Ард түмний дунд домог мэт дуулагдсан Н.Халзай гуайн зохиосон "Бүүвэйн дуу" 65 нас хүрлээ

Монгол эхчүүд хүүхдээ нялх ахуйд дуугаар дамжуулан хорвоо дэлхийн юмс үзэгдлийн талаарх анхны мэдэгдэхүүн өгөх,хүмүүжлийн зөв төлөвшил олгох, хайр халамжаа мэдрүүлэх зорилгоор нутаг орныхоо зан заншил,онцлогт тохирсон бүүвэйн дуунуудыг зохион  үе уламжлуулан үр хүүхдээ бүүвэйн дуугаар уяраадаг байсан сайхан уламжлалтай билээ.Бүүвэйн дуу сонсож өссөн хүүхдүүд хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй,шударга тусч хүмүүн болж төлөвшдөг гэлцдэг.

1950 оны эхээр монголын дууны урын санд хуучны ардын дууны ая дан, хэмнэлийг агуулсан нэгэн сайхан дуу хүч түрэн орж ирсэн нь эдүгээ хүртэл ард түмний дунд ам дамжин дуулагдаж хүүхдээ хүмүүжүүлж буй "Бүүвэйн дуу" юм.

Ховд аймгийн харъяат Н.Халзай гуай 1950 оны энэ өдөр  үг аяыг зохиосон бөгөөд Ховд аймагт 1951  оны Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярын тоглолтонд Баруун монгол ардын дуу гэж тэмдэглүүлэн  дуулж олны хүртээл болгосон нь дүрс бичлэгт хадгалагдан үлджээ.

Н.Халзайдаа гуай өдгөө 86 насыг зооглож буй бөгөөд үр хүүхэд ая зээ нараа тойруулан энх тунх аж төрж байна.

Энэхүү дуунд бүүвэйлэгдэж өссөн энэ цагт салбартаа манлайлж түүчээлж яваа Монгол костьюмс төвийн захирал Б.Сувд,Сэмүүн студийн захирал Б.Баяр нар түүний хүүхдүүд юм .Мөн бусад үр хүүхэд ач зээ нар нь ч гэсэн зөв хүмүүжилтэй хамт олондоо тусархуу, тэргүүний манлайлагч хүмүүс байдаг талаар хамт ажилладаг хамт олноос олонтаа сонсож бахархаж явлаа.

MGL радиогийн мэдээний албаны дарга Юрагийн Шүрэнцэцэгийн 2014 онд Н.Халзай гуайтай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

ҮР БИДЭН ХОЁРЫН НАНДИН ХЭЛХЭЭС БҮҮВЭЙН ДУУ

Өнөөдөр миний газар дээрх ганц нарын төрсөн өдөр. Ээж охин хоёр хэвлийд бүрэлдсэн нэг он, нар тойрсон дөрвөн жилтэйгээ нийлээд таван намрын цэцэг хагдарч, таван хаврын яргуй дэлгэрэхийг хамт үзэхдээ амандаа аялаж, сэтгэлдээ эгшиглүүлэн, зүрхээ амирлуулж хэн хэндээ сонсгодог байсан нэгэн дуугаа та бүхэнд танилцуулах гэсэн юм.

Үр бид хоёртой үргэлж хамт байсан энэ дуу бол үе үеийн ээж нарын үрээ бүүвэйлж өсгөсөн үлэмж буян хураасан сүүн замтай дуу.

“Учрал тохиол бүрийг би санамсаргүй” гэж огт төсөөлж чаддаггүйгээ онцгойлон дуулгая. Өсөхөөсөө өдий нас хүртлээ энэхүү “Бүүвэйн дуу”-ны эзэнтэй учран золгох ерөөлтэйгөө зүүдлээ нь үгүй явлаа.

Энэ буурай бол миний хүндэт найзын хөгшин ээж нь /эмээ/ билээ. Бидний ерөөлийг тэгшлэн өндөр настай эмээтэйгээ өөдөсхөн охин, өчүүхэн намайг золгуулсан А.Түвшин найздаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!

Зохиогч Нумандоржийн Халзаа

БҮҮВЭЙН ДУУ

Галуу шувууны дэгдээхэй шиг ээ
Гаднаас ээжийгээ дуудаад байна аа

Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй

Ангир шувууны дэгдээхэй шиг ээ
Алсаас ээжийгээ дуудаад л байна аа

Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй

Хараацай шувууны дэгдээхэй шиг ээ
Харцаараа ээжийгээ дуудаад л байна аа

Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй

Өдгөө 80 давсан настай энэ эмээ тэртээ нэгэн жарны өмнө энэхүү алдарт дууг зохион анх нийтийн хүртээл болгосон нь 1951 онд хийгдсэн “БНМАУ-ын 30 жилийн ой”-н анхны өнгөт баримтат кино хальснаа түүх болон бичигдэж үлджээ.

