Атаархах зүйл үгүй

“Tab solution” компанийн хамт олон Харүмафүжи Д.Бямбадорж аваргын хамт

Бид Япон Улсын юунд атаархдаг вэ? Өдрөөс өдөрт хөгжсөөр буй техник, технологийн дэвшил, эдийн засгийн өсөлт, амьдрахад таатай аюулгүй орчин, хийсэн буруу хэргийнхээ төлөө ямар ч албан тушаалтан хариуцлага хүлээхэд бэлэн ёс зүй, амьжиргааны түвшин, цалингийн хэмжээ гэх мэтээр тоочоод баршгүй. Гэвч тэнд ч бас асуудал бий. Эдийн засгийн чадавхаараа дэлхийд Америк, Хятадын дараа гуравт ордог Японы хамгийн том тулгамдаж буй асуудал нь хүн амын насжилт. Тэд дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлэх болсон ч төрөлт жилээс жилд буурч буй. 2017 онд гэхэд хүн ам нь 400 мянгаар цөөрчээ. Энэ байдал удаан үргэлжилбэл өдгөө 127 саяд хүрээд байгаа хүн ам нь 2050 онд 100 сая болж буурах бөгөөд ажиллах хүчний хомсдол хаалгыг нь тогшоод эхэлжээ. Иймээс ч тус улсын Засгийн газраас өнгөрсөн онд гадаадаас хагас сая ажиллах хүчин авах болсноо мэдэгдсэн юм. Тэгвэл яг л энэ нөхцөл байдлыг ухаалгаар ашиглан, бизнес эрхэлж буй монгол залууг танилцуулъя.

МӨРӨӨДЛӨӨ БҮТЭЭГЧ

Монгол, Японд үйл ажиллагаа явуулдаг “Tab solution” компанийн захирал А.Дархан хэмээх энэ залуу 2011 онд тус улсад сурахаар очжээ. Суралцах хугацаандаа айл нүүлгэх, барилга нураах, бараа түгээх, зоогийн газар, зочид буудалд цэвэрлэгч гээд хийж үзээгүй ажил үгүй. Гэвч хаана ч сурсан багш нартайгаа үзэл бодлын хувьд таардаггүй зан нь дийлж, 2013 онд сургуулиа хаясан байна. Үүнээс өмнө тэрбээр Монгол, Украинд сурч байсан ч мөн л энэ зангаасаа болж сургуулиа хаясан удаатай. 

“Tab solution” компанийн захирал А.Дархан

Ингээд найзуудтайгаа хамтран бизнесийнхээ санааг ажил хэрэг болгон, Японд амьдардаг гадаад хүмүүст тулгардаг бэрхшээлийг шийдэхийн тулд тэдэнд зориулан цагийн ажилд зуучлах аппликэйшн бүтээсэн байна. Аппликэйшнээ хэд хэдэн удаа засаж сайжруулсаар 2017 оноос компани байгуулж, албан ёсоор Японд бүртгэлтэй, ажил олгогч болжээ. Ингэхдээ Японд бизнес эрхлэх эрх авсан 57 дахь монгол хүн болсон гэнэ. “Tab solution” компани өдгөө Японд 15, Монголд 10 гаруй ажилтантай. Ажилтнуудын 90 хувь нь монгол, үлдсэн нь вьетнам, узбек гэх мэт гадаад хүмүүс аж. Жилд 20 мянга орчим хүнийг ажилд зуучилдаг төдийгүй Японы “Панасоник” гэх мэт томоохон долоон компанитай хамтран ажилладаг. Өдгөө 2000 орчим хүн “Baito gaijin Japan” аппликэйшнийг ашигладаг бөгөөд өдөрт 100 гаруй хүн тогтмол ажлын байртай болдог байна.

Мөн ямар нэгэн асуудал үүсэхээс сэргийлж ажил олгогч байгууллагатай гэрээ байгуулж, хуулийн дагуу асуудлыг шийддэг. Тэрбээр “Мэдээж шууд л бүгд сайхан, бүтэмжтэй байгаагүй. Болохгүй, бүтэхгүй зүйл их тулгарна. Нэгэнт хийж байгаа юм чинь сайн зүйл хийчих гээд үзэж тарсаар хоёр жилийн өмнө төлөвлөснөө хийж дууссан ч Японы хуульд өөрчлөлт орж дахиад шинээр эхэлсэн. Ингээд нэг жил гаруй ажилласан ч бас л болж өгөхгүй байсаар жилийн өмнөөс ажил, сургууль, байр хайдаг, хөрөнгө оруулалт олоход тусалдаг гэх мэт есөн төрлийн аппликэйшнээ бүтээж эхэллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс ажил хайхад зориулсан аппликэйшнээ хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ аппликэйшнээ Японд амьдардаг хүмүүсийнхээ тоогоор тэргүүлдэг 12 улсын хэлээр гаргах юм. Одоогоор монгол, япон, англи хэлээр ажиллаж байгаа. Монголчууд эхний 12-т ордоггүй ч монгол хүн гэдэг утгаараа монгол хэлээ оруулсан” хэмээв.

