Архагууд “айлын” тойрог тойглоно

Сүүлийн хэдэн сарын турш улстөрчид, шийдвэр гаргагчид бидэнд юу, эсийг үзүүлэв. Болохгүйг нь мэдсээр байж сонгуулийн тогтолцоог үгсэн өөрчилж, дараа нь тойрог, мандатын тоогоор тоглох хуйвалдаанд толгой илүү эрх мэдэлтэй нь даам гарав. Энэ хооронд улстөрч нэртнүүдийн эргэж буцсан, барьцгүй зан сэдрэв. “Сүхбаатар аймагт дахин нэр дэвшихгүй, дуран авайтай нөхөрлөж, бие даасан уран бүтээлийн ажилдаа хэдийнэ орсон” хэмээн улс төрийг орхисноо хэдэн зуун хүний өмнө зарласан гишүүн, сайд М.Зоригт ердөө дараахан нь Дорнодод хүч үзнэ гэчихсэн явсан бол тойргийн тоог ид тохиролцох үеэр мань эр Ж.Батсуурьтайгаа хамт Сүхбаатарт нэр дэвшинэ гэж хэлсэн сурагтай.

Монголын улс төрд ийм ойворгон үйлдэл үүгээр дуусахгүй нь гунигтай. Мажоритар 48 ба пропорциональ 28 гэсэн холимог хувилбараас жижигсгэсэн мажоритар 76 тойрог, тэдгээрийн мандатыг эцэслэн тогтоох хүртэл манай намууд дотроо ч, гаднаа ч бишгүй бужигналаа. Одоо УИХ-ын сонгуулийн тойргуудыг байгуулж, тэдгээрийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг нь нэгэнт тогтоосон тул нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Хуульд зааснаар энэ сарын 23-наас нам, эвслүүдийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлж, тав хоног үргэлжлэх бөгөөд 30-ны дотор нэр дэвшигчдийнхээ холбогдох бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай. Үүний дагуу намуудын шийдвэр гаргах дээд байгууллагууд энэ амралтын өдрүүд, эсвэл ирэх долоо хоногийн эхээр хуралдахаар буй.

...Хэдийгээр өмнөх сонгуульд өвдөг шороодсон ч гэлээ нэр дэвшин, сурталчилгаа хийчихсэн байна гэдэг бас л давуу тал. Энэ ч үүднээс ялсан, ялагдсан гэлтгүй өмнө хүч үзсэн тойрогтоо учраа таарах нэр дэвшигчид цөөнгүй. Тухайлбал, мандат нэмэгдсэнийг эс тооцвол Архангай, Баянхонгор, Төв, Ховд, Хэнтийн тойрогт нэр дэвшигчид АН, МАН-ын аль аль нь өөрчлөгдөхөөргүй байна. Монголын хамгийн нөлөө бүхий гэгддэг хоёр нам ийнхүү хуучин хүмүүсээ илүүд үзэж байхад боловсон хүчний нөөц муутай бусад нам мөн өмнөх хүмүүсээ тордож, сойх биз ээ. Энэ нь эмэгтэйчүүд, залуучуудад ч хамаатай юм...

Ер нь бол нэр дэвшүүлэх албан бус ажиллагаа хэдийнэ эхэлж, нэр дэвшигчдийн “хар зураг” гарчихсан. Энэ жилийн сонгуулийн тогтолцоо олонд нэгэнт танигдсан хүмүүст ээлтэй, сурталчилгааны хугацаа богиныг ч хэлэх үү, лав л АН, МАН-ын аль алинаас нь нэр дэвших магадлал өндөртэй эрхмүүдийн нэрс өмнөх сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийнхтэй олон талаар давхцаж байна. Намууд өмнөх сонгуулиар ялалт байгуулж, гишүүн болсон хүмүүстээ итгэл хүлээлгэж, дахин нэр дэвшүүлэх зарчим баримтлах нь зүйн хэрэг. Өнгөрөгч сонгуулиар гэхэд л нийт 65 гишүүн нэр дэвшсэн байдаг. Энэ жишиг ч 2016 оны ээлжит сонгуульд хадгалагдах нь. АН, МАН-ын аль алинаас нь нэр дэвших магадлал өндөртэй эрхмүүдийн дор хаяж тал нь одоогийн УИХ-ын гишүүд байх төлөвтэй. Ингэхээр нас өндөр болсон Д.Дэмбэрэл гишүүнийг эс тооцвол энэ парламентад бүлэгтэй бүх гишүүн ирэх сонгуульд хүч үзэх бололтой. Ингэвэл хориг, хязгаар ихтэй энэ удаагийн сонгуулиар гишүүнийхээ нэрээр дулдуйдан ядаж л ганц сэтгүүл, зурагт хуудас илүү тараах эрхтэй болох талаар тэд шивэр авир хийж байна. Улмаар өмнөх сонгуулиар ялалт байгуулсан эрхмүүд амтшиж, ялагдсан нь даага нэхэх дүр зураг давамгайлж байна. Дашрамд дурдахад, Д.Дэмбэрэл гуайг нэр дэвших магадлалтай хүмүүсийн жагсаалтаас хараахан бүр хасчихаагүй юм билээ. Ховдын гурван мандатад баараггүй ялалт авчрах хүн АН, МАН-ын аль алинд нь ховор буй юм гэсэн.

