АТГ-ынхан Н.Энхбаярт өмгөөлөгч олж өгөхөөр болов

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ-аас зургаа дахь удаагаа зарлан дуудах хуудас гардуулсан ч тэрбээр очихгүй байгаа билээ. Мөрдөн байцаах байгууллагын дуудсан цагт очихгүй байгаа шалтгаанаа мань хүн өмгөөлөгч олдохгүй байгаа хэмээн тайлбарлаж буй гээд хэлчихэж болох нь. Тэрбээр “АТГ-аас олон жилийн турш надад хүчээр ял тулгах балмад ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Үндсэн хуульд заасан өөрийн болон ойр дотнын хамаатан садны эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлүүлэх зэрэг эрхээ эдлэх хүсэлтэй байна.

Надад хүчээр тулгаж буй хэрэг анхнаасаа л улс төрийн зорилготой, өшөө хонзон авах сэдэлтэй байгаа гэдэг нь тодорхой байгаа тул өмнө нь надтай хамтран ажиллаж байсан өмгөөлөгч нар улс төрийн зорилготой хэрэг дээр ажиллах боломжгүй гэсэн. Тиймээс АТГ болон хууль шүүхийн бусад байгууллагын илэрхий хууль бус үйл ажиллагааны эсрэг тууштай зогсох эр зоригтой, мэргэжлийн өндөр ур чадвартай өмгөөлөгч олж өгөх хүсэлтээ сэргээн тавьж байна” хэмээн Монголын өмгөөлөгчдийн холбоонд ханджээ.

МӨХ-ны ерөнхийлөгч Б.Ганбаатар ээлжийн амралттай байгаа, дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт нь ОХУ-ын Кемерово мужид олон улсын өмгөөлөгчдийн уулзалтад явсан учраас хүсэлтийг одоогоор шийдвэрлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн байгаа юм.

Тэгвэл өчигдөр АТГ-ынхан Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөх хүсэлт Хуульчдын холбоонд гаргажээ. Уг хүсэлтэд “Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрбээр ирэхгүй, мөрдөн байцаалтад саад учруулсаар байна. Өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн тайлбар хэлсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40.1.5, 40.2-т заасан үндэслэлээр Монголын Хуульчдын холбоонд хандлаа” гэсэн байв.

Дээрх зүйл заалтад Өмгөөлөгчийг заавал оролцуулахаар заасан бөгөөд өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй гэсэн хуулийн заалтын дагуу АТГ-аас мөрдөн байцаалтыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ийнхүү хандсан аж. Хуульчдын холбоо АТГ-ын хүсэлтийг хүлээн авч, Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэлтэй өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлийг энэ сарын 29-ний дотор нэрээ өгөхийн санал болгосон байна.

Бидний авсан мэдээллээр Н.Энхбаяр мөрдөн байцаалтад ирэхгүй байгаа цаад шалтгаан нь ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжих Эрүүгийн шинэ хуулийг хүлээж байгаа аж. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгаж байгаа бүх хэргийн холбогдогч нар шинэ хууль хэрэгжихийг хүлээн хэргээ ямар нэг шалтгаар удаашруулж буй юм. УИХ-аар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд баталсан Эрүүгийн хууль амьдралд хэрэгжвэл хуулийн тэгшитгэл хийж, ял шийтгэл нь багасах магадлал өндөр юм. Тиймээс Н.Энхбаяр ч, бусад хэргийн холбогдогч, ял шийтгүүлсэн хүмүүс ч хүлээлттэй байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)