Харин цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр аливаа бүтээлийн зохиосон эзэд нь амьд сэрүүн ч алдаршсан бүтээлийг нь эзэнгүйдүүлэх, өөр нэрээр овоглох зэргээр буруу ташаа мэдээллүүд дамжсаар түүх хуудуутай бичигддэгийн жишээ энэ цаг үед Бүүвэйн дуунд тохиосныг анзаарсан.

Ингээд Н.Халзай эмээгээ та бүхэнд танилцуулая.

Эхээс мэндлэхэд нь оноосон нэр нь Сэмүүн. Харин хөгшин ээж нь Халзаа хэмээн өхөөрдөн дуудсаар энэ нэр нь өдгөө түүний дуурсагдах алдар нь болон үлдсэн байна. 1930 онд Ховд аймгийн Манхан суманд найман хүүхэдтэй айлын охин болон мэндэлжээ.

1940 онд бага сургуульд орж анх уйгаржин монгол бичиг үзэж эхэлсэн ч хоёр жилийн дараа бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орж одоогийн крил цагаан толгойг заах болсон...

Бидний яриа хэрхэн өрнөснийг тухлан уншаарай!

-Та бидний үеийнхэнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Би Ховд аймгийн манхан суманд 1930 онд төрсөн. Манай аавыг Нумандорж гэдэг, нутаг усандаа алдартай хуурч хүн байлаа. Бид эцэг эхээс наймуулаа. Би 10 насандаа бага сургуульд орсон. Зургаадугаар ангид байхад аавын минь бие муудан, аавыгаа асрахаар сургуулиасаа гарч билээ. Тэр үед миний дээд талын ах эгч нар бүгд тусдаа гарсан, дүү нар сургууль сурч байсан юм.

-Таныг хүүхэд байхдаа насанд хүрэгчдэд хичээл заадаг, бичиг үсгийн багш байсан гэх юм.

-Тийм ээ. Аавын маань бие мууддаг тэр жил дүү нар хичээлтэй тул манайх Манханы төвд өвөлжсөн. Би гэр зууртаа 2-3 сар болж байтал нэг өдөр сумын намын үүрийн дарга дуудаж уулзаад, намайг сумын Бичиг үсгийн багш болгох талаар анх хэлсэн.

-Тэр үеийн нийгэм, цаг үеийн байдлыг эргээд дурсахгүй юу?

-Эргээд бодоход маш чухал цаг үе байжээ. 1950-иад оны үед Намын Төв хороо, ЗГ-ын тогтоол гарч, Монгол улс НҮБ-ын гишүүн орон болохын тулд насанд хүрсэн бүх хүнээ бичигтэн болгох зорилго тавьсан байсан. Ингээд улсын хэмжээнд сум, баггүй газар бүрт насанд хүрэгчдийг бичиг үсэгт сургах компанит ажил өрнөсөн. Түүнд би хувь нэмэрээ оруулах ерөөл тохиож дээ.

-16 настай хүүхэд томчуудад хичээл заахад бэрхшээлтэй байсан уу?

-Миний шавь нар 20-иос 45 насны хүмүүс байсан. Тэр үед ганц би ч багшлаагүй, надаас гадна гурван багш байлаа. Монгол гэрт хичээлээ заадаг. Бичигтэн болох хүмүүс маань өглөө 9-10 цагийн үед цуглана. Бидэнд цаг гэж байхгүй. Нараар цагаа баримжаалан увуу цувуу цуглана. Гэхдээ хичээлээ таслаж, илт хоцорч алга болдог хүн байгаагүй. Эртхэн номоо үзэж, тайлагдаж аваад арын ажлаа бодно. Хичээлийн дундуур эрчүүдээс зарим нэг нь “Багшаа би гарч тамхи татаад ирье” гэх юм уу, эвсэл хөдөө гэртэй нь “Миний толгой өвдөөд байна, айл руу явж цай уугаад ирье” гэх зэрэг нь төвөгтэй байсан.

-Таныг яагаад бичиг үсгийн багшаар сонгосон юм бол?

-Өмнө нь би таваас 6-р ангид орох зунаа хэсэг хугацаанд сүүн тасагт очиж томчуудад бичиг үсэг зааж байсан. Тухайн үед “Сүүн тасаг” гэдэг нь хөдөөгийнхний цуглаж төвлөрдөг гол газар. Нам төрийн бодлогоор олон нийтэд хандсан арга хэмжээ, хурал зөвлөгөөн, ухуулах сурталчилах, сурган таниулах арга хэмжээ тэнд л явагддаг байлаа. Тиймээс өмнө нь хүмүүст ном зааж байсан туршлагатай гэж үзэж л сонгосон юм болов уу даа.

