АТГ-ын нэрийг барьдаг иргэдийг илрүүлэн, шалгаж байна

АТГ-ын ажилтан хэмээн тус газрынхны нэрийг барьж тендерт дэмжлэг хүссэн, эрүүгийн хэрэгт шалгаж байгаа үйлдэлд өмгөөлөгчийн туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулах хүсэлт тавьсан зэрэг тохиолдлыг тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас дотоод хяналтаараа илрүүлжээ. Тэдний үйлдлийг таслан зогсоож, харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Тухайлбал, иргэн Б энэ оны зургадугаар сард Гаалийн ерөнхий газарт очиж, “АТГ-аас ажлаар явж байна, хувийн тендерийн асуудал дээр дэмжлэг үзүүлээд өгөөч” хэмээн гаалийн удирдах албан тушаалтантай уулзсан аж. Түүнээс гадна өнгөрсөн тавдугаар сард иргэн Э гэгч “АТГ-т шалгуулж байгаа хэргийг шийдвэрлэхэд өмгөөлөгч олж туслалцаа үзүүлнэ” гэж амласан байна. Төрийн тусгай байгууллагынхны нэрийг бариад бусдаас мөнгө авсан, эсэхийг нь нарийвчлан тогтоохоор цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж.

Түүнчлэн төрийн албан хаагчид нэгнийгээ АТГ-аас дуудаж байгаа мэтээр утсаар ярьж, тус газарт очуулсан тохиолдол ч гарсан байна. Тодруулбал, өнгөрсөн сард АТҮТ-ийн мэргэжилтэн Ж гэгч нь хамт ажилладаг Д руу утсаар залгаж, АТГ-аас дуудаж байна гэж хэлсэн гэнэ. Иргэн Ж-ийн дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.21.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул хууль зөрчигчдөд анхааруулжээ.

Бэлтгэсэн: Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)