Архивын баримт гэмтсэн тухай мэдээллийг албаны хүн үгүйсгэж, ажиллаж байсан хүмүүс нь батлав

Архивын ерөнхий газар шинэ байранд орсноос хойш үндэсний архивын сан хөмрөгт байсан баримтууд хадгалалтын горим зөрчигдсөнөөс хэнд ч хэрэггүй болж байгаа гэх дуулиан дэгдлээ. Үндэсний архивын сан хөмрөгт монголчуудын сүүлийн 350-иад жилийн цаасан баримт, дуу, дүрс бичлэг бүхий нэг сая гаруй архивын нэгж бичиг баримт хадгалагдаж байдаг юм.

Монгол төрийн санах ой болсон энэ архивын сан хөмрөгт байгаа зүйлс хадгалалтын горим зөрчигдсөний улмаас гэмтэж, зарим нь ашиглах боломжгүй болсон талаар тэнд ажиллаж байсан, одоо ажилллаж буй хэд хэдэн эх сурвалж баталсан.

Архивын ерөнхий газарт удирдах алба хашиж байсан нэгэн эрхэм “Өнгөрсөн жилээс л архивын баримтууд гэмтсэн, хадгалалтын горим зөрчигдсөн тухай мэдээлэл надад ирсээр байгаа. Ялангуяа, кино архивын сан хөмрөгт байгаа дүрс бичлэгүүд, хальснууд чийгтэж, наалдсанаас болж дахин ашиглах боломжгүй болсон гэх мэдээлэл байна. Ойрд очоогүй болохоор чухам юу болоод буйг сайн мэдсэнгүй. Холбогдох байгууллагууд нь анхаарлаа хандуулахад гэмгүй болов уу” гэсэн юм.

Архивын ерөнхий газарт ажилладаг хэд хэдэн хүн “Бичиг баримтыг өвөл нүүлгэн шилжүүлсэн нь хадгалалтын горим, заавар, журам зөрчигдөж, эрсдэлд оруулсан. Шинэ байрандаа архивын баримт хадгалах тавиуруудаа суурилуулаад өрөх гэтэл зарим нь чийг цохисон, сэргээн засах зайлшгүй шаардлагатай болсон.

Энэ асуудлыг удирдлагууд маань ихэд нууцлахын зэрэгцээ хэдэн жилийн өмнө ийм явдал болсон мэтээр дээш нь танилцуулах гэж байгаа” гэж ярив. Үнэхээр ийм явдал болсон эсэхийг тодруулахаар АЕГ-ыг зорилоо. Тус газрын даргаар ажиллаж байсан И.Саруул эрүүл мэндийн байдлаас шалтгаалж албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, дэд дарга Г.Билгүүн тус газрыг хариуцаж байгаа юм байна. Түүнтэй уулзлаа.

-Танайх шинэ байрандаа нүүж ирсний дараачаас архивын баримтуудын хадгалалтын горим зөрчигдөж, ашиглах боломжгүй болсон гэх мэдээлэл гараад байгаа.

Танайхан ч, өмнө нь ажиллаж байсан хүмүүс ч хэвлэлийнхэнд ийм мэдээлэл өгөөд байна. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-Архивын ерөнхий газрын барилга шаардлага хангахгүй болсон талаар зохих байгууллагаас дүгнэлт гаргаж, 2007 онд зориулалтын байртай болох талаар ярьж, 2008 онд газраа авсан. Ингээд барилгын ажлын гүйцэтгэгчээр “Нийслэл өргөө” компани шалгаран ажлаа эхлээд явж байтал хар жагсаалтад орж, тусгай зөвшөөрлүүд нь цуцлагдсанаар хэсэг хугацаанд ажил зогссон.

Тэгээд ХХЕГ-ын барилга, инженерийн 0119 дүгээр ангийнхан дутуу барилгыг гүйцээн барьж ашиглалтад оруулсан юм. Тус ангитай шууд гэрээ байгуулж ашиглалтад оруулах тогтоол Засгийн газраас гаргасан юм. Гэтэл зарим мэдээллийн хэрэгслээр барилгын зураг төсөл өөрчлөгдсөн, архивын баримтын хадгалалтын горим зөрчигдсөн мэтээр ташаа мэдээлэл гарсан байна.

