Арчилж, хамгаалж л байж соёлын өвтэйгөө үлдэнэ

Соёл, урлагийн байгууллагын зарим барилга хүн суух аргагүй элэгдсэнээс хэзээ мөдгүй нурна хэмээн, 1950-1960-аад онд ашиглалтад оруулсан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын төв номын сан, Байгалийн түүхийн музей (Улсын төв музей байсан анхны барилга), Улсын драмын эрдмийн театрын барилгыг буулгуулахаар мэргэжлийн хяналтын газрын акт гарсан. Олон жил айлын хаяанд явсан Үндэсний урлагийн их театр харин аз таарч дэлхийд гайхагдах шинэ театртай болохоор зэхэж байгаад үзэгчид баяртай байгаа ч олон хүн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, эвдэж буулгах амархан, эргүүлж босгох амаргүй гэж байна. Нийслэл хотын өнгө үзэмжийг өөд татаж, харсан бүхний сэтгэлд хоногшсон барилгуудаа буулгаж, оронд нь дуураймлыг босгочихоод соёлын дурсгалт өвийг сайхан хамгаалсан гэж ярих бололтой. Хэн бүхний үзэх дуртай Байгалийн түүхийн музейг Мал эмнэлгийн техникумд зориулан босгосон барилгад оруулсан хэмээн зэмлээд одоо л нэг ёс дэглэмээр нь барих гэж байгаа аятай ярих юм. 2000 хүний багтаамжтай хурлын танхим, өндөр зэрэглэлийн зочид буудал бүхий цогцолбор барихаар 60-аад хувийг нь босгоод цааш нь барилгүй 4-5 жил цас, бороонд, ил задгай орхисон “ором” дээр нь дэлхийн жишигт хүрсэн Байгалийн түүхийн хосгүй сайхан музей босгож, одоо байгаа 12 037 үзмэрийг тавиад өчнөөн хоосон зай талбай үлдэх музей бариулна гэж баярлаад байгаа дарга ч байна. 1956 онд Улсын төв музейг байгуулж, нээсэн түүхт байшингаа хамгаалж, хайрлаж, сэргээж чадаагүй байж, одоогийн барих музейгээ дэлхийн жишигт хүргэнэ гэдэг юу л бол.

Одоогийн СУИС-ийн байшинг 1957 оны үед барьсан бөгөөд тэнд Барилгын зургийн институт, Барилгын яам анх орж байсан бол зүүн талынх нь хойшоо эргэсэн хэсэгт Барилгачдын соёлын ордон байлаа. 1960-аад оны эхээр уг барилгын ерөнхий загварыг архитектор А.Хишигт хэсэг нөхрийн хамт баяжуулан өөрчилж МУИС-ийн II, Техникийн их сургуулийн хичээлийн байр, өнөөгийн Барилгачдын талбайн хойд талд Зургийн институтийн төв байрыг бариулахдаа гадна нүүрэнд товгор, дөрвөлжин, бөмбөгөр хэлбэрийг цонхны хооронд хэвтээ, босоо чиглэлд гаргаж, гол хаалга, түүний саравчийг өөр хоорондоо ижилгүй хийснээс нэг зургаас эхтэйг хүн анзаарч хардаггүй. Тэгээд ч дурдсан барилгуудын дотор цахилгаан, гэрэлтүүлэг, радио, холбоо, дохиолол, салхивч, халаалт, цэвэр, бохир усны болон тусгай тоног төхөөрөмж, технологийн зураг нь хоорондоо адилгүй, тус тусынхаа зориулалт, хэмжээгээр нь тооцоолон нарийн мэргэжлийн хүмүүс хийсэн билээ.

Нийгэм солигдсоноос хойш Монгол Улс минь соёл, урлагийн мэргэжлийн хэдэн байгууллагаа ор тас мартаж, ёстой чихгүй толгой шиг явсан. Харин өнгөрөгч жилээс урлаг, соёлдоо анхаарах хандлага ажиглагдаж, олон жил гар хүрч өнгө төрхийг нь өөд татаж чадаагүй дээрх барилгуудыг очиж үзсэн. Гэтэл тэнд ажиллагсад хэцүү хүнд нөхцөлд байна хэмээн “үглэснийг” нь буруу ойлгож, яаран шийдвэр гаргахдаа заавал нураах шаардлагатай гэсэн нь дэндүү хуумгай. Олон жил Драмын театрын зайд хоргодсон Үндэсний урлагийн их театрынхан нийтдээ 4000 орчим суудалтай гурван их танхим бүхий барилгыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд барихаар Байгалийн түүхийн музейн зургийг хийж байгаа бүрэлдэхүүнийг шалгаруулан ажлын зургаа хийлгэх болсноо ч ярьж эхлэв. Улсын төв номын сангийн барилга ч ялгаагүй бороо, цастай үед үерт автсан мэт ус гоожиж, хэдэн ажилтан, ажилчин нь шавхаж, цэвэрлэдэг тухайгаа ярьж л сууна. Энэ барилгын хугацаа аль хэдийн дуусаж, нурахаа хүлээж байгаа талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас мөн л акт гаргасан бололтой. Энэ бүхнийг хараад, сонсоод дуугүй суух эрх хөгшин хонины насгүй болсон надад алга. Иймээс энэ талын үнэнийг лавтай гадарлах, өөрөө хийж, оролцож явсан зүйлдээ тулгуурлан өчье.

