Афганистаны сонгуулийн өдөр 32 хүн амь үрэгдэв

Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр 113 халдлага гарч, 32 хүн амиа алдаж, 123 хүн шархадсан тухай “Pajhwok” агентлаг мэдээллээ. Тэдгээр халдлагын 64-ийг нь үйлдсэнээ “Талибан” хөдөлгөөний босогчид мэдэгджээ.

Тус улсад Төрийн тэргүүний сонгууль явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ талибууд мэдэгдээд, нэр дэвшигчдийн сонгуулийн өмнөх кампанит ажилд оролцохгүй, саналаа өгөхгүй байхыг уриалсан юм.

Ташрамд дурдахад, Афганистаны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр удаа хойшлогдож, дараа нь тасалдах аюултай болсон билээ. Энэ нь АНУ, “Талибан” хөдөлгөөн хооронд хэлэлцээр байгуулах бэлтгэл ажил тасарсантай холбоотой. Гэвч Вашингтоны санаачилгаар эл үйл явц зогсож, сонгуулиа ямар ч байсан буюу террорист халдлага болох магадлал өндөр хэдий ч явуулахаар шийдсэн аж.

Сонгуулийн санал хураах хэсгүүд нээгдсэн бямба гарагт л гэхэд Кандагар мужид тэсрэх төхөөрөмж 31-ийг илрүүлж, аюулгүй болгосон байна. Санал хураалт эхлэхээс бараг хоёр долоо хоногийн өмнөөс террорист халдлага ар араасаа үйлдэгдэж, олон арван хүний амь эрсэдсэн. Тэр болгоныг зохион байгуулснаа талибууд мэдэгдэж байв.

Ерөнхийлөгчийн сонгуульд 15 нэр дэвшигч өрсөлдсөний дотор одоогийн Төрийн тэргүүн Ашраф Гани, 2014 онд түүний гол өрсөлдөгч байсан, өдгөө Засгийн газрын тэргүүнээр ажиллаж буй Абдулла Абдулла нар байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)