Армандо Торрес: Ил уурхайг багадаа 20 жил ашиглана

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар өнгөрсөн долоо хоногт томилогдсон Армандо Торрес уржигдар зарим сэтгүүлчтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулсан юм. Энэ үеэр өрнөсөн яриаг тоймлон хүргэж байна. 

-Гүний уурхайн ажлын явц хэр байгаа вэ?

-Ажил төлөвлөснөөс түрүүлж яваа. Гүний уурхайн анхны хүдрийг 2020 онд гаргах төлөвлөгөө бий. Ма­най хамт олон уг зорилтдоо хүрэхээр хичээн ажиллаж байна.

-Тэнд хэдэн монгол хүн ажиллаж байна вэ?

-Оюутолгойн ордыг бид олон ар­ван жил ашиглахыг зорьж буй тул дотоодоос хүний нөөцөө бүрдүүлэ­хийг хичээдэг. Уурхайн нийт ажил­лагсдын 96 хувийг монгол хүмүүс бүрдүүлж байгаа. Харин гүний уур­хайд 3500 орчим хүн ажиллаж буйн 87 хувь нь монголчууд. Уурхайн үйл ажиллагааг үр ашигтай, тогтвортой үргэлжлүүлэхийн тулд үндэсний боловсон хүчнийг сурган, дадлага­жуулах чиглэлээр ихээхэн хөрөнгө, хүч гаргаж ажиллах болно. “Оюутол­гой”-н монгол ажилчид өндөр боловс­рол, мэдлэгтэй байгаа нь бахархмаар. Энэ хамт олныг удирдан, “Оюу­толгой”-г цаашид дэлхийн зэсийн зах зээлийн томоохон тоглогчдын нэг болгож чадна хэмээн итгэж байна. Одоогийн ашиглаж байгаа ил уурхай нь зэс, алтны агуулга багатай. Энэ нь орлогод нөлөөлөх учир 2017, 2018 онд томоохон сорилт биднийг хүлээж буй юм. Тиймээс компанийн санхүүгийн чадавхыг илүү сайжруулна. Үүнээс гадна “Оюутолгой” компани орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд дэд бүтцийн хэд хэдэн төслийн ажил гараас гарлаа. Өөрөөр хэлбэл, бид орон нутгийн хөгжилд боломжийн хэрээр хувь нэмрээ оруулж байна. 

-Өмнө нь та “Рио тинто” компанийн хөнгөн цагааны группийн захирлаар ажиллаж байсан гэсэн. “Рио тинто”-гийн бизнесийн хэчнээн хувийг хөнгөн цагааны салбар эзэлж байна вэ?

-Хөнгөн цагаан нь “Рио тинто”-гийн хувьд төмрийн хүдрийн дараа орох хоёр дахь том бизнесийн салбар нь юм. Миний хувьд уурхай, боловс­руулах үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байсан. Хөнгөн цагаанаас төмрийн хүдрийн групп рүү шилжсэ­нээр ажлын чиглэл өөрчлөгдөхгүй. 

-Энэ онд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

-Гүний уурхайн төслийн нийт зардал нь 5.3 тэрбум ам.доллар бай­гаа. Үүнд хөрөнгө оруулалт болон урсгал зардал багтана. Энэ оны зардал 800-900 сая ам.долларт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. 2020 он хүртэл жилд дунджаар нэг тэр­бум орчим ам.доллар зарцуулах юм. Ингэхдээ бараа, бүтээгдэхүүнээ до­тоодын ханган нийлүүлэгчдээс авах бодлого баримталж байгаа. Тухайл­бал, дотоод, гадаадын компаниуд хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, гүний уурхайн ажилд оролцож байна. Мөн цементээ зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдээс авдаг. “Оюутолгой” компани энэ онд борлуулалтын орло­гоосоо давсан хөрөнгийг гүний уур­хайд оруулна.

-“Оюутолгой” зэрэг томоохон төслийн хөрөнгийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулах тухай УИХ-ын тогтоол гарсан. Ингэснээр том төслүүдийн орлогын 20-30 хувь нь Монголд үлдэх боломжтой хэмээн УИХ-ын зарим гишүүн ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Энэ бол Монгол Улсын Их хурал, Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд хамаарах зүйл учир үүнд хариулт өгөх боломжгүй байна. Мөн үүнтэй холбоотой тооцоог нь олж үзээгүй. Харин өнгөрсөн онд Монгол Улсад оруулсан хөрөнгө нь компанийн ор­логын 66 хувьтай тэнцэж байгаа. Энэ онд 110 хувьд хүрч өсөж буй юм. Төслийн бүтээн байгуулалтын ажил үүнд эергээр нөлөөлж буй. 

-“Рио тинто” компани зээлжих зэрэглэл өндөр банкуудтай хамтран ажилладаг. “Оюутолгой”-н хувьд ямар шаардлага хангасан дотоодын банктай хамтран ажиллах боломжтой вэ?

-“Оюутолгой” компани одоо ч Монголын арилжааны банкуудтай хамтран ажиллаж байгаа. Энэ онд борлуулалтын орлогоосоо давсан хэмжээний хөрөнгийг Монголын банкаар дамжуулан оруулж ирэхээр төлөвлөсөн. Ер нь санхүүгийн эх үүсвэр, хүчин чадлыг нь ялгаж, сал­гах хэрэгтэй. Дотоодын банкууд алсдаа ийм томоохон төслийг сан­хүүжүүлэх хэмжээний хөрөнгийг гаргах түвшинд хүрнэ байх. Тэд одоо­гоор моргэйжийн зээл олгож байна. Тэгэхээр бизнесийн хэрэгцээ шаард­лага, зорилго, зорилтыг ялгах хэрэг­ тэй. 

-Баяжмал дахь зэсийн агууламж багасаж байна. Үүнийг дагаад орлогын татвар буурах үү. Нөгөө талаас хөрөнгө оруулалт өсөж буй учир импортын татвар нэмэгдэж байгаа юу. Татвартай холбоотой мэдээлэл өгөхгүй юү?

-Манай компани 2016 онд 210 сая ам.долларын татвар төлсөн. Энэ онд эрдсийн агуулгатай холбоотойгоор роялтийн хэмжээ багасах төлөв бий. Гэхдээ “Оюутолгой” төслийн Монго­лын эдийн засагт үзүүлж байгаа эерэг нөлөө буурахгүй. “Оюутолгой” компани хамгийн том татвар төлөгч хэвээрээ байх болно. Манай компани 2010-2016 онд татвар, худалдан авалт, нийгмийн даатгал, цалин хэлбэрээр Монголын эдийн засагт зургаан тэр­ бум ам.доллар оруулсан байна. Энэ хэмжээ цаашид өснө. 

-Гүний уурхайд 3500 монгол хүн ажиллаж байгаа гэсэн. Энэ тоо цаашид өсөх боломж бий юү?

-Одоогоор энэ төсөлд 11 орчим мянган хүн ажиллаж байна. Үржүүлэх нөлөөгөөр нь тооцвол багадаа 35 мян­ган хүнийг шууд болон шууд бус хэл­бэрээр ажлын байраар хангасан. 

-Оюутолгойн ил уурхайг олон жил ашиглах боломжгүй байх. Ил уурхай хаагдсаны дараа ажиллах хүчний бүтцэд ямар өөрчлөлт орох бол. Ажиллах хүчнийг далд уурхай руу шингээх төлөвлөгөө бий юү?

-Бид ажиллах хүчний урт хугацаа­ны төлөвлөгөө гаргаж, түүнийгээ байнга эргэн харж, шинэчилж байгаа. Ил уурхайг ойрын 20 жил ашиглана гэсэн төлөвлөгөө бий. Харин гүний уурхай ашиглалтад орсны дараа ил уурхайн хүчин чадлыг бууруулах байх. Мөн ил болон далд уурхайн хүдрийг хольж баяжуулна. Ямартай ч үүнийг ойрын 20 жилд ашиглана. Мөн дэлхий даяар хэрэгжиж байгаа зэсийн бусад төслөөс хамгийн бага зардлаар зорилт бидэнд бий. Энэ хүрээнд олон арга хэмжээ авч ажиллана. 

-Ил уурхайн зардал төлөвлөсөн хэмжээнээс давсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл зардлаа танах чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Бид зэсийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудтай өөрсдийгөө харьцуу­лан харж байгаа. Тэднээс ямар үзүү­лэлтээр хоцорч байна вэ гэдгээ эхний ээлжинд тогтоох хэрэгтэй. Үүний дараа дутуугаа нөхөх чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ажиллагсадтайгаа ярилцаж, шийдэл олохыг хичээнэ. Тухайлбал, үйл ажиллагаа, үр ашиг, арилжааны хэлц­лүүдээ илүү сайжруулах, зардлаа та­нах, оновчтой болгох зэрэг ажлыг хийж байна. Нөгөө талаас компанийн хөрөнгөтэй өөрийн юм шиг, эзний сэтгэлээр хандаж байна уу гэдгийг чухалчилдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)