АТГ Булган аймагт хэлэлцүүлэг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Булган аймаг дахь төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай уулзав. Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Баяртөгс нар УИХ-аар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлж, “Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт: Орон нутагт анхаарах асуудал” сэдвээр танилцуулга хийлээ.

Түүнчлэн Булган аймгийн бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулав. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд болон иргэдтэй уулзаж, нийтийн албан тушаалтнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналтыг тавих чиглэлээр сургалт зохион байгуулж, бизнес эрхлэгчдээс судалгаа авснаар ажлын хэсгийн Булган аймаг дахь ажил өндөрлөв.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт, 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт, 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Зүүнхараад тус тус ажиллах тул дээрх аймаг, сумын иргэд 99882388 дугаарын утсаар Авлигатай тэмцэх газрын ажилтан Б.Баяртөгстэй холбогдон гомдол, мэдээллээ өгөх боломжтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)