Асрамжийн төвийг “Өнөр бүл-2” төсөл байртай болгоно

“Зууны өргөө” ТББ, “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн нар хамтарч “Өнөр бүл-2” төсөл хэрэгжүүлэхээр болсноо өчигдөр танилцууллаа. Уг төсөл “Өнөр бүл” асрамжийн төвийн барилгыг шинээр барьж, хүүхдүүдийг олон улсын стандартад нийцсэн, гэр бүлийн орчинтой дүйцэхүйц газарт амьдруулах зорилготой аж. Ирэх жил барилгын ажил нь дуусах юм байна.

Төслийн зохицуулагч “Хөх монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн “Ямар ч орон нийгмийн анхаарлын төвд байдаг зорилтот бүлгийн хүмүүсээ халамжилдаг. Манай улсад гудамжинд дүүгээ тэврээд дуулж байгаа хүүхдэд мөнгө өгөх, унасан нэгнээ түшээд босгох сэтгэл зүрхтэй хүн ховор болж. Монгол хүний үнэт чанар үгүй болжээ. Гэсэн ч “Халуун сэтгэлээр хамтдаа бүтээцгээе” уриан дор нэгдэж, нийгмийн халамж хэрэгтэй хүүхдүүдээ нэн тэргүүнд анхаараач хэмээн монголчууддаа уриалмаар байна.

1974 онд баригдсан “Өнөр бүл” асрамжийн газрын барилга насжилт өндөртэйд тооцогдож, 2016 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 07/03/522 тоот актын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Гэтэл өдгөө тэнд 150 гаруй хүүхэд амьдарч, сурч, боловсрол олж авдаг. Энэ бол улсын хэмжээнд байгаа 5500 гаруй зорилтот бүлгийнхэнтэй харьцуулахад маш бага тоо. Харахад нүд халтирмаар, хорих байр шиг газарт хүүхдүүд 10 гаруй жилийг өнгөрөөж байна.

Тиймээс аль болох олон хүүхдийг гэр шигээ орчинд амьдрах таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө хийж буй “Өнөр бүл-2” төслийг олон хүн дэмжиж, үндэсний хэмжээний хөтөлбөр болоход туслаасай гэж хүсэж байна” гэж ярилаа. “Өмнө нь “Өнөр бүл” гэж асрамжийн газар байдаг талаар сонсож байснаас биш, хүүхдүүд ямар газарт амьдардгийг мэдэхгүй, гадарладаг ч үгүй байсан.

Харин 2016 онд “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонинд гарсан нийтлэлийг уншаад уг төслийг хэрэгжүүлэх санаа төрсөн. Сэтгүүлчид ард түмний дуу хоолой болж байдагт баярлаж байна. “Өнөр бүл” төвийн удирдлагуудтай гэрээ байгуулж, хүүхдүүдээс гарын үсэг цуглуулсан. Төсөл цаашид гурван үе шаттай хэрэгжинэ. Эхний ээлжинд орон даяар төслийг танилцуулна, дараа нь хандив цуглуулж төгсгөлд нь 2018 оны гуравдугаар улиралд барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Одоогоор газрын асуудал шийдэгдээгүй ч нийслэлийн удирдлагуудад хүсэлт явуулна.

Нааштайгаар шийдэж өгнө гэдэгт итгэж байна” хэмээн төслийн удирдагч Э.Одбилэг хэлсэн. Хандивын аянд нэгдэж, зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслахыг хүссэн хүн бүхэн facebook.com/unur­bul2, twitter.com/unurbul2 цахим хаягт нэвтэрч, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)