Архангай, Баянхонгорынхон Тамир, Түйн голын жаварт наадлаа

Энэ өвөл жуулчдад зориулсан арга хэмжээнүүд шил шилээ даран болж байна. Ялангуяа орон нутгийнхан дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд урьд урьдынхаас идэвх, санаачилгатай байгааг салбарынхан онцлов. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд орон нутагт аялал жуулчлалын 10 гаруй арга хэмжээ болж, гадаад, дотоодын 100 гаруй мянган хүн үзсэн гэсэн статистикийг Монголын аялал жуулчлалын холбооноос танилцуулав. 

Өмнийн говиор овоглодог Тэмээний баярыг Дундговь, Дорноговь, Дорнодынхон “урвуулав”. Тэр ч бүү хэл өмнөговийнхон сум сумаараа өрсөж Түмэн тэмээний баяр, Гурван түмэн тэмээний баяр (энэ сарын 16-нд болсон) “төрүүлэв”. Ховд, Баян-Өлгий зэрэг хязгаар нутгийнхан “Өвлийн наадам” зохион байгуулж, урлаг, спортын сонин содон үзүүлбэрээр жуулчдыг баясгалаа. Уламжлалт наадмуудын цар хүрээ тэлж, хөтөлбөр нь баяжиж буй бол шинэ арга хэмжээнүүд орчин үеийн спортын болон өв соёлын үзүүлбэрийг жуулчдыг “уургалах” гол түлхүүрээ болгож байна. 

Өнгөрсөн амралтын өдөр арын сайхан хангайнхан Тамирын голын хөвөөнд, хонгор нутгийнхан Түйн голынхоо мөсөн дээр наадлаа. Архангай аймгийн ЗДТГ, БОАЖГ хамтран зохион байгуулсан “Тамирын жавар” мөсний баярыг 3000 гаруй хүн үзсэн бол “Түйн голын жавар”-т 2000 орчим иргэн “хайруулжээ”. Архангай аймгийн БОАЖГ-ын Аялал жуулчлалын мэргэжилтэн Н.Ганбат “Наадмын эхний өдөр аймгийн Засаг даргын нэрэмжит мөсний шагайн аварга шалгаруулах тэмцээн, Булган ууланд зул өргөх, “Төгс баясгалант” хийдэд ном хурах уламжлалт арга хэмжээ болсон бол удаах өдөр нь залуучуудад зориулсан спортын буухиа тэмцээнүүд түлхүү зохион байгууллаа. Манай аймгийн иргэд “Тамирын жавар”-т маш идэвхтэй оролцох болсон. Ирэх жилээс бид өөр аймаг, сумынхныг оролцуулахад анхаарч ажиллана” гэв.

“Түйн голын жавар”-ын үеэр тэшүүр, мөсний шагай, мөсөн урлалын уралдаан, монгол хувцасны үзэсгэлэн худалдаанаас гадна “Хээрийн цайны амт” хэмээх өв соёлын арга хэмжээ болсон нь жуулчдын анхаарлыг ихэд татсан гэнэ. Аж ахуйн нэгж, байгууллагууд, малчид хээр ил гал дээр чанасан цайныхаа амтаар хоорондоо өрсөлдөж, шилдгээ шалгаруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)