АСЕМ-ын уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах вэ

Ирэх онд манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний чуулганы бэлтгэл ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар өчигдөр Гадаад хэргийн яаманд санал солилцлоо.

Хэвлэл мэдээллийнхний хувьд АСЕМ-ын тухай зөв мэдээлэл ард иргэддээ түгээх, мөн олон улсын хэмжээний их хурлыг угтаж Монголыг дэлхийд сурталчлах гэсэн хоёр үндсэн үүрэг хүлээж байгаа юм.

Дэлхийн 51, олон улсын хоёр том байгууллагын төлөөллийг хүлээн авах бэлтгэлээ хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо хангаж эхлэх нь зүйтэй гэдгийг Гадаад хэргийн сайд онцолсон. Ялангуяа 2016 онд Монголд уригдсан зарим улсад шинэ Монголын талаар мэдээлэл маш муу байгаа учраас тэдний мэдэх “Чингис хаан”, “Өргөн  уудам хээр тал” дээр нэмж сүүлийн үеийн мэдээлэл, ойлголт өгч, сурталчилгааг хийх хэрэгтэй байна. Богино хэмжээний түүхчилсэн нийтлэл, нэвтрүүлгүүдийг одооноос эхлээд бэлтгэж, Монгол руу харсан олон улсын сонирхлыг татах үүрэг хэвлэлийнхэнд ногдож байна.

Түүнчлэн АСЕМ-ын дээд хэмжээний чуулганы үеэр хотын зарим хэсэгт хөдөлгөөн хязгаарлана. Бээжин хотод ялалтын 70 жилийн ойг тэмдэглэхдээ хүнд үйлдвэрүүдийг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан шиг зарим зохион байгуулалтыг хийнэ. Тиймээс энэ талаарх үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэх АСЕМ-ын мэдээллээр дагнах сэтгүүлч, сурвалжлагчийг ч томилуулах санал гаргасан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)