Ардын урлагийн наадмыг Монголчууд өнгөлжээ

БНХАУ-ын Хөх нуур мужийн Шинин хотод энэ сарын 8-12- нд Ардын урлагийн наадам болж өндөрлөлөө. Үндэсний дуу бүжгийн чуулгын Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийнхан энэ наадамд 37 хүний бүрэлдэхүүнтэй оролцоод иржээ.

Олон улсын эл наадам хоёр жилд нэг удаа болдог чансаа өндөртэй арга хэмжээ хэдий ч уран бүтээлчдийг эрэмбэлж, шилдгүүдийг шалгаруулдаггүй онцлогтой.

Харин улс үндэстэн бүрийн өв соёлын онцлог, ардын урлагийн гайхамшгийг нэгэн тайзнаас үзэгчдэд хүргэдэг давуу талтай юм. Тэгвэл манайхан энэ удаа Гавьяат жүжигчин А.Даваахүүгийн дэглэсэн “Салхит шувуу” бүжгээр наадамд оролцож, бусад мэргэжил нэгтнүүддээ магтуулжээ.

Наадам дууссаны дараа бусад орны найруулагч, менежер, уран бүтээлчид монголчуудыг онцлон магтаж, монгол бүжгийн гайхамшгийг шагшсан байна.Түүнчлэн тус хотын өдөр тутмын сонины тэргүүн нүүрэнд манай бүжигчдийн зураг нийтлэгдэж, вэбсайтад нь ч гарчээ.

Аргентин, Фижи, Финланд, Энэтхэг, Солонгос, Кыргыз, Нидерланд, Өмнөд Африк, Америк, Хятад зэрэг 13 орны ардын урлагийн уран бүтээлчдийг нэг дор цуглуулсан эл арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын хотуудаар уран бүтээлчид аялан тоглож, ҮДБЭЧ-ын бүжигчин А.Даваахүүгийн “Шилийн богд”, Д.Баярбаатарын “Жороон жороо”, “Бие чинь болъё” бүжгээ толилуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)