Өдгөө ч өөрөө аппликэйшнээ туршин, цагийн ажил хийдэг тэрбээр Монголд байхдаа хэвлэлийн бизнес хийж байсан туршлагатай нэгэн.

Мөрөөдлөө “Баяжих” хэмээн хошигносон, 40 орчим орноор аялсан А.Дархантай ярилцлаа.

-Монголчууд бид япончуудаас юу суралцах хэрэгтэй вэ?

-Япон бол гэр бүлийн бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл маш сайн хөгжсөн улс. “Чи юу чаддаг, түүнийгээ л сайн хий” гэдэг. Би бол япончуудаас технологиудыг л сайн сураасай гэж боддог. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл хэрхэн, яаж хөгжиж байгааг, томоохон компани жижгүүдээ хэрхэн дэмжиж байгаагаас суралцаасай гэж хүсдэг.

-Цаашдын зорилго юу вэ?

-Энэ ажлаа маш сайн өргөжүүлэн, Өмнөд Солонгос, Хятад, Швед гэх мэт Японтой ижил асуудалтай орнуудад аппликэйшнээ нэвтрүүлэх бодолтой. Аливаа улсад гадаад хүн маш олон бэрхшээлтэй тулгардаг. Тэр бүх асуудлыг хялбарчлахыг хүсэж байна. Дэлхийн хэмжээнд ажиллахыг мөрөөддөг. Одоохондоо саваа бэлдэж буй.

-Цаашид эндээ амьдрах уу, Монголд очих уу?

-Мэдээж Монголдоо амьдарна. Гэхдээ манай улс хүн амтай цөөтэй учраас бизнес эрхлэхэд тийм ч таатай биш. Япон бол дэлхийн хамгийн аюулгүй орон. Тиймээс бизнесийн гол тавцангаа Япон гэж харж байгаа гэв.

А.Дархан Японы “Панасоник” компанийн үүсгэн байгуулагч Коносүкэ Мацүшита хэмээх эрхмийг шүтэн биширч, үлгэр дуурайлаа болгодог. Коносүкэ Мацүшита дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы бүх компани хямарчихсан байхад нэг ч ажилтнаа халаагүйгээрээ алдартай аж. А.Дархан түүн шиг залуучуудад үлгэр дуурайл болон ажиллаж, хөдөлмөрлөж, эгэл даруухан амьдрахыг эрмэлздэг.

МОНГОЛ, ЯПОНЫ ГҮҮР

Японд тус улсын иргэнтэй гэр бүл болсон цөөнгүй монгол хүн бий. Тэдний нэг Д.Сансар япон эхнэртэй, Дорнод аймгийн Халхгол сумынх. Халхын голын дайнтай холбоотойгоор тэр япончуудад тийм ч элгэмсүү бус өсжээ. Хүүхэд байхын л шилийн сайн эрс, монгол баатрууд, тэдний дайнд байгуулсан гавьяаны тухай сонсож өссөн нэгэн. Тийм болохоороо ч тэр үү япон хүнийг дайснаа гэж боддог байж. Харин хувь заяаны эргүүлэг, эсвэл тоглоомоор гэх үү тэрбээр япон хүнтэй учирч, гэр бүл болон таван жилийг үдээд буй юм. Д.Сансар Японд анх 2014 онд ирж байжээ. 

Д.Сансар эхнэр Каназава Хироми, хүүхдүүдийн хамт

Харин суурьшаад жил гаруй болжээ. Эх орондоо амьдрах, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй ч хүүхдүүдийнхээ боловсрол, ирээдүй, эрүүл мэндийн төлөө Японд амьдрахаар шийдсэн гэнэ. Гэхдээ зун амралтаараа нутагтаа ирж очсоор байгаа. Тэд хүүхдүүдээ монгол соёл, ахуйгаас хөндийрүүлэхгүй байхыг эрмэлздэг гэр бүл. Д.Сансар мөн Монголд хэрэгтэй боловсон хүчнийг зуучлах, Японд сурах, ажиллах хүсэлтэй залууст туслах зорилгоор Япон дахь Монголын залуучуудын холбоо байгуулахаар зорьжээ.

