Асашёорюү... Агуу

Монголчууд бид мартамхай улс. Өнөөдөр ирэхийн алдад мандан буй нэгний араас буур мэт цуцалтгүй илддэг хэрнээ маргааш болохын цагт энэ чинь хэн билээ гэсэн шиг элдвээр нь хэлж, эрээгүй муулна. Гэтэл эх орныхоо нэрийг дуусгаж, үндэстэн түмнийхээ алдрыг мандуулсан эрхэмүүдийнхээ гавьяаг нь марталгүй, зүтгэлийг нь урамталгүй л байгаа юм. Яах вэ, ааш муутай байж болно, айхтар ууртай ч байж мэднэ. Тийм байлаа гэхэд бүтээсэн гавьяаг нь үгүйсгэх, хийсэн бүтээлийг нь үнгэх шалтгаан биш билээ. Бид чинь ертөнц дээр ердөө гурван саяулханаа шүү дээ. Сайн яваа нэгнээ тэд биш бид л сэтгэлээр цэнэглэнэ, гайгүй байгаа нөгөөгөө тэднүүс биш биднүүс л урмаар ташуурдана. Тиймээс хосгүй монгол хүмүүсээ хосгүй монгол итгэлээр дэмжиж байя л гэж би уриалах байна. Уриалахын ялдамд нэгэн хосгүй хүний хосгүй алдар сууг магтан дуулсу.

Орчин цагийн Монголын цуутай гавьяатнуудын хамгийн том төлөөлөгч бол Долгорсүрэнгийн Дагвадорж билээ. Дарийн Дамдин аварга “Гарлаа, өрлөө, давлаа” гэгдэн үндэсний бөхөд мөнхөрсөн шиг Дагваа аварга "Харц, бяр, ааг" гэсэн тодотголтойгоор сүмогийн түүхэнд мөрөө тод үлдээв, нэрээ мөнхөд тамгалав. Түүний барилдаан аймаар уу аймаар, мэх нь ангайлгахаар уу ангайлгахаар. Хаанаас нь ч харсан эрэлхэг монгол бөх, юуг нь ч судалсан эрэмгий монгол эр. А.Сүхбат аваргаас хойш үндэсний бөх үзэхээ байсан гэж хэлэх олон хүн байдгийн адил Асашёорюүг зодог тайлсны дараагаас сүмо харахаа больсон гэх хүн бүр ч их бий. Түүний хийсэн барилдааны бичлэг, түүний байгуулсан ялалтуудын хураангуйг одоо эргээд ширтэхэд хүн бүрийн самсай хачин их шархирч, сэтгэл айхтар том догдолдог л байхгүй юу. Шууд хэлэхэд, түүний сүмод хийсэн барилдаан, дэвжээнд гаргасан араншингаас монголчууд бид өөрсдийгөө олж хардаг, нээрээ бид чинь ийм үндэстэн шүү дээ гэж. Бүр цаашлаад, Чингисийн баатрууд ийм л байсан байх гэж огшицгоодог. Бид Дагваагаараа ингэж бахархаж байхад сүмод дуртай гадныхан түүний барилдааныг үзээд алмайрч суусан юм, хараад ангайж байсан юм. Асашёорюү ч ганган барилддаг байсан шүү, ёкозүна ч аатай үзэлцдэг байжээ гэж. Youtube дэх түүний барилдааны бичлэгийн дор үлдээсэн сэтгэгдлийг уншихад л ийм утга агуулга л зонхилж байна.

Тиймээс л Дагваа аварга агуу юм. Бүх талаараа агуу, эр бяраараа ч, эрэмгий зангаараа ч,  энгүй сэтгэлээрээ ч тэр. Хүүхэд адил эхэр татан уйлж байгаа нь ч агуу. Бүгдийг ялаад баярласандаа, бусдад гомдоод гутарсандаа нулимс дуслуулж байхыг нь харчихаад олоон олон монголчууд дагаад уйлсан. Барилдааны бичлэгийг нь үзэн суугаа би л гэхэд одоо ч гэсэн дагаад уйлмаар, дуурайгаад инээмээр л санагдаж байна.  Сэтгэлээ шингээсэн нулимс, зүрхээ зориулсан инээмсэглэл соронз мэт мөнхөд хүчтэй байх юм аа.  Томоо биетэй, ихээ бяртай аварга хүний дотор хүүхдээрээ гэмээр цайлган сэтгэл, нялхаараа мэт дэггүй зан нуугдсан хэвээр байгаа нь бас л агуу юм. Гагцхүү ийм араншин айлын бага хөвүүдэд л байдаг бөлгөө.

