АТГ нам, улс төрийн захиалгаар ажилладаггүй гэв

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдрийн уламжлалт хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн ээлжит хэвлэлийн хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар оролцож, 2018 оны 7 дугаар сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Авлигын эсрэг хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд тандалт ажиглалт хийж байгаа ба одоогоор Эх нялхсын эрүүл мэндийн төв, Гэмтэл согогийн үндэсний төв, Нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит III эмнэлэг, II амаржих газарт тус тус ажиллаад байна. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн хамтаар ажиллалаа. Тус Эрүүл мэндийн төв нь 2017-2018 онд ажил, сургуульд орох, жолооны үнэмлэх авах, гадаадад явах болон гадаадын иргэдийн урьдчилан сэргийлэх, шинээр гэр бүл болох, эрүүл мэндийн цагаан дэвтрийн урьдчилан сэргийлэх шинжилгээ, рентген флюр, эмчийн үзлэг, шүдний зураг, оюутан цэргийн үзлэгт нийт 6819 хүнийг хамруулсан бөгөөд тэдгээрээс нийт 22.1 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэн ажиллаж байгаа боловч ямар нэмэлт тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь тодорхойгүй, бүртгэл, судалгаа байхгүй байна. Энэ нь аливаа төлбөртэй үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хөрөнгө завших боломжтой нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж болохоор байна. Тухайлбал, Хаан банкны албан хаагчид тус төвөөр дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэсэн байх бөгөөд Хаан банкнаас үзлэгийн 13.000.000 төгрөг шилжүүлэх ёстой байтал шилжүүлээгүй, нийт хэдэн хүн үзсэн эсэх нь тодорхойгүй, тус мөнгөний төрийн санд төвлөрүүлэх ёстой 75 хувь нь төвлөрөөгүй байв. Мөн Эрүүл мэндийн төв болон бусад эрүүл мэндийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа, тендер сонгон шалгаруулалттай танилцаж, илрүүлсэн зөрчлүүдийг арилгуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онд өөрсдийн хамаарал бүхий 9 компаниар дамжуулан 1,5 тэрбум төгрөг завшсан учир шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Энэ үеэр сэтгүүлчид АТГ-ын дарга Х.Энхжаргал өрөөндөө С.Баярыг дуудаж уулзсан гэх мэдээлэлд тайлбар өгөхийг хүслээ. "Яллагдагч өөрөө зарим асуудлыг анхаарч өгөөч гэсэн хүсэлт тавьсан учраас уулзсан. АТГ-ын дарга ч өөрөө хэрэгтэй танилцах эрхтэй байдаг. Иймд энэхүү эрхийн дагуу яллагдагчийн гаргасан хүсэлтээр прокурорын зөвшөөрлөөр, өрөөндөө прокурорын хяналтын дор уулзах ажиллагаа явагдсан" гэв.

Харин 60 тэрбумын асуудал дээр "Бид өмнө нь энэ тухай ярьсан. 60 тэрбумын хэрэг дээр прокуророос мэдээлэл өгсөн. Бид тэнд шаардлагатай бүх материалуудыг өгсөн байгаа. Нийслэлийн прокурорын газраас хэргийн эцсийн шийдвэр гарсан тухай тайлбарыг удаа дараа өгсөн. Нэгэнт прокурор эрхийнхээ дагуу шийдвэрлээд, эцсийн шийдийг гаргасан хэрэг асуудал дээр өнөөдөр бид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрх байхгүй. Прокуророос дахин шалгах нөхцөл байна гэж үзээд доод шатны прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийг дээд шатных нь хүчингүй болгоод, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгавар болгоод ирүүлсэн тохиолдол хууль зүйн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдах ёстой юм. Тэрнээс өнөөдөр бидэнд шууд санаачлагаараа тухайн хэргийг үргэлжлүүлэн шалгах эрх байхгүй. Хоёрдугаар, 29-р зүйлийн 7.3.5-т заасны дагуу прокурор эрхийнхээ дагуу тодорхой хэмжээний ярих эрх өгдөг. Тухайлбал, нээлттэй хэлэлцүүлгээр 60 тэрбумын хэрэгт ямар асуудал хаанаас хэрхэн ирсэн, ажлын хэсэг яаж байгуулагдсан, ямар ажиллагаа хийгдсэн зэргийг тайлбарлахад бэлэн байгаа. 60 тэрбумын хэргийг прокуророос хүчингүй гээд хэрэг үүсгэх боломжгүй гэсэн.

Харин Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал дээр ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг шалгаад явж байгаа. Өөрөөр хэлбэл, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа.

Томоохон хэрэг асуудлууд замхарч, шийдэгдэхгүй байгааг бид хүлээн зөвшөөрнө. Хамгийн гол нь хууль эрх зүйн орчин өөрчлөгдөөд, мөрдөн шалгах ажиллагаа явагддаг байсан аргачлал маань өнгөрсөн жилийн долдугаар сарын 01-нээс шинэ хуулийн зохицуулалтад орсон. Авлига, албан тушаалын гэмт хэрэг бол алга урвуулахын дайтай хурдан шийдэгддэг, үр дүн нь хурдан гардаг хэрэг биш. Тодорхой хугацаанд нэр бүхий эрхэм тодорхой албан тушаалд байх үедээ ул мөрөө баллах чиглэлээр гол нотлох баримтаа устгадаг учир тэрийг дахиж бүрдүүлэхээс эхлээд нэлээн удаан хугацаанд мөрдөн шалгах шаардлага гардаг" гэсэн юм.

Нэмж хэлэхэд, шалгагдаж байгаа хэргүүд ямар нэгэн улс төртэй холбоотой зүйл байхгүй. Зарим нэг асуудал цаг үеийнхээ хувьд сонгууль зэрэг улс төрийн үйл явдалтай давхцах тохиолдол гарч байгаа бол энэ нь өргөдөл, гомдлын гаргасан цаг хугацаатай холбоотой. Хэн нэгний захиалгаар хэрэгт татдаг зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)