Түүний эхнэр Каназава Хироми нөхөртэйгөө танилцахаас өмнө Монголын талаар ямар ч төсөөлөл, мэдээлэлгүй байсан гэнэ. Интернэтээс хайж олсон мэдээлэл нь монгол гэр, морь, тал нутаг л байсан аж. Улаанбаатар гэж хот байдаг, хотод нь барилга байшин байдаг гэсэн төсөөлөлгүй, морьтой улс давхилдаж байдаг мэтээр боджээ. Энэ бол япон хүмүүсийн Монголын талаарх нийтлэг төсөөлөл. Ийн тэрбээр нөхөртэйгөө хамт гурван жил Улаанбаатарт амьдарчээ. Энэ тухайгаа Каназава Хироми “Манай эгч австрали нөхөртэй. Би ч багаасаа гадаад хүнтэй гэр бүл болохыг хүсдэг байсан. Монгол хүнтэй сууна гэхэд гэрийнхэн минь хаана байдаг, ямар улс вэ гээд гайхаж хүлээж авсан. “Охиныхоо сэтгэлийг л бодно. Өөрөө л шийд” гэсэн. Монголчууд япон хүнээс тэс өөр.

Япон хүнд байхгүй зүйлс Сансарт байдаг. Манай найзуудын нөхрүүд зөвхөн ажлаа хийгээд, цалингаа аваад л явна. Харин манай хүн их том хүсэл тэмүүлэл, зорилготой, янз бүрийн зүйл оролдчихсон явдаг. Монголчууд сэтгэлээрээ, найрсаг, маш хурдан найз болдог хүмүүс. Монгол эмэгтэйчүүд маш хүчирхэг. Монголд байхад хамгийн хэцүү зүйл нь ариун цэврийн өрөө байсан” хэмээсэн. Мөн хэт хуурай агаар, утаа зэрэг нь түүнийг хагас жил тутам нутаг буцах шалтгаан болсон гэнэ. Тэд хуримаа монгол, япон уламжлалаар хийжээ. Нөхрийнхөө мөрөөдөл, зорилгыг биелүүлэх нь түүний зорилго. Түүнчлэн тэд Монгол, Японы гүүр болохыг эрмэлздэг. Тиймдээ ч Монгол, Японы хооронд интернэтээр бизнес хийдэг байна.

Тэрбээр монгол хоол сайн хийж чадахгүй учраас япон хоолоо монголчлон, мах ихтэй хийдэг. Бас Монголыг зорих аялагчид болон монгол хүнтэй гэр бүл болж байгаа япон хүмүүст зориулан блог хөтөлдөг. Блогтоо хуушуур, бууз хийх аргачлалыг бичиж оруулсан нь олон хүний сонирхол татжээ. Түүнчлэн Монголын үзвэл зохих үзэсгэлэнт газрууд болон автобус, таксины үнэ, буудал, нийтийн ариун цэврийн газруудын мэдээллийг блогтоо оруулсан байна. Блогийг нь өдөрт 300 гаруй хүн уншдаг төдийгүй Монголын талаар маш их зүйл асуудаг аж. Тэр тусмаа монгол эрчүүдтэй гэрлэж байгаа япон эмэгтэйчүүд Монголд хэрхэн амьдрах, хүүхдүүдээ эмнэлэгт яаж үзүүлэх талаар асуудаг бол эрчүүд бизнесийн орчныг сонирхдог гэнэ.

Японд амьдарч, сурч, бизнес эрхэлж буй монголчуудаас дөрвийнх нь амьдрал, хүсэл тэмүүлэл, зорилго, мөрөөдөл, зовлон, жаргалыг энд өгүүллээ. Барбара Дэмикийн “Атаархах зүйл үгүй” номд Ким Ир Сен ард түмэндээ хандаж “Бид өөрсдийн хүч чадалдаа итгэж, өөрсдийн ухаанаар улс эх орноо хөгжүүлнэ” гэсэн байдаг. Коммунист удирдагчийн үзэл суртлыг ухуулах гээгүй ч энэ Монгол орныг хөгжүүлэх, өөрчлөх хүн нь та юм шүү гэдгийг хэлэхийг хүслээ. Бид хэнд ч атаархах учиргүй.

Э.Эрдэнэцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)