-Хэр удаан багшилсан бэ? Дараа нь ямар ямар ажлууд хийж байв.

-1950 он хүртэл хоёр жил багшилсан. Тэр хооронд 18 нас хүрээд сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар /орон тооны бус/ сонгогдсон юм. Бичиг үсгийн багшийн ажил маань орон тооных, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга олон нийтийн сонгуульт ажил байлаа.

-Тэр үеийн хөдөлмөрийн хөлс хэр байсан бол?

-Бичиг үсгийн багшийн цалин 80 төгрөг байсан. Аавыгаа хэвтэж байхад анхны цалингаа аваачиж өгөхөд ээж маань хажуугаас “Чи наад муу хүүхэндээ ядаж 10-н төгрөгийг нь өгчихөөч” гэж байсан нь санаанаас гардаггүй юм. Би тэр үед найман ширхэг улаан аравт авч харьснаас аав нэгийг нь надад эргүүлж өгч байсныг сайн санаж байна. Анхны юм болгон санаанд тод үлдэх юм аа.

-Цалингийнхаа дээжээр та юу авч байв даа?

-Нэг их юм авч гийгүүлээгүй байх аа. Тэр үед одоогийнх шиг олигтой чихэр ч байгаагүй. Оросын домбон сахар л байсан. 1945-1948 оны дайны жилүүд айхтар хүнд үе байсан даа. Харин Монголын цагаан сараар манай аав ах бид хоёрт цэнхэр, шар өнгөтэй гурав, гурван метр дурдан бүс авчирж өгсөн. Охиныхоо анхны цалингаас авсан юм шүү гээд “Чи алийг нь авах уу?” гэж асуухад нь би “Шарыг нь авдаг юм уу” гэтэл ах “Би шарыг нь авна” гээд цэнхэр дурдан нь надад ноогдож билээ. Би тэгж л анх дурдан бүсээр гангарч үзсэн дээ.

-Цэнхэр дурдан бүсээ ямар өнгийн дээлэн дээр бүслэж байсан бол?

-Би тэр үед ногоон дээл өмсдөг байсан. Түүн дээрээ л бүсэлсэн дээ.

-Ховд хотын даргаар хэзээ томилогдсон юм бэ?

-Бичиг үсгийн багш хийж байхдаа сумын орлогч дарга болсон. Тэр үед сумын дарга Даш гэдэг хүн байлаа. Харин хоёр жилийн дараа 1952 онд Лувсан /Хөдөлмөрийн баатар/ гэж шинэ дарга томилогдож ирээд ажлаа авангуутаа нэгдлийн дарга нарын курст явах болжээ. Аймгийн намын хороон захиргаанаас “Манхан сумын орлогч дарга Халзаад сумын даргын үүрэгт ажлыг хавсруулсугай” гэсэн шийдвэр гаргасан байдаг. Ингээд би хэсэг хугацаанд хоёр даргын ажил хавсарч хийсэн юм. Зургаан сарын хугацаатай курст явсан Лувсан дарга маань бараг 7-8 сарын дараа ирж ажилдаа орсон. Лувсан даргыг ажилдаа оронгуут намайг аймгаас дуудаж, Ховд хотын дарга болгосон доо.

-Та шүлэг зохиол оролддог, чамгүй авъяастай хүн ажээ. Одоо хоёулаа “Бүүвэйн дуу”, “Жинсийн гурван салаа” зэрэг дууг хэрхэн зохиосон тухай ярилцая.

-Уг нь би Бүүвэйн дуунаас өмнө “Жинстийн гурван салаа” дуугаа зохиосон юм. Миний нутагт Жинст гэж том нуруу байдаг. Би Жинстийн хөх хад гэдэг газар төрсөн хүн л дээ. Бичиг үсгийн багш хийж байхдаа хөдөөгийн айлуудаар явж гэрээр нь бичиг ном заадаг байлаа. Ингэж явахдаа 18 настайдаа өндөр уулын орой дээрээс нутгаа харж бишрээд гурван бадаг шүлэг бичсэн. Тэр том нуруу маань Жинст, Сүүж, /сүж гэдэг нь өвс ургамал нь их шим тэжээлтэй гэсэн утгатай/ Нарт гэсэн гурван сайхан салаатай. Салаа бүрийг нь харж байгаад санаанд бууснаа бичсэн дээ.

-Шүлэг нь ингэж төржээ. Ая, аялгуу зохиох амар ажил биш байх?