Миний бие залуудаа гадаадад сурч байгаад эрүүл мэндийн шалтгаанаар 1959 онд нутагтаа ирээд Улсын барилгын зургийн институтэд цахилгаан, радио холбоо, дохиоллын зураг төсөлчнөөр ажиллах болсноор барилгын зураг зохиодог төрөл бүрийн мэргэжлийн хүмүүстэй цуг ажиллаж, энэ талын дөртэй болсон юм. Нэртэй инженер, тухайн үеийн захирал Д.Лхамсүрэн, ерөнхий инженер Г.Долгорсүрэн, архитектор Б.Чимэд, Б.Дамбийням, А.Хишигт, техникч Даш, Б.Даажав нарын хамтран ажиллагсдаасаа их зүйл сурч, мэдсэн. Мөн ЗХУ, Болгар зэрэг орны өндөр мэргэжлийн инженер, уран барилгачидтай санал солилцон ажиллаж байсан нь яахын аргагүй эрдэм байжээ.

Харин 1962 онд сургуулиа төгсөөд “Монгол кино” үйлдвэрийн анхны ерөнхий инженерээр томилогдсоноор соёл, урлагийн байгууллагад чамлалтгүй зүйлийг хийх эхлэл болжээ. “Монгол кино” үйлдвэрийн анхны өргөтгөл 1961 онд ашиглалтад орсон ч цаашид хүчин чадлыг нь нэмэгдүүлэхгүйгээр ашигтай ажиллах аргагүйг ойлгож, уйгагүй хөөцөлдсөний үр дүнд 1965 оноос II өргөтгөлийн барилгыг эхлүүлсэн. Гэсэн ч ажиллаж байгаа чамгүй том үйлдвэр, таван том барилгыг иж бүрнээр барьж, тоноглохоос нааш ашиглах боломжгүй II өргөтгөлийг бариулах ажлыг нэг хүн давхар хийхэд хүнд байсныг Соёлын яамны сайд С.Сосорбарам мэдэрч “Монгол кино” үйлдвэрийн ерөнхий инженерээс чөлөөлж, II өргөтгөлийг дангаар нь хариуцуулан, ерөнхий инженерээр томилсон нь энэ талын арвин мэдлэг хуримтлуулах бололцоо олгожээ.

“Монгол кино” үйлдвэрийн II өргөтгөлийн барилгыг цувуулан ашиглалтад оруулсаар 1980 оны сүүлчээр иж бүрнээр нь дуусгасан юм. Яг энэ үетэй зэрэгцэн 1974 онд И.В.Лениний музей байгуулах үүргийг Соёлын яаманд өгсөн байдаг. 1970 оны эхээр Улсын төв музей (одоогийн Байгалийн түүхийн музей) ардаа жижиг өргөтгөл барьж археологийн зарим олдвороо тавих санаатай байсан үед В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойг улс даяар тэмдэглэх болж тэрхүү жижиг өргөтгөлдөө В.И.Лениний музейг анх байгуулжээ.

Яагаад дахин музей барих болов. ЗХУ-ын Коммунист намын төв хорооны дэргэдэх В.И.Лениний музейн захирал Монголд нээгдсэн тэрхүү музейд зочлохдоо иж бүрэн үзмэр бэлэглэхээ амлажээ. Тийм нандин зүйлүүдийг бэлэглэж байхад жижиг музейдээ тавилтай биш гээд шинийг барихаар шийдсэн хэрэг. Энэ шийдвэрийг биелүүлэх үүргийг С.Батчулуунд өгч музейн зургийн даалгавар боловсруулж, батлуулахаас эхлээд, барилгын улаан шугамыг тавиулж, Улсын комисст 1980 оны долдугаар сарын 9-нд хүлээлгэн өгсөн юм. Зургаан жилийн хугацаанд музейн барилгыг яаж байгуулдаг арга ухааныг Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс суралцаж, чамгүй зүйл мэдсэн билээ. Хэрэв Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейг өнөөгийн яриад байгаа шигээ хийх гэвэл бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болно гэж хэлмээр байна.

