АТГ-ын 0.23 га талбайг нийтийн эзэмшилд шилжүүллээ

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээр Улаанбаатар дэлхийн хотуудаас сүүл мушгидаг. Учир нь дэлхийн жишгээр нэг хүнд 16-20 ам метр ногоон байгууламж ногддог. Харин Монголд энэ үзүүлэлт ердөө 3.2 буюу олон улсын жишгээс зургаа дахин бага байна. Тиймээс нийслэлийн удирдлага хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар төвийн дүүрэг бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулахад анхаарах болсон. Үүний хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан АТГ-ын эзэмшлийн 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэрийг өчигдөр гаргалаа.

Баянгол дүүргийн IV хорооны нутаг, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хойно орших тус газрыг 2012 онд АТГ-т орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглуулжээ. Улмаар 2018 онд газар эзэмших эрхийг нь 15 жилээр сунгасан байдаг. Баянгол дүүрэг нийтийн эзэмшлийн талбай багатай, олон нийтэд зориулсан цэцэрлэггүй шахуу тул уг газрыг “Улаанбаатар төмөр зам”-ын эзэмшилд өгч буй аж. Тус газарт ямар нэгэн объект барихгүй бөгөөд ногоон байгууламж болгон тохижуулж, цэцэрлэгжүүлнэ. Хотын дарга С.Амарсайхан “Нийтийн эзэмшлийн талбайгаас танаж, хууль зөрчиж олгосон газруудын эрхийг шат дараатай цуцална. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудад онцгой хяналт тавьж, судалгаа гаргана. Цаашид хот төлөвлөлт, иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд хууль бусаар олгосон газруудыг зориулалтын дагуу ашиглана” гэсэн юм.

Бэлтгэсэн: О.Оргил


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)