Хэдийгээр өмнөх сонгуульд өвдөг шороодсон ч гэлээ нэр дэвшин, сурталчилгаа хийчихсэн байна гэдэг бас л давуу тал. Энэ ч үүднээс ялсан, ялагдсан гэлтгүй өмнө хүч үзсэн тойрогтоо учраа таарах нэр дэвшигчид цөөнгүй. Тухайлбал, мандат нэмэгдсэнийг эс тооцвол Архангай, Баянхонгор, Төв, Ховд, Хэнтийн тойрогт нэр дэвшигчид АН, МАН-ын аль аль нь өөрчлөгдөхөөргүй байна.

Аймгуудын хувьд Булган, Говь-Алтай, Дорноговь , Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатарын мандатыг хэвээр хадгалж, бусдынх нь мандатын тоог тус бүр нэгээр нэмсэн. Гэхдээ “улаан” тойрог гэгддэг Булганд нэр дэвшихээр UFC-гийн гэх тодотголтой О.Амартүвшин хэдхэн хоногийн өмнө АН-д элссэн бол Дундговьд Б.Наранхүү гишүүнтэй МАН-аас хоёронтоо тулах өндөр магадлалтай Б.Амарсанаа (НАМОХ-ны ерөнхийлөгч асан)-д намаас нь “өрсөлдөгч” бий аж. Тэр нь Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав бөгөөд тэд түнжин муутай, нэг бус удаа гар зөрүүлж явсан гэдэг. С.Буджав, Б.Амарсанаа нарын хэнийг нь нэр дэвшүүлэх нь тодорхойгүй буй аж. Завханы архаг гишүүн Д.Оюунхорол Баянзүрхэд ирж, оронд нь Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу, “Завхан хүнс”-ийн Б.Энхболд нар очих нь тодорхой болжээ. Ер нь нэг тойргийг өмчилж, эзэн суусан аятай олон удаа сонгогдсон цөөнгүй эрхэм буурь сэлгэх бололтой. Тухайлбал, “Бридж”-ийн, бас Баянзүрхийн гэгддэг Д.Ганхуяг Архангай, Өвөрхангайгаас таван удаа сонгогдсон Д.Лүндээжанцан Баянгол дүүрэг, АН-даа “Өвөрхангайн хоёр” гэгддэг Г.Батхүү, Д.Зоригт нар Баянзүрх болон Хан-Уул, Багахангай, Увсын Ц.Нямдорж Хан-Уул, Багахангайд “тулалдах” нь. Нутаг орондоо “баастай бурхан” гэгдэн хүндлэгддэг зарим улстөрч ийн төв бараадсан нь учиртай байлгүй. Ялангуяа нийслэлээс мандат алдчих гээд байдаг МАН-ынхан энэ удаа хотод хүч хаяж, туршлагатай, тулхтай улстөрчдөө ийн томилон илгээж буй хэрэг гэсэн шүү.

Нийслэл гэснээс жижигсгэсэн 76 мажоритар тойргоор явуулсан өмнөх сонгуулиудтай харьцуулбал энэ жил Улаанбаатарт хуваарилсан мандатын тоо нэмэгдсэн. 1996-2004 оны гурван удаагийн сонгууль аймгуудад 56, Улаанбаатарт 20 мандаттай байсан бол энэ жилийнх орон нутагт 48, нийслэлд 28 болсон. Нөгөө талаас нийслэлийн ИТХ-ын сонгууль УИХ-ынхтай хамт болно. Эндээс мөн жижигсгэсэн 45 тойргоос төлөөлөгч сонгоно. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэнээс хэдэн хороо илүү хамруулсан УИХ-ын сонгуулийн тойрогт хүч үзэх хүсэл сонирхол аль аль намынхнаас ажиглагдаж байна. Тухайлбал, өдгөө нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч МАН-ын Б.Төмөрчулуун, Б.Саранчимэг, Б.Энх-Амгалан, Б.Баярмагнай, Г.Ганбаяр, АН-аас Т.Болдбаатар, А.Гантулга нар УИХ-ын сонгуульд нэр дэвших сурагтай. Гэхдээ АН-ынхан нийслэлийн ИТХ-ын сонгуульд бараг зуун хувь өмнөх бүрэлдэхүүнээрээ орох бодлого баримталж буйгаа зарласан бөгөөд МАН-ынхан нийслэлээс УИХ руу илгээхээр бэлдсэн нөхдүүдэд нэлээд өндөр шалгуур тавьсан сурагтай.

Жижигсгэсэн тойрогт богино хугацаанд сурталчилгаа хийх нь олонд танигдсан хүмүүст давуу талтайн зэрэгцээ мөнгөний сонгууль болгох сул талтай гэж шүүмжилдэг нь үнэний ортой. Монголын улс төрд үзэгдэл болтлоо суурьшиж буй бизнесмэн, компанийн захирлууд нэр дэвшихийг энэ удаагийн сонгуулиас ч ажиглаж болохоор байна. Энэ “төрлийн” нэр дэвшигчид шинээр бий болж буй тойргуудад намуудаас хуваарилагдах магадлал өндөр. Гэхдээ тэд улс төр, сонгуульд л шинэ болохоос бизнес, үйл хэргээрээ хэдийнэ танигдаж, компаниараа овоглох хэмжээнд хүрсэн байх нь олонтаа. Тухайлбал, энэ жил “Эм Си Эс”-ийн Л.Элдэв-Очир, “Мистер пицца”-ны Ч.Даваабаяр, “Шим” группийн Л.Цандэлэг, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн байсан Г.Тэмүүлэн зэрэг шинэ хүмүүс хүч үзэхээр хэдэн жилийн өмнөөс тойрог юугаа тордоод эхэлчихсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)