Архи үйлдвэрлэгчид ээ, ангиографын аппарат авч өг

Монголын төр ядарсан иргэдийнхээ амийг юман чинээ боддоггүй гээд хэлчихвэл буруудахгүй. Эмнэлэг бүрт гээгүй, ядаж нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг төвүүдээ MRI, CT, ангиографын аппаратаар хэл амгүй хангачихаж чадахгүй байгаа нь ингэж хэлэхэд хүргэв. Эрх баригчид томоохон 2-3 эмнэлгийн дунд нэг MRI байхад хангалттай гэж “доромжилдог”. Гэвч хүн ам олшрохын хэрээр өвчин, осол, гэмтэлд өртөгдсийн тоо “дууны” хурдаар нэмэгдэн, аппарат хэрэгсэл хаанаа ч хүрэлцэхгүй байгааг тэд мэддэг болов уу. Эмч нар хэдий мэргэшээд, эмчилгээний янз бүрийн арга нэвтрүүлсэн ч тоног төхөөрөмжгүйн өмнө хүчин мөхөс.

2018 онд 111 553 хүн осол, гэмтэлд өртөж, эмнэлгийн тусламж авсан гэх тоог ГССҮТ-ийнхөн өгөв. Энэ олон мянган хүн аврал эрэн, тус төвд очиход СТ нь 4-5 удаа эвдэрч, нэг удаагийн тохиолдлоор өвчтөнүүдийг сар шахам хүлээлгэсэн гэх. Оношийг яаралтай тодруулж, эмчилгээгээ эхлүүлэхийн оронд хувийн эмнэлэг рүү явуулсан байна. Осолд өртсөн хүний амь минут, секундээр хэмжигдэж байхад цаг алдах нь хэн нэгнийг нөгөө ертөнц рүү “илгээх” хугацааг түргэсгэнэ гэсэн үг. Хүчин чадлыг нь сайжруулаагүйгээс улайстлаа ажилласаар “амь тавьдаг” аппаратууд улсын эмнэлэгт бишгүй.

Өвлийн жавар тачигнасан энэ өдрүүдэд хөлдөж, осгосон хүний хөлд ГССҮТ дарагддаг. Улсын хэмжээнд энэ төрлийн тусламж үзүүлдэг ганц төв нь хүний үхэжсэн эд, эрхтнийг тайрах, мэс заслын дараах эмчилгээг хянах зэрэгт өндөр ач холбогдолтой ангиографын аппаратгүй. Хөл, гараа санаатайгаар хөлдөөгөөд, тайруулчихъя гэж хэн ч бодохгүй нь лав. Манайх шиг өвөл нь 40 градус хүрч хүйтэрдэг улсад энэ төрлийн осол, гэмтэл буурахгүй нь ойлгомжтой. Шуурганд уруудсан малынхаа араас яваад осгосон нэгэн байхад “хар уснаас” болж хайран амиа алдаж буй нь ч бий. Гэлээ гээд хэн ч технологигүйн төлөөсөнд халуун амь, эд, эрхтнээ “өргөх” ёсгүй гэж бодном.

ГССҮТ-ийн ерөнхий зөвлөх, Гавьяат эмч Р.Шагдарсүрэн “Манай эмнэлгээр өдөрт 500 орчим хүн үйлчлүүлдэг. Ийм байхад ачааллын талаар ярих нь илүүц биз. Түлэнхийн төвийн барилгын ажил хөрөнгө, мөнгөгүйгээс саатсан гэсэн. Дорвитой урагшлахгүй юм. Түлэнхийн тасаг тусдаа гарчихвал гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирна. Гэтэл өдгөө түлэгдсэн, хөлдсөн хүмүүсийг нэг дор эмчилж байхад юун “өрх тусгаарлах”. Хөлдөж, осгоод амьд үлдсэн хүмүүс хөл, гараа тайруулдаг. Шаардлагатай тоног төхөөрөмжгүйгээс нарийн оношилж чадахгүй байна. Гаднаас нь хараад, өвчтөнөөс асуугаад, зарим төрлийн үзүүлэлтээр шалгаад эрхтнүүдийнх нь үхэжсэн хэсгийг барагцаагаар тайрдаг. Дэлхийд ийм жишиг байхгүй. Энгийнээр тайлбарлавал, ангиографын аппаратаар оношилж байж л хурууг дунд үеэр, эсвэл угаар нь тайрахыг шийдэх учиртай. Хурууны нэг үе хүртэл хүний амьдралын идэвхтэй хөдөлгөөнд нөлөөлдөг учраас ингэж нарийн оношлох зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Хамгийн чухал нь хөдөлмөрийн чадварыг сэргээхэд энэ аппарат үнэмлэхүй ач холбогдолтой. Судаснууд ямар түвшинд үхэжсэнийг нарийн оношилсноор эд, эрхтнийг бага хэмжээгээр тайрна гэсэн үг” хэмээв.

