“Атар өргөө”-гийн арилжааг яагаад зогсоосон бэ

Монголын хөрөнгийн биржийнхэн “Атар өргөө” компанитай холбоотой хоёр мэдээлэл ойрмогхон цахим хуудсаараа дамжууллаа. Үүний нэг нь сайн, нөгөө нь муу мэдээ. Сайнаас нь эхэлье. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн сарын 22-нд хуралдаж, нэгж хувьцаанд 300 төгрөгийн ногдол ашиг тараахаар болжээ.

“Атар өргөө” компани 174.136 ширхэг хувьцаатай. Ингэхээр нийт 52.2 сая төгрөгийн ногдол ашиг тараах юм. Ашигтай ажилласан компани л ногдол ашиг тараадаг. Тэгэхээр тэднийх юутай ч ашигтай ажиллажээ. Монголын хөрөнгийн биржид 2016 оны санхүүгийн тайлангаа хараахан мэдээлээгүй байгаа тул хэдэн төгрөгийн ашигтай ажилласан нь тодорхойгүй байна.

... Тус компанийнхан санхүүгийн тайлангаа “но”- той гаргадаг байсан юм болов уу. Ямар учраас удирдлагууд нь хүсэлт гаргаж арилжаагаа зогсоолгодог билээ. Хувьцааных нь ханшид нөлөөлөх мэдээллээс шалтгаалж, өөрсдийнх нь хүсэлтээр арилжааг нь зогсоох тохиолдол бий ...

2015 оны эцсээр тус компанийн нийт хөрөнгө 10.4, үйл ажиллагааны орлого нь 13.1 тэрбум төгрөгт хүрснийг брокер, дилерийн компани цахим хуудсандаа тэмдэглэжээ. Тус компанийн үйл ажиллагааны зардал 2015 онд 12.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ингэснээр 665.5 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.

“Атар өргөө” нь 1941 онд Талх, нарийн боовны үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан. Түүнээс хойш нийслэлийн иргэдийг хүнсээр хангаж буй. Сүүлийн үед жижиг хөрөнгө оруулагчид нь компанийнхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах болсон. Тэд “Компанийг мэргэжлийн бус хүн удирдаж, үйл ажиллагааны менежмент нь суларсан”, “Боломж нөөцөө ашиглан, үйл ажиллагаагаа сайжруулж чадахгүй, ашиг багатай ажиллаж байна” гэж дургүйцэж буй.

Эх сурвалжийн мэдээлснээр “Атар өргөө” компани өдөрт 20 гаруй мянган ширхэг талх, 5000 орчим уут нарийн боов борлуулж байгаа аж. Улаанбаатар хот 320 мянган өрхтэй. Үүнтэй харьцуулж тооцвол, тэднийх зах зээлийн 10 хүрэхгүй хувийг хангаж буй. Хүнсний ууган үйлдвэрийн хувьд энэ нь чамлалттай үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, “Атар өргөө” шинэ тутам нээгдэж буй талх, нарийн боовны үйлдвэрүүдтэй өрсөлдөж чадахгүй байгаагийн илэрхийлэл энэ.

Одоо муу мэдээг нь дуулгая. “Атар өргөө” компанийн хувьцааны арилжааг зогсоожээ. Энэ компанийн хувьцааны арилжааг яагаад зогсоов, ямар шалтгаан байв. Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд “2016 оны санхүүгийн тайланд аудит хийсэн “Фискал аудит” компанийн зөвлөмж, мөн тус компанийн хүсэлтийг үндэслэн гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2017 оны хоёрдугаар сарын 24-ний ¹ 15 тоот албан шаардлагаар “Атар өргөө” ХХК-ийн үнэт цаасны арилжааг түр хугацаагаар зогсоолоо” гэжээ.

Тус компанийнхан санхүүгийн тайлангаа “но”-той гаргадаг байсан юм болов уу. Ямар учраас удирдлагууд нь хүсэлт гаргаж арилжаагаа зогсоолгодог билээ. Хувьцааных нь ханшид нөлөөлөх мэдээллээс шалтгаалж, өөрсдийнх нь хүсэлтээр арилжааг нь зогсоох тохиолдол бий. Хувьцааных нь ханш унах муу мэдээлэл түгэх нь үү. Аудитын компанийн зөвлөмжийг дагасан учраас хардах үндэстэй. Харин ч эсрэгээрээ сайн мэдээ дуулгах нь уу. Тус компанийн нэгж хувьцааны ханш 62 мянган төгрөгт хүрсэн. Үйл ажиллагааных нь цараатай харьцуулахад хөөсөрсөн ханш ч байж мэднэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)