Арчилж, тордох нь тарихаас ч дутуугүй чухал

Ой, ширэг, цэцэг, ургамлыг хот хүрээнээс зайдуу, байгальд л байдаг хэмээн цөөнгүй хүн бодож ирсэн гэвэл хилсдэхгүй нь. Учир нь 380 гаруй жилийн түүхтэй, 470 000 га талбайг эзэлдэг нийслэлд маань хүний гараар ногооруулсан том хэмжээтэй газар алга. Бидний нэрлэж заншсанаар Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хооронд, өргөөш нь хоёр орчим км талбайг яваад үзээрэй. Авто болон явган хүний зам, цардмал талбайгаас бусад газрын ихэнх хэсэг нь шороо. Олон жилийн өмнө суулгасан мододтой багашаархан хэмжээтэй талбай, мөн зам дагуу зүлэгжүүлж, тохижуулсан нь бол бий. Гэхдээ энэ нь тун бага төдийгүй байгаа жаахан ногоон байгууламжаа хайр найргүй туучдаг тул дөнгөж ургасан зүлэг нь гишгэгдэн, халцарсан байх нь элбэг.

Өдгөө энд тэндгүй зам, талбай, ногоон байгууламжийн усалгааны ажлыг эхлүүлж, модны нүх ухан, үйлчилгээнийхэн ажилдаа гарчээ. III, IV хорооллын дундах гурван км орчим урттай авто замын тохижилтын ажлыг цөөнгүй хүн хийн, газар усалж, шуудуу ухаж харагдана. Энд тэндээ армаг тармаг зүлэг, цөөвтөр модтой тус талбайд жил бүр л нэмж мод тарин, цэцэг суулгадаг ч төдийлөн үр дүнгүй л байна. Харин гацуур, нарс голдуу тарьсны улмаас өвөл, зунгүй ногоорч, өнгөлөг харагддаг хэсэг бол Бээжингийн гудамж юм. Урд хөршийн тусламжаар байгуулсан уг гудамж харьцангуй түргэн “тохижсон”. Тэндээс урагшаа яваад “Сентрал тауэр” барилгын өмнөх талбайг холбогдох ажилчид нь тордоод эхэлчихэж. Бороожуулагчийнх нь ус эргэлдэн цацарч, борлож, шарласан зүлэг нь нэлэнхүйдээ ногоорчээ. Хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгж орчин тойрноо сайн тордож, арчилдгийн нэг жишээ нь эл хэсэг болов уу.

Үүнээс гадна нийслэлд томоохонд тооцогдох бүтээн байгуулалт болох Сүхбаатар дүүргийн XVI хорооны нутагт 40 га газрыг ойжуулах ажлын явцыг сонирхлоо. Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд “Хотын ой” цэцэрлэгийг байгуулж буй нь энэ. Манай улсад 140 гаруй зүйлийн мод ургадгаас 50 гаруйг нь энд суулгасан бөгөөд цаашид ч мод тарихаар олон нүх ухжээ. Мод тарих, барилга байгууламжийг нь барихаар гүйцэтгэгч гурван компани ажиллаж буй юм байна. Газар ухдаг, хөрс дагтаршуулдаг, материал, хэрэгсэл зөөдөг цөөнгүй автомашин, техник энд тэндгүй сүлжин, шороо босгоно. Уг талбайг бүхэлд нь зүлэгжүүлж, моджуулахаас гадна танин мэдэхүйн цэцэрлэг, дугуйн зам, хүүхдийн тоглоомын болон спортын зориулалттай талбай, машины зогсоол байгуулах гэнэ. Уг цэцэрлэгт 3.2 тэрбум орчим вон зарцуулж буй бөгөөд ирэх онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

“Ногоон хэрэм” төслийн захирал, БНСУ-ын Ойн ерөнхий газрын төлөөлөгч Со Ин Гёноос ажлын явц болон бэрхшээл тулгарч буй, эсэхийг тодрууллаа. Тэрбээр “Төлөвлөсний дагуу ажил саадгүй үргэлжилж байна. Монгол бол хуурай, хатуу, ширүүн уур амьсгалтай, ой, цэцэрлэг, ус багатай орон. Ер нь дэлхий нийтэд цөлжилт явагдаж буй нь танайх шиг уур амьсгалтай улсад илүүтэй нөлөөлж, шороогоор шуурах шалтгаан болж буй. Ийм салхи дэгдсэний уршгаар салхины чиг дагуух улс, нутгийг цөлжүүлж, агаарын чийгийг багасгах магадлалыг өсгөдөг. Тиймээс аль болох их талбайг цэцэрлэгжүүлж, мод тарих нь Монголд төдийгүй бусад оронд ашиг тустай. Үүнээс гадна ногоон байгууламжийг арчлах, тордох нь мод тарихаас дутуугүй чухал ажил. Өмнөд Солонгост цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн бүсийн арчилгааг нэг байгууллага он удаан жил хариуцдаг. Гэтэл энд хэчнээн их хөрөнгө зарцуулан, юу ч тарьж ургуулсан хариуцах хүнгүй эзэнгүйрч, үрэгдэх нь бий. Тиймээс арчилгаа тордолгоог болж өгвөл нэг аж ахуйн нэгж олон жил дагнан, залхууралгүй, тогтмол хийх хэрэгтэй” гэв.

Том хэмжээний талбайг цэцэрлэгжүүлж, иргэдэд амарч, тухлах таатай орчин бүрдүүлэхээ зарлаад олон жил болж буй нэг төсөл бий. Энэ бол “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” төсөл юм. Баянгол дүүргийн XX хорооны нутагт 50 га талбайг зүлэгжүүлж, 150 000 орчим мод, бут, цэцэг тарина хэмээн “мөрөөдөн”, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байсан нь 2008 он. 4-5 жилийн дотор дээрх тооны мод, зүлэг ургаж, цэцэг дэлгэрчих байсан гэдэг. Тэгвэл өдгөө уг талбайг Баянгол дүүргийн ЗДТГ-ын мэдэлдээ авч, “Баянгол агропарк” ОНӨУТҮГ байгуулжээ. Том талбайтай нь харьцуулахад тарьсан мод нь цөөн юм. Тэнд иргэд амарч тухлах орчин, үйлчилгээний төвүүд, тоглоомын талбай зэргийг байгуулахаас гадна хүүхэд, багачуудад экологийн боловсрол олгох эко сургууль барьж байгаа гэсэн. Дүүргийн иргэдийн амьжиргааг дэмжин, төрөл бүрийн нарийн ногоо тариалах сургалт явуулдаг 20 орчим хүлэмж байгаа аж. Хөл хорионы улмаас энэ хавар иргэдэд зориулсан сургалт хийж чадахгүй ч мод тарих болон орчны тохижилт, бүтээн байгуулалтыг төлөвлөгөөний дагуу хийж буйг дээрх ОНӨУТҮГ-ын дарга Д.Ганзориг дурдав. Улаанбаатарыг ногооруулах ажил урагшилж буй ч хурд нь удаан байгаа нь анзаарагдлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)