Биднийг ГССҮТ-д өчигдөр очиход дөрвөн мөч нь их, бага хэмжээгээр хөлдсөн 13 хүн хэвтэн эмчлүүлж байв. Хүйтрэхийн хэрээр иргэд санамсар болгоомжгүйгээсээ эд, эрхтнээ хөлдөөх тохиолдол олширдог аж. Үүний уршгаар мөчдөө тайруулсан тохиолдол энэ сард олон гарсан гэнэ. Тус төвийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч Б.Эрболд “Үнэндээ энэ төрлийн осолд өртсөн хүмүүс хөл, гараа тайруулах гэж л эмнэлэгт хэвтэж байна. Эд, эрхтэн нь хөнгөн, дунд зэргийн хөлдсөн бол дүүргийн эмнэлгүүдэд эмчилж дөнгөнө. Гэмтлийн эмч нарыг нь энд мэргэшүүлээд, зарим эмнэлэгт 2-3 хүн ажиллаж байна. Хөлдсөний улмаас үхэжсэн эд, мөч зэргийг тайрах наад захын хагалгааг II шатлалын эмнэлгүүдэд хийвэл манай тасгийн ачаалал багасна. Гэвч дүүрэгт энэ төрлийн тусламж үзүүлэхгүй байна. Осгосон хүмүүсийн ганц гар биш, ихэнх тохиолдолд дөрвөн мөч нь хөлдсөн ирдэг. Ийм тохиолдлоор эмнэлгийн тусламж авагсдын 90 гаруй хувь нь архи хэтрүүлэн хэрэглэсэн байдаг. Согтоод уначихсан хүн өмдөндөө бие засна. Шингэн тархсан хэмжээгээр хөлдөх талбай томорно” гэсэн юм.

Осгох үйл явцыг хөнгөн, дунд, хүнд гэж ангилдаг юм байна. Хөнгөн гэмтсэнд нь артерийн судсаар тариа хийж, цус шингэлэх эмчилгээ хийдэг аж. Ийм тохиолдолд 24 цагийн дотор эмнэлэгт хандвал эдгэрэх магадлал өндөр. Харин энэ хугацаанаас хэтэрвэл эрхтнээсээ хагацдаг гэж эмч нар хэлэв. Гэвч бүгд шахам цаг алдаж, эмнэлгийн тусламж авдаг байна. Мөн тархиндаа гэмтэл авсан, архины хордлого хавсарсан үед цус шингэлэх эмчилгээ хийхийг хориглодог аж. Б.Эрболд эмч “Цочир хүйтрэхээр иргэд барьц алдаж, осгох нь элбэг. Оны өмнө огцом хүйтрэхэд долоо хоногийн дотор хүнд зэргийн хөлдсөн гэх оноштой найман хүн ирсний дөрөв нь нас барсан. Харамсалтай нь, энэ төрлийн осолд өртөгсдийн олонх нь хүндэрсэн ирдэг. Осгосон зэргээс нь хамаарч эмчилгээ хийхээр заримынх нь архины хордлого дийлддэггүй. Ийм хүмүүсийг дүргийн эмнэлэг, эсвэл Хордлогын үндэсний төвд шилжүүлэх гэхээр авдаггүй” гэж ярилаа.

Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан өвлийн ид ачааллын үеэр хөлдсөний улмаас хандсан хүмүүсийн үхэжсэн эд, эрхтнийг тайраад 2-3 боолт хийгээд, эмнэлгээс гаргадаг гэсэн. Ороо суллахын тулд. Эмч нарын хэлснээр эрхтэн нь хаагуураа яаж тайрагдсанаас хамаараад халамжийн тэтгэмжид орох, эсэх нь шийдэгддэг аж. Тодруулбал, тухайн эрхтний гуравны нэгээс их тайрвал тэтгэмж авна. Бага бол халамжид ч хамрагдаж чадахгүй, хохироод хоцордог гэсэн үг.

“Эд, эрхтнийг тэжээдэг гол судас хөлдчихөөр тэр хавьд нь тэжээл дутагдана. Ийм тохиолдолд захын жижиг судсууд цусаа юүлэх ч артер хэдийн цусан хангамжийн дутагдалд орсон байдаг. “Гайгүй байсан юм, яагаад ингэж харлаад, тайрах болчив” гэж хүмүүс гайхдагийн учир энэ. Хөлдөж, осгосон хүмүүсээс гадна судасны нарийсал, хатуурал, цусан хангамжийн хомсдолд орсон өвчтөн манайд олон ирдэг. Чихрийн шижинтэй хүмүүст ч мэс засал хийнэ. Энэ бүхэнд ангиографын аппарат хэрэгтэй. Судасны бөглөрөл, хатуурал ямар түвшинд байгааг үүний тусламжтайгаар тодорхойлдог. Эмчилгээ хийсний дараа үр дүн болон эдгэрэх үйл явцыг оношилж, хянах ёстой. Гэвч одоогийн нөхцөлөөр мэс заслын дараах үр дүнг хүлээдэг л ажилтай. Хэд хоногоос нийт нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байна. Цагаан сараар иргэд орон нутгийг зорино. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, согтууруулах ундаа аль болох хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлье” гэж ГССҮТ-ийн эмч нар давхар сануулна лээ.

Төвийн захирал Т.Мөнхсайхан “Ангиографын аппаратыг оношилгоо болон эмчилгээний зориулалтаар ашиглах хэрэгцээ бидэнд их бий. Өндөр өртөгтэй тул богино хугацаанд шийдэж өгөхгүй байх. Ямартай ч ЭМЯ-нд энэ талаар уламжилсан. 2019 оны төсөвт хөрөнгийг нь тусгаагүй. Шаардлагатай тохиолдолд өвчтөнүүдээ Улсын гуравдугаар төв эмнэлэгт илгээж, онош тодруулдаг. Үүнээс гадна СТ-ынхаа хүчин чадлыг сайжруулах нэн шаардлагатай. Өдөр тутам өргөн хэрэглэдэг тул байсхийгээд л эвдэрдэг. Энэ нь эмчилгээ, үйлчилгээгээ тасралтгүй явуулахад саад болдог. Нарийн технологийн аппаратуудыг монгол инженерүүд засаж дөнгөхгүй. Тухайн компаниас хүн дуудаж, оношлуулаад сэлбэгээ захиална. Нөгөөх нь ирэх гэсээр 14 хоног, цаашлаад сар ажиллуулаагүй тохиолдол бий. Ийм үед өвчтөнүүдийн оношилгоо, эмчилгээ тасарна. Хүнд өвчтөнийг ийш, тийш зөөхөд хүндрэлтэй. Иргэд “Худлаа ярьж, хувийн эмнэлэг рүү зуучиллаа” гэж бухимддаг” гэсэн юм.

Өндөр үзүүлэлттэй ангиограф сая ам.долларын өртөгтэй юм байна. Олон улсад тухайн компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс хордож, эрүүл мэнд нь эрсдэж, улмаар амиа алдсан бол хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг жишиг бий. Манай архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлаад, ГССҮТ-д ангиографын аппарат авч өгөх ёстой юм биш үү. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг чинь хэрэглээд иргэд үйл олноороо хордон, хөдөлмөрийн чадвараа алдаж, нөгөө ертөнц рүү одсоор. Хөлдөж, эд, эрхтнээсээ хагацсан, нас барсан хүмүүсийн олонх нь согтуу байж, та минь. Төр, засаг мөнгөгүй, ядуу. Харин архи үйлдвэрлэгчид хөрөнгөжсөн. Худлаа ч гэсэн гэмшсэн дүр үзүүлээд, тэр аппаратыг нь аваад өгчихөөч.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)