Гэхдээ түүний агууг хамгийн их тодотгож өгдөг чанар бол “Монголоо гэсэн сэтгэл” гэж би ухаж ойлгодог. "МОНГОЛ" гэдэг нэрийг цээжиндээ томоос том сийлж, "ЧИНГИС" хэмээх бахархлыг зүрхэндээ элбэгээс элбэг зурсан Д.Дагвадорж тэрхүү сийлбэрээ, энэхүү зураглалаа тивээс тивд, эх газраас эх газарт мандуулсан. Мандуулах мандуулахдаа, ямар ч эрхт дархтанаас эмээлгүй, аль ч дэг журмаас айлгүй “БИ МОНГОЛ ХҮН” хэмээн чангаас чанга “хашгирч” чадсанд л хамаг учир бий. Хичнээн ч дарамт ирсэн хэлдгээ хэлсээр л байсан, хэдэн ч ноёнтон шахсан хийдгээ хийж л явсан. “Хаана ч, хэзээ ч, хэний ч өмнө Монголоороо байх”-ын хамгийн тод үлгэрлэл энэ буй за. Гадаадад хар ажил хийн зарагдаж, харьд халбага сэрээ угаан зарцлагдаж байлаа ч монголчууд бид бусдын өмнө бөхийлгүй омголон байж, омог бардам зогсдог л биз дээ. Тэгвэл ийм хэмжээний зоригийг ил тодоор, тийм түвшний омгийг илэрхий байдлаар дэлхийд харуулж чадсанд л монгол хүү Д.Дагвадоржийн агуу оршиж байгаа юм. Түүнээс өөр ертөнц даяар “БИ МОНГОЛ ХҮН” гэж монгол барилаар Монголоо гэсэн сэтгэлээ илэрхийлсэн хэн байна аа, орчин цагийн манай алдартнуудаас? Дэлхийд шүү дээ, дэлхийд. Дагваа монгол аархлыг монгол бяраар чимсэн, монгол хүчийг монгол омогшлоор гоёсон жинхэнэ монгол цуутан. Хавайн том харууд Японыг жингээрээ бүрхэж, хүчээрээ дарлаад байхад гагцхүү Дагваа л бүгдийг нь дохёгоор нэг хөглөрүүлэн шидэж, хамгийг нь шалаар нил шавааралдуулан хаяж болохыг харуулсан юм шүү. Хавайнхнаас хүчтэй хөвүүд, арлынхнаас чадвартай эрс Төв Азийн цээжинд байдгийг сүмогоор дамжуулж бас ойлгуулсан, ертөнцийн олонд.

Тэгээд, маргааш нь л “Монголчуудын эрин үе”-ийг жинтэй эхлүүлсэн, нөгөөдөр нь “Манайхны он цаг”-ийг баттай тогтоосон. Бас эхлүүлсэн ажил, баталгаажуулсан үйлээ эх орон ижил залуустаа амжилттай өвлүүлсэн, элэг нэгт дүү нарынхаа аварга болох замыг гайхалтай засч өгсөн. Хар л даа, хажуугаар нь дайрах гэж оролдсон Котоошюүг ухаан самардтал мөргөөд л замаасаа зайлуулсан шүү дээ, өөртэй нь зэрэгцэх гэж үзсэн Барүтог тэнгэрт халиуланг нь алдтал шидэж орхисон биз дээ. Чиётайкайг урд хойноо оруулан баахан бөндөгнүүлсэн нус нулимсыг нь сугартал, Точиазүмаг баруун зүүнээ гарган зөндөө шанаадсан цус нөжийг нь гартал. Энэ бол аргагүй л Дагваагийн арга барил. Ялвал ялсан шиг ялъя, ялагдвал ямбийтал үзэлцээд унана гэсэн том тамирчнаас илэрдэг их хор шар. Зөвхөн ялна гэсэн энэхүү тэмцэгч чанар, яагаад ч ялагдахгүй гэх шазруун араншин нь мэргэжлийн сүмод цоо шинэ хэлбэрийг авчирсан, Японы үзэгчдэд цоо шинэ төрхийг харуулсан. Энэ нь цаад шинжээрээ, монгол бөх ийм босготой барилдах ёстой байх нь, монгол эр тийм эрэмгий байх хэрэгтэй юм байна гэсэн мессежийг манай залуу үеийн сүмочдод өгсөн юм. Тиймээс манайхан сүмод ноёрхож байгаагийн далд утга Дагваатай шуудаар, мөн шууд бусаар холбогдоно. Ийм л болохоор нь дэлхийн алдартнууд түүнийг шүтдэг буй за. Жет Ли, Уилл Смит, М.Вэлберг гээд бишрэгчдийнх нь цуу хаа үргэлжлэх бол оо.  

“Хубилай манайх, Монгол минийх” гэж хэзээд доромжилдог дунддын нэг нөхрийг чигчий хуруугаараа чичиж Их хааныхаа нэр төрийг хамгаалсан. Монгол сэтгэл, Чингис араншинтай хэн ч ингэх л байсан юм. “Монгол юу юм, Чи хэн юмб” гэж дорд үзсэн нэг багыг (Рохог) нударч Алтан ордын хөвүүдийн ноёрхолд 200 жил байсныг нь сануулсан. Монгол удам, Чингис угшилтай хэн ч тэгэх л байлаа. Ийм хэмжээний алдар гавьяаг Монголдоо авчирсан монгол эр, тийм дайны нэр төрийг дэлхийд олсон монгол хүн омогтой байгаа нь гоё юм, аархуу байгаа нь сайхан юм. Энэ хүн чинь хэнд ч захирагдах дургүй Монгол шүү дээ, хэний ч өөдөөс аархаж чаддаг бидний л нэг “Чингис” шүү дээ. Ийм л эрхэм эрин үеийн дуулал байдаг, ирж байгаа цагийн туг нь байдаг. Тиймээс Дагваагийн омголон араншинг өөртөө шингээсэн зуу зуун монгол хөвүүд өсөн торниж байгаа, Асагийнхаа аархам хүчийг биедээ агуулсан мянган мянган залуус эрийн цээнд хүрч яваа. Юутай ч аварга та харьд босоогоороо очсон, босоогоороо ялсан, босоогоороо тэндээс ирсэн. “Монголчууд босоо хийморьтой” хэмээх бидний бахархлын гадаад илрэл Асашёорюү юм, дотоод агуулга нь Д.Дагвадорж юм.

Аргагүй л агуу. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)