АТГ: Швейцарын мөрдөн шалгах байгууллагатай хамтран ажилласны үр дүнд бий болсон нотлох баримтууд бидэнд ирсээр байна

АТГ-ын өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн. Энэ үеэр С.Баярцогтын Швейцар дахь дансны талаар тодруулахад "С.Баярцогтын дансны хуулгатай холбоотой хэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөд гараад байгаа. Монгол Улс Швейцарь улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй. Монгол Улс өнөөдрийн байдлаар иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх 20 орчим гэрээг л гадаадын улс орнуудтай байгуулсан байдаг. Тухайн улс орнуудад бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй учраас авлигын эсрэг хуульд заасан эрх зүйн баримт бичгийг үндэслэн тухайн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа талаараа өмнө нь мэдээлж байсан. Үүний дагуу бидэнд тодорхой нотлох баримтууд ирж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн улсын мөрдөн шалгах байгууллагатай хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, түүний үр дүнд бий болсон нотлох баримтууд бидэнд ирж байгаа. Уг баримтууд ГХЯ-аар дамжин, прокурорын газар хянагдаад өнгөрсөн баасан гарагийн орой бид хүлээн авсан" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)