Аутизмтай хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөхөөр УДБЭТ-ын бүжигчид "Балетын үдэш" гала тоглолтоо толилуулна

Бусадтай харилцаж, өөрийгөө илэрхийлж чаддаггүй Аутизмтай хүүхдүүд урлагийн өндөр мэдрэмжтэй байх нь бий. Тэгвэл УДБЭТ-ын уран бүтээлчид “Дэлхийн бүжгийн өдөр”-ийг тохиолдуулан Аутизмтай хүүхдүүдэд зориулж "Балетын үдэш" гала тоглолтоо энэ сарын 28, 29-нд зохиох гэж байна. Энэ талаар зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлд мэдээлэв.

Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тоглогдох Ф.Шопен ”Щопениана”, Л.Минкус “Пахита” балетын 25 жилийн ойн арга хэмжээ давхцаж байгаа бөгөөд гол дурд УДБЭТ-ын гоцлол бүжигчин Г.Цолмон, СТА Б.Саруул, СТА О.Анужин, СТА Э.Эрдэнэболд нар тоглох юм байна.

Дөрөвдүгээр сарын 29-ны өдөр “Балетын үдэш” гала тоглолтод 16 шилдэг номероор бэлэг барих гэнэ.

Уг тоглолтоороо дамжуулан аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эхэд сэтгэлийн дэм өгнө гэж найдаж байгаа талаараа хэвлэлийн хурлын үеэр зохион байгуулагчид мэдэгдэв.

Нэмж сонирхуулахад дөрөвдүгээр сарын 29 бол Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн балетын эцэг хэмээн нэрлэдэг. Энэ агуу хүний төрсөн өдрийг ЮНЕСКО-гийн шийдвэр ёсоор 1982 оноос эхлэн дэлхийн бүжгийн өдөр болгон тэмдэглэж ирсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)