АТГ-ын дэд даргад Ц.Нямдоржийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Цээсүрэнгийн Нямдоржийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав. Тус газрын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй иргэн байх ёстой гэсэн хуулийн заалттай. Нэр дэвшигч Ц.Нямдорж нь 1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт Гүйцэтгэх ажлын хэлтсийн 1 дүгээр тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж. Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)