Барилгын зураг төсөл ажлын явцад өөрчлөгдсөн зүйл огт байхгүй. Харин эдийн засгийн байдлаас шалтгаалж гантиг байх ёстой байсан хэсгийг чулуун шохойгоор бүрсэн явдал бол бий. Тэр нь гадна хэсэгт барилгын ар тал нь юм л даа.

Хадгалалтын болон тээвэрлэлтийн шорим зөрчигдсөн асуудал байхгүй шүү дээ. Нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахын тулд олон дэд хэсэг байгуулсан. Архивын баримтыг савлах ажиллагаа 2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд эхэлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан, манай сан хөмрөгч нар гээд олон хүн ажиллаж бичиг баримтыг савлаж, дүрс бичлэгийн хальс бүхий төмөр хайрцгуудыг ууталсан.

Үүнээс өмнө хальс, бичиг баримтад ашигласан цаас зэргийг 2-3 хоног гадаа тавьж туршиж байж шилжүүлэх ажиллагааг эхлүүлэхээр болсон юм шүү дээ. Кино хальсыг л гэхэд чийг шингээгч болон хамгаалалын материалаар ороож байж ачиж тээвэрлэсэн. Хайрцагт хийхдээ л хэчнээн хадгаламжийн нэгж баримт орсныг бүртгэж, нягтлан авчирсныхаа дараа мөн л бүртгэл хөтлөлт хийсэн л дээ.

-Өвлийн хүйтэнд идэр есийн жавар тачигнасан өдрүүдэд нүүж, чийг нь арилаагүй байранд орсон нь архивын баримтын хадгалалтын горим зөрчигдсөн гээд байгаа шүү дээ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар нүүлгэн шилжүүлэх ажлыг 2015 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2016 оны нэгдүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулсан. 880 гаруй машин архивын баримтыг шилжүүлж авчраад 2016 оны гуравдугаар сарын 1-нээс иргэдэд үйлчилж эхэлсэн юм.

Нүүлгэн шилжүүлэх ажилд ХЗДХЯ-ны харьяа агентлагууд болох цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ХСИС-ийнхан оролцож, нарийн зохион байгуулалттайгаар авчирсан.

Өвөл нүүх болсон шалтгаан бол байраа суллаж өгөхтэй холбоотой байсан юм. УИХ-аас 2014 оны дөрөвдүгээр сарын 17-нд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гарч, АЕГ-ын II байр буюу МУИС-ийн өөдөөс харсан хэсгийг дуудлагаар худалдаж, орлогоор нь манай шинэ байрны санхүүжилтийг гүйцээх болсон. Тэр байрыг дуудлагаар худалдаж, 6.3 тэрбум төгрөгийн үнэд хүргэсэн.

Манай байрыг гүйцээж барихад 4.2 тэрбум шаардлагатай байсан тул улсын төсвөөс уг мөнгийг олгож бариулсан. Хууль, журмаараа бол шинэ худалдан авагчид объектийг нэг сарын дотор суллаж өгөх ёстой байдаг. Тиймээс л өвөл нүүлгэн шилжүүлэх ажлыг ХЗДХ-ийн сайдын тушаалаар зохион байгуулсан. Нүүлгэн шилжүүлэх зардалд 283 сая гаруй төгрөг зарцуулахаар болсон ч бид хэмнэж, 242 саяыг зарцуулан, 41 сая төгрөг хэмнэсэн юм.

Хэрэв нүүлгэлтийн компаниудаар энэ ажлыг хийлгэсэн бол 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар байсан. Шилжүүлэхээс өмнө хоёр ч удаа туршилтын нүүлгэлт хийсэн. Энэ үед киноны хальсанд температурын зөрүү гараагүй. Нүүлгэн шилжүүлсэн ажлын тайлангаа Засгийн газарт танилцуулж, амжилттай болсон гэж хуралдааны тэмдэглэлд бичсэн байгаа.

-Нүүлгэн шилжүүлснээс хойш ийм асуудал гарсан юм биш үү?

-Архивын баримт хадгалж буй сангуудад агааржуулалтын систем суурилуулсан. Түүгээрээ чийгшлээ тохируулдаг болсон. Сан хөмрөгч нар долоо хоног бүр чийг, өрөөний температурыг тэмдэглэдэг. Манайхан 35 мм-ийн кино хальсандаа 2-4 жилд үзлэг хийж, цэвэрлэдэг юм шүү дээ. Яагаад ийм мэдээлэл цацаад байгааг ойлгохгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)