Хувьсгалын музейн (1981-1985. Хуучин нэрээр) үзмэржүүлэх ажлыг цоо шинээр хийсэн нь олны сэтгэлд хүрч төв орон нутгийн байгууллагын хүсэлт, эрх бүхий байгууллагын албан шийдвэрээр Д.Нацагдоржийн музей (1982), Төмөр замын музей (1983), Дорнод аймгийн музейн салбар музей (1984), Халх голын ялалтын музей (1984), Баянхонгор аймгийн музей (1985), Хөвсгөл, Баян-Өлгий аймгуудын музей (1988), Булган аймгийн музей (1988), Завханд Л.Ванган, Б.Явуухулангийн музей (1990)-г шинээр байгуулахад үзмэр байрлуулалтын зургийг нь гаргаж, шаардагдах тоног төхөөрөмжийг өөрсдөө хийж тоноглосон нь гадаад орны музей байгуулдаг арга ажиллагаатай танилцсаны минь үр дүн гэж боддог. Ямар ч барилгыг барихын өмнө эрх бүхий газраар хянуулж зөвшөөрөгдсөн зургийн даалгаврын дагуу зохиогдсон ажлын зураг төсөв хийдэг нь дэлхийн жишиг. Ийм журам манайд ч байсан. Байгаа гэж бодож байна. Зургийн даалгаварт барих газар, хүчин чадал, эхлэх, дуусах хугацаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хийж сайшаагдсан сэдэвчилсэн төлөвлөгөө, төлөвгөөгөөр тавигдах үзмэрийн төрөлжсөн жагсаалт музейн барилгад заавал байх учиртай.

Музейн барилгын зурагтай хамт үзмэр байрлуулалтынхыг хамт хийвэл үзмэржүүлэх үед ямар нэгэн эвдрэл, гэмтэл барилгад гарахгүй. Мөн үзмэрийг удаан жил гэмтэлгүй байлгах нөхцөлийг урьдчилан тооцдогоос хожим учирч болох элдэв гажуудал ослоос хамгаалдаг юм. Иймээс барилгын ажлын зурагтай хамт үзмэр байрлуулалтын зургийг хийлгэдэг дэлхийн жишгийг огоорч болохгүйг сануулахад илүүдэхгүй буй за.

Үндсэний урлагийн их театр сайхан байранд ороод, гоё тоглолттой байгаасай гэж зөвхөн театрынхан төдийгүй олон түмэн хүлээсээр удсан. Ийнхүү удаан хүлээсний эцэст харин оронцоглосон зүйл хийх вий гэсэндээ ийнхүү хэллээ. Театрыг гадаадынхан ариун сүм гэж сүсэглэдэг. Манайхан ч ялгаагүй театрт очихдоо аль сайхнаараа гоёж, цэвэр цэмцгэр байх гэж мэрийдэг.

Гэтэл тэр сүмийг бариулах тал дээр тэндхийн ажилтан, уран бүтээлчид нь “Бид театрын барилга гадна талаасаа хэрхэн харагдах тухайд санал өгөөгүй. Бидний ажил биш. Театр гурван танхимтай байна. Нэг нь бүжгэн, дуулалт жүжиг тоглох, нөгөөх нь симфони оркестр тоглох багтаамж, акустиктай найрал хөгжмийн танхим, гурав дахь нь түгээмэл ашиглах зориулалттай байх юм. Бид ийм л зүйл дээр саналаа хэлсэн” гэжээ. Үүнээс үзвэл батлагдсан зураг төсөв байтугай, зургийн даалгавраа ч хийгээгүй, орчин үеийн гэж олонтоо яриад байгаа театрынхаа тайзны болон гэрэлтүүлгийн төхөөрөмжийг хаанаас авахаа ч мэдэхгүй, ёстой л оронцоглож яваа юм биш үү.

