Архинд хордсон таван хүний нэг нь амиа алджээ

Хэнтий аймгийн Хэрлэн сум буюу Чингис хотод уржигдар архинд хордсон оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт таван хүн хандсаны нэг нь амиа алджээ. 58 настай иргэн Л-ийн амиа алдсан шалтгааныг нарийн мэргэжлийн эмч нар шинжилж буй бөгөөд гурав хоног дараалан архи уусан нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж, хууч өвчин нь сэдрэн нас барсан байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар үзэж буй гэнэ. Ийн дүгнэх болсон шалтгаан нь талийгаачтай хамт архи уусан гурван хүний биеэс архи, согтууруулах ундаанд хордсон шинж тэмдэг илрээгүй аж. Мөн согтууруулах ундаа худалдан авсан дэлгүүрүүдээс архийг нь хураан авч, орон нутгийн болон МХЕГ-ын төв лабораторид шинжлүүлж байгаа талаар албан хүн мэдээллээ. Харин талийгаачийн зүрх, бөөрний архаг өвчин нь сэдэрсэн байх магадлалтай гэнэ. Үлдсэн дөрвөн хүн нь талийгаачтай хамт архи уугаагүй. Тус тусдаа согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд нэг нь цагдаагийн Эрүүлжүүлэх байранд очоод бие нь муудсаныг эмнэлэгт хүлээлгэн өгсөн аж. Өөр нэг хүн хот руу эмчлүүлэхээр явсан, хоёр хүн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба захирамж гаргаж, шалтгаан нөхцөлийг тогтоох хүртэл архи , согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)