Афганистаны асуудлаарх энхийн хэлэлцээгээ цуцлав

Кабулд террорист халдлага болж, 12 хүн, тэдний дотор Америкийн цэргийн алба хаагч амь үрэгдсэний улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Талибан” хөдөлгөөний удирдагчид болон Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани нартай хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцлав. “Талибан” хөдөлгөөний гол удирдагчид болон Афганистаны Ерөнхийлөгч ням гарагт Кэмп-Дэвидэд цуглаж, надтай нууцаар уулзахаар цуглах байсан юм. Харамсалтай нь, хэлэлцээнд нөлөөлөх зорилгоор Кабулд халдлага үйлдсэнээ хүлээв. Би уулзалтыг болон энхийн хэлэлцээг нэн даруй цуцаллаа” гэж Д.Трамп твиттертээ бичжээ. “Ийм чухал уулзалтын үеэр гал зогсоохоор тохиролцож чадахгүй байгаа талибууд томоохон хэлэлцээрийн талаар зөвшилцөх боломжгүй юм” гэж АНУ-ын Ерөнхийлөгч нэмж бичсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт НАТО-гийн төв байр, АНУ-ын ЭСЯ болон Засгийн газрын байрууд оршдог Кабулын Шаш Дарак дүүрэгт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээжээ. Афганистаны Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас 10 хүн амь эрсэдсэн. Тус улсад НАТО-гоос явуулдаг “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны командлалаас уламжилснаар Румын болон АНУ-ын цэрэг амь үрэгджээ.

АНУ болон “Талибан” хөдөлгөөн 11 заалт бүхий хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн юм. Үүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, Катарын нийслэл Доха хот дахь “Талибан” хөдөлгөөний улс төрийн төв байрны удирдагч Мулла Барадар нар гарын үсэг зурахаар төлөвлөж байсан аж.

Урьд нь Катарт есөн үе шаттай хэлэлцээ хийсэн. АНУ, эсвэл бусад улсад халдлага үйлдэхийн тулд Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглахгүй байх баталгаа гаргаж өгвөл тус улсаас Америкийн цэргийг гаргах хугацааг тохиролцохоор талууд зөвшилцсөн байна. Уг хэлэлцээнд Афганистаны Засгийн газар оролцоогүй ч тэднийг сүүлчийн уулзалтад оролцуулахаар Вашингтон зорьж буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)