Манай ахмад үеийнхний байгуулсан, одоогийнхон буулгана гэж яриад байгаа ДБЭТ-ийг хэдийд, хэрхэн барьж ашиглалтад оруулсныг Улсын төв архивт хадгалж буй баримтад түшиглэн 2012 онд “Жаран зуунаар дуурсах түүхийн дурсгал” гэсэн өгүүллийг “Өнөөдөр” сонинд бичсэн юм. Эргэн сануулахад, УДБЭТ-ын барилгын зургийг Урлагийн хэрэг эрхлэх газрын дарга байсан Ж.Болод Бүх холбоотын “Техно экспорт” нэгдэлтэй гэрээ байгуулан Улаанбаатар хотод суугаа “Совмонгтувторг” нэгдлийн бүрэн эрхт төлөөлөгч И.А.Редненкогоос 800 суудалтай театрын барилгын ажлын зураг, төсвийг хүлээн авч өөрийн орны онцлогт тохируулан зарим өөрчлөлт, чимэглэл хийснээс гадна 1945 оны есдүгээр сарын 15-нд 91 тоот тушаалаараа театр барих газрын хөрсний шинжилгээг тэр ондоо багтаан хийлгэхийг орлогч Ёндонжамцдаа хариуцуулан 50 000 төгрөг зарцуулах эрх олгосон бол 1946 оноос Гонгоржав, Пагма нарыг үндсэн ажлаас нь чөлөөлж театрын шинэ барилгын ажлыг хөөцөлдөх захиалагчаар томилсон байдаг.

Харин УХДТ-ын даргын 1949 оны гуравдугаар сарын 19-ний 3 тоот тушаалаар Гавьяат жүжигчин Цэвээн (Шороотын хэмээх)-ийг Улсын театрын шинэ барилгын төлөөлөгчөөр томилж Мебелийн үйлдвэрээс 50 удаагийн машин таталтаар үзэгчдийн 800 суудал авчирч байв. Театрыг 1950 оны арванхоёрдугаар сарын 31-ний үдэш нээж үзэгч олныг баярлуулсан. Энэ өдөр Театрын хүсэлтээр Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав тушаал гаргаж Барилгын хэрэг эрхлэх газрын дарга генерал Сосорбарамд мэргэжлийн сайн кочегар, слесарь тус бүр гурвыг 30-ны өдрөөс театрын мэдэлд шилжүүлэх, театрын усан халаалт ба салхивчийн ажиллагааг дөрөв хоногийг дотор өөрийн хүчээр хэвийн болгох үүрэг өгсөн бол халаалтын системийг ажиллуулах орон тоо, цалинг УХЭХ-ны дарга Болодтой хамтран хянаж үзэхийг Сангийн яамны сайд Д.Моломжамцад даалгасан нь театрыг олон жилийн турш найдвартай ажиллах эхлэлийг тавьсан хэрэг юм.

ДБЭТ-ын барилгыг шинэчлэхээр миний бие зургийн даалгаврыг дуурийн театрын болон мэргэжлийн бусад хүнтэй хамтран боловсруулж, зохих газруудаар батлуулан Улсын барилгын зургийн институтэд захиалан нэрт уран барилгач Чойжилжаваар хийлгэж байлаа. Энэ ажлыг СнЗ-ийн орлогч байсан С.Лувсангомбо шууд дэмжиж тайзны төхөөрөмж, гэрэлтүүлгийн тоноглолыг БНАГУ-аас судлуулахаар театрын орлогч дарга Бямбасүрэнтэй хамт Чойжилжавыг 1985 онд явуулахад герман нөхөд тал бүрийн тусламж үзүүлж, уг театрын зургийг анх зохиосон Герхард Козелийг уулзуулсан байв. Тэрбээр дэлхийн II дайны үед олзлогдон Новосибирскт нутаг заагдсан үедээ энэ театрын зургийг зохиосон бөгөөд хожим 1960-аад оны эхээр Эдийн засгийн хамтран туслах зөвлөлийн шугамаар Улаанбаатарт ирж, театрыг өөрийнх нь төлөвлөж, зурснаар баригдсаныг харсан билээ. 

Энэхүү батлагдсан зургийн даалгавараар ДБЭТ-ын барилгад зоорь гарган хувцасны өлгүүрийг доош оруулан, үзэгчдийн танхимын ложийг давхарлан тоглолтын тайзны гүнийг 18 метрт хүргэж жүжигчид хийгээд эдний үйлчилгээний өрөө, тасалгааг зохих хэмжээнд хүргэхийн тулд зүүн тийш нь залган есөн метр өргөн, дөрвөн давхраас багагүй өргөтгөлийг хийж, тайзны гэрэлтүүлэг, түүний төхөөрөмжийг иж бүрнээр солин, дотор засалд үнэт чулуу, мод, хуудсан алт зэргийг хэрэглэхээр төлөвлөснөө хэлж зөвшилцсөн юм. Үүнийг тухайн үед театрын дарга байсан Нацагдорж, орлогчоор ажилласан Бямбасүрэн нар сайн мэдэж байсны дээр өөрсдөө ч хамтран хөөцөлдсөн юм. Энд дурдсан ажлын зургийг хийж дууссан ч зах зээлд шилжих үеэр театрын удирдлага солигдож, халаа сэлгээ хийх бүртээ харилцан уялдаагүй байснаас болж өмнөх үеийнхэн чухам юу бүтээж, хийснийг өнөөдөр мэдэхгүй байгаа бололтой. Иймээс ДБЭТ-ийг эвдэж нураах биш, нэн даруй шинэчилж, өмнөхөөс ч илүү өргөтгөн сайжруулах бололцоо орчин үед өргөн байгаа билээ. Иймээс мэргэжлийн хяналтын газар ч нухацтай анхаарч өмнөх нийгмийн үед тоосгон барилгын элэгдлийг жилд 2.5 хувиар тоооцон, байгуулж анхны өртгөө 40 жилд нөхнө гэж байсныг уг барилгын насжилт гэж ойлгож болохгүй.

