Асгатын мөнгөний ордыг түшиглэж хамтарсан компани байгуулна

Монгол, Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны 17 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ хуралдаанаар өнгөрсөн жилийн комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын үр дүнг ярилцсан. Мөн хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэж шинэ шатанд гаргаж чадсанаараа энэ удаагийн хуралдаан онцлог боллоо. Уг хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл зэрэг хамтарсан үйлдвэрийн газрын үр ашгийг дээшлүүлэх талаар хоёр тал санал нэгдлээ. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай хоёр улсын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг эртнээс ярьсаар ирсэн. Тиймээс энэхүү хэлэлцээрийг ойрын үед шинэчлэн байгуулж, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг сайжруулах талаар ярилцсан юм. Түүнчлэн Асгатын мөнгөний ордыг түшиглэн Монгол, Оросын шинэ компани байгуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хоёр тал тохиролцов. Энэ үеэр түлш эрим хүчний салбарт хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал хийх талаар хэлэлцэн тохирч, Түлш Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд А.Б.Яновский нар баримт бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Мөн дэд бүтэц, барилгын салбарт Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон байгалийн хийн хоолой, эрчим хүчний шугамыг барьж байгуулахад хамтран ажиллах тал дээр хоёр тал санал нэгдэв. Энэхүү төмөр замын сүлжээ нь хоёр хөршийн зах зээлийг холбох хамгийн дөт, үр ашигтай зам болох энэхүү асуудлаар Монгол Улс, ОХУ,БНХАУ хоорондын өндөр түвшний гурван талт уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах Монголын талын саналыг Оросын тал талархан хүлээн авлаа. Манай Засгийн газраас хэрэгж үүлж байгаа 100 мянган айлын орон сууц барих төслийн хүрээнд Оросын талтай хамтран ажиллах үүд хаалга нээлттэй байгааг энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва онцолсон юм. Мөн хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог цаашид нэмэгдүүлэх бодлого барьж байгаагаа хуралдааны үеэр танилцууллаа.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх салбарын их сургуулиудад монгол залуу эрдэмтдийг мэргэжил дээшлүүлэх зорилгоор сургах, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг ч хурлын үеэр хөндөж тавьсан. Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх шаардлагатай гэж үзээд хамтарсан хуралдааныг ирэх онд Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцов. Протоколд тусгасан эдгээр болон бусад асуудлууд дээр хоёр тал санал нэгдэж, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской болон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва нар баримт бичигт гарын үсэг зурлаа. ЗГХК-ын энэ удаагийн ээлжит хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва, Оросын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар тэргүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)