-Манай аав мундаг хуурч хүн байсан. Харин би хуур тоглож чадахгүй ч мондалин хөгжмөөр ойр зуурын ая тоглодог байлаа. Аав минь одоогоор бол хуур хөгжмөөр симфони тоглодог байж дээ. “Дөрвөн өөлдийн уриа” гэж манай нутгийн алдартай бүтээл байдаг. Аав түүнийг мөн ч сайхан хуурддагсан. Хожмоо хөгжим судлаачид тэр бүтээлийг симфони гэж тодорхойлсон байна лээ. “Жинстийн гурван салаа” дууны маань ая тухайн үед нутаг усанд сонсогддог байсан чихэнд хоногшсон аялгуунуудаас хэсэгчлэн санаа авч шүлгэндээ тааруулаад л бүтээсэн. Түүнээс би хөгжмийн мэргэжлийн боловсролтой хүн биш, нот ч мэдэхгүй шүү дээ. Энэ дууг маань сүүлийн үед Баруун монгол ардын дуу гээд л зурагтаар зарлаж байдаг. Уг нь зохиогч нь энд сууж л байгаа юм.

-“Бүүвэйн дуу” охин бид хоёрын амьдралд маш том үүрэгтэй. Би орой бүр үрээ энэ дуугаар бүүвэйлж унтуулдаг. Одоо охин минь эргээд надад Бүүвэй аялаж өгдөг болсон. Энэ дууныхаа түүхийг хуучилна уу?

-1950-онд сумын орлогч дарга байхдаа зохиосон. Би багаасаа дүү нараа асарч тойглож өсгөсөн болохоор бүүвэйн дууны хэмнэл, аялгуу сэтгэлд их ойр байсан. Харин тэр онд Монголын “Бүх ард түмний урлагийн үзлэг” явагдах болж удирдамж нь ирэхэд ардын язгуур урлагийн бүтээлүүд шалгаруулна гэсэн байлаа. Ингээд би Бүүвэй дууныхаа үгийг нь бичиж, аяыг нь ч өөрөө хийгээд тэр шалгаруулалтанд Бүүвэйн дуугаа ардын дуу гэж зарлуулаад дуулчихсан юм. Өдгөө энэ дууг маань сурах бичигт Баруун монгол ардын дуу, Баяд ардын дуу гэж хоёр өөрөөр бичсэн байна лээ.

-Тэгэхээр та энэ дууг наадамд зориулж зохиожээ?

-Тийм ээ. Энэ дуугаараа Монголын бүх ард түмний урлагийн үзлэгээс шалгарч Дэлхийн залуучууд оюунуудын 3-р фестивальд оролцохоор болсон ч тухайн үед будлиан ороод явж чадаагүй юм.

-Анх энэ дууг сонсоод ээж аав тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Би Бүүвэйн дуугаа зохиохдоо ээжийгээ, дүү нараа их бодсон. Яагаад гэвэл манай ах эгч нар багад маань гадаах ажилаа сайн амжуулдаг. Харин би дүү нараа хардаг хүүхэд байлаа. Тэднийгээ унтуулахын тулд өөрийн эрхгүй ээжийгээ дууриагаад бүүвэйн дуу аялана биз дээ. Хүүхэд бүүвэйлэхэд их сайхан уянгатай дуу л хэрэгтэй гэдгийг багаасаа мэддэг байсан. Малыг хүртэл сөөглөж, тойглож аялгуулсаар байгаад уяраадаг шүү дээ. Ардын маань сайхан заншлаас л энэ дуу төрсөн дөө. Манай нутаг ч уртын сайхан дууртай, сайхан аялгуутай нутаг даа. Энэ мэт амьдрал, аж ахуйгаас урган гарсан аялгуу эгшиг чихэнд хоногшиж явсан нь миний Бүүвэйн дууг бүтэхийн суурь байсан болов уу. Бүүвэй дуугаа зохиогоод аавдаа сонсгоход “Аав нь энэ дууг нь хуурдах гээд ч гар эвлэхгүй болжээ” гэж билээ. /Тэр үед аавын бие муу байсан/ Жинстийн гурван салаа, Бүүвэйн дууг маань сонсоод аав минь их сайхан дуу болжээ гэж байсан даа. Харин Бүүвэйн дууг маань ээж минь их уярч сонссон. “Ямар сайхан үгтэй юм бэ?” гээд уйлж байсан санагддаг.

ЖИНСТИЙН ГУРВАН САЛАА

Жинстийн гурван салаа нь
Жилингээр шуураад байнаа /Хүйтэн салхи гэсэн утгатай/
Жижиг цагаан хониноос
Тоос нь гараад байна аа

Сүүжийн гурван салаанд 
Сүүдэр буугаад байна
Сүрэг цагаан хониноос
Тоос нь буугаад байна аа

Нартын гурван салаанд
Наран тусаад байна
Нарлагар цагаан хониноос 
Тоосон гараад байна аа

Ярилцсанд баярлалаа. 
Сэтгүүлч Ю.Шүрэнцэцэг

Энэхүү дууны тухай урлаг судлаачдын сэтгэгдлээс дараах бичлэгээс сонирхоно уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)