Амарбаясгалант хийдийг анхны Богд Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулан 1727 онд арван түмэн лан мөнгө гаргаж, Ээвэн голын барууханд сүндэрлүүлснийг хэн хүнгүй мэднэ. Тэрхүү сүм 200 гаруй жил хэвийн ажиллаж байсныг 1939 онд бусниулж, эзэнгүйтүүлсний харгайгаар түүхийн дурсгал 30 гаруй жил сүйрлийн байдалтай байсан. 1972 оны эхнээс Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн гасварлах газар байгуулан, Амарбаясгалантын соёлын өвийг хамгаалж сэргээж чадсан ч, мөн л хувьчлах нэрээр үгүй хийсэн. Өнөө үед үүнийг даруй сэргээн байгуулах хэрэгтэй санагдана. Зөвхөн тоосго, мод, ваар, шавар ашиглан чулуун суурь дээр барьсан хийд тийм олон жил байгалийн болон бусад гамшгийг даваад ирсэн байхад 50 гаруйхан жил болсон, орчин үеийн тоосгон барилгын насжилт 40 жилээр яригдана гэдэг нь хэр бодитой вэ. Ер нь мэргэжлийн хяналтынхны гаргасан зарим акт буруу тийшээ будаа тээнэ гэдгийн үлгэр болох вий. Тийм биш байгаасай.

Театрын барилгын зураг, төсөл зохиох ажил манайд 1957 оны сүүлчээс буюу Монголын ууган архитекторын нэг Дамбийням Ховдын театрын зургийг хийснээр эхэлдэг. Тэрхүү барилгын тайзны гэрэлтүүлгийн зургийг хийх үүрэг монгол инженер надад ногдож байлаа. Үүнээс хойш Баянхонгор, Өвөрхангай, Баян-Өлгийн театр болон Улаанбаатарт залуучуудын хийгээд Үйлдвэр хоршооллын буруу бариад орхисон Соёлын ордны барилгыг засан өөрчлөхөд мөн хуруу нэмэрлэжээ.

УДЭТ-ын орсон Залуучуудын ордныг ууган архитектор Б.Чимэдийн төслөөр барьсан бөгөөд ордны төлөвлөлтийг Цагаан сүмийн төлөвлөлтийн зарчмыг хадгалж Европын сонгодог урсгалын өвөрмөц бүтээл болгон үлдээснээрээ дурсгалтай хэмээн судлаачид үнэлдэг юм билээ. Аргагүй сайхан барилга. Ордны үзвэрийн танхим, тайз болон бусад газарт театрын онцлогт тохируулсан өөрчлөлтийг бүрэн оруулж өгснөөрөө жаран, зуунаар ярих барилга болсон юм. Орчин үед сэргээн шинэчлэх арга өргөн дэлгэр болсон.

Энэ ташрамд дурдахад, номын сан, архив, музейд түүхийн нэн ховор, давтагдашгүй баримтууд эх хувиараа байдаг учраас галын аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх дохиолол тавьдаг ч галд өртвөл усаар унтраах аргагүй. Иймээс галыг нүүрсхүчил мэтийн хийгээр бөхөөх автомат арга хэрэглэдэг болсон учраас энэ төрлийн автомат бөхөөгчийг дээрх газруудад даруй тавиулах хэрэгтэй байна. Дээрх газруудад тоос хуримтлагдаж тэсрэх аюулд хүрдгээс тоос сорогчийн соруулсан тоосыг шууд гаргалгүй усанд урсгаж байхаар зураг төсөлдөө тусгадаг журмыг дэлхий нийтээр мөрддөг болсон нь олон жилийн өмнө билээ.

Бэлтгэсэн: С.Батчулуун


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)