руу нь илгээхийн тулд прокурор, орчуулга, ГХЯ-аар дамжуулж гадаад улсын прокурор, шүүхэд хүргүүлнэ. Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй ч бай, гэрээгүй ч гэсэн хууль сахиулах байгууллага нь манай мөрдөгчдийн хүсэлтийг хүлээн шийдвэр гаргаад шалгалт хийж хариу илгээнэ гэсээр байтал хугацаа алдана. Өнөөдөр мөрдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцож буй билээ. Мөрдөгчийн даалгаврыг нь биелүүлж ирэх гэсээр байтал уг хугацаа дуусаж, хүнд гэмт хэрэгт холбогдсон харийнхныг бараг ялаас чөлөөлсөн гэхэд ч хилсдэхээргүй нөхцөл байдалд хүрчээ.

Эргэн сануулахад дээрх дөрвөн хүн маш их хэмжээний “мөс”-ийг Тайландаас олон улсын шуудан илгээмж болон өмнөд хөршөөс ирж буй хүмүүсээр дамжуулан хил нэвтрүүлдэг, улмаар залууст зардаг байсан нь тогтоогдсон билээ. Монголд суурьшсан бүлэглэлийн толгойлогч гэж болох, баривчлагдаж буй зураг, бичлэг нь тухайн үедээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан 31 настай Адекола Олавасен Азийз нь манайд 2016 оны арваннэгдүгээр сараас хойш амьдарч буй. “Ап лайн” гадаад хэлний сургалтын төвд цагийн багшаар ажиллахаас гадна Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тольт” бүрэн дунд сургуульд багшилдаг байсан тэрбээр Принц Шон Азелотти гэдэг хуурамч нэрээр өөр нэг сургалтын төвд ажиллаж байсан гэнэ. Тэрбээр ерөнхий боловсролын сургууль л төгссөн, дээд боловсролгүй нэгэн болох нь шалгалтаар тогтоогдсон талаар бид түүнийг саатуулсны дараа мэдээлж байв.

Харин Монголд суурьшсан Африкийн гэмт бүлэглэлийнхний хэрэгт холбогдсон эмэгтэй Изичукву Чиома Фавор нь 2016 онд Монголын үндэсний их сургуульд уламжлалт анагаах ухааны ангид элссэн нэгэн бол Адиоди Елижах Оладапо нь манай улсад 2018 оны хоёрдугаар сард жуулчны 90 хоногийн хугацаатай виз авч орж ирээд хугацаа хэтрүүлэн амьдарч байсан нь цагдаагийнхны шалгалтаар тодорхой болсон аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)