Улсын тусгай хамгаалалттай газрыг 0.83 хувиар нэмэгдүүлжээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Архангай аймагт 13, Өмнөговь аймагт 10 тусгай зөвшөөрөл нэмж цуцлах шийдвэр гаргажээ. 

Мөн Монгол улсын зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталж УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар 0.83 хувиар нэмэгдэж нийт 32.8 сая га талбай болж байна. 

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат мэдээлэхдээ "Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль зөрчиж буй 19 компанийн 23 лицензийг цуцалж, байгаль орчин сүйтгэсэн хохирлыг тогтоолгож, шүүхэд хандахаар болсон. Мөн  нийт 6 аймгийн 13 сумын  1.2 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авна" гэв. Үүнд:

  1. Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
  2. Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  3. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  4. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  5. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
  6. Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
  7. Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
  8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
  9. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)