Ариутгалын төвлөрсөн тасгийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэв

ЭМЯ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 5” төслийн хүрээнд улсын эмнэлгүүдийн Нян судлалын лаборатори, Ариутгалын нэгдсэн тасгуудыг бүрэн засварлаж, тоног төхөөрөмжүүдийг нь шинэчилж буй. Ингэснээр эмнэлгийн дотоод халдвараас урьдчилан сэргийлж, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Хавдар судлалын үндэсний төвийн Ариутгалын төвлөрсөн тасгийг өнгөрсөн сард шинэчилж, олон улсын жишигт нийцүүлсэн. Тэгвэл энэ удаад ГССҮТ-ийнхийг бүрэн засварлаж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр хангалаа. Азийн хөгжлийн банкнаас 14 нэр, төрлийн тоног төхөөрөмжид 800 гаруй, барилгын их засварт 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулсан байна.

ГССҮТ-ийнхөн өмнө нь эмнэлгийн багаж, хэрэгслүүдээ ариутгахдаа гар удирдлагатай төхөөрөмж ашигладаг байсан бол өдгөө бүгдийг нь бүрэн автомат болгожээ. Тэр дундаа дурангийн мэс засалд шаардлагатай багажуудыг хувийн эмнэлэгт ариутгуулдаг байсан гэнэ. Одоо бол Ариутгалын төвлөрсөн тасгийнх нь хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тэр хэрээр хагалгааны тоогоо ч олшруулах боломж бүрджээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн байгууллагуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийн чанарыг сайжруулах, тоног төхөөрөмжүүдийг нь үе шаттай шинэчлэх, хүний нөөц нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхийн тулд Азийн хөгжлийн банкныхантай дээрх төслийг хамтран хэрэгжүүлэн, тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, багаж, хэрэгслийн ариутгалыг өндөр түвшинд хийж, эмнэлэгт халдвар гарахаас сэргийлж байна. Цаашид Архангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгалын төвлөрсөн тасгийг иж бүрэн засаж, шинэчлэхээр болсон” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)