Арьс, ширний үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Хан-Уул дүүргийн II, III хорооны нутаг дэвсгэрт арьс, шир боловсруулах чиглэлээр ажилладаг “Белон”, “Ерөөлт”, “Алтанхаргиа”, “Миделмен” зэрэг компани иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, хүрээлэн буй орчин бохирдуулж байгаа талаарх гомдол, мэдээлэл оршин суугчдаас удаа дараа ирүүлсний дагуу тус дүүргийн Прокурорын газрынхан мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчидтай хамтран дээрх компаниудын үйл ажиллагааг шалгажээ. 

Эдгээр компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, норм баримталдаггүй нь шалгалтаар ил болсноос гадна “Белон” нь үйлдвэрлэл явуулах зөвшөөрөлгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн баримт бичиггүй зэрэг ноцтой зөрчил илэрсэн байна.

Үйлдвэрлэлээс гарсан хог хаягдлыг стандартын дагуу хэрхэн тээвэрлэж, химийн хортой бодисыг ямар технологийн дагуу аюулгүй саармагжуулж байгааг энэ үеэр шалгаж, зөвлөн туслах үйлчилгээг мэргэжилтнүүд үзүүлсэн аж. Суурьшлын бүсэд, гэр хороололтой залгаа шахам газар үйл ажиллагаа явуулж байгаа ч холбогдох стандарт, журмыг мөрддөггүй тэдгээр